Канад: Оттава хотод шөнийн соёлыг түгээнэ
Анд нөхдийн мэдээ
2023-11-22
Канадын нийслэл Оттава хот ирэх жилээс эхлэн төрийн албанд шөнийн хотын соёлын мэргэжилтнүүд ажиллуулах болсноо мэдэгдэв. Мэргэжилтнүүдийн багийн ахлагчийг “Шөнийн хотын захирагч” хэмээн нэрлэжээ. Тэдгээр мэргэжилтнүүд Оттава хотын шөнийн амьдралыг бүтээх үүрэгтэй аж. Шинэ орон тоо бий болгоход шаардагдах 160 мянган долларын зардлыг ирэх оны төсөвт тусгахаар төлөвлөжээ. Тус хотод Канадын парламентын ордон, Үндэсний галерей, Байгалийн түүхийн музей зэрэг алдартай үзмэрүүд байдаг ч үзэж сонирхон таашаал авах өөр зүйлс ховор гэсэн шүүмжлэл байдаг. Торонто, Монреаль зэрэг хотуудад шөнийн цагаар ажилладаг олон баар, ресторан, цэнгээний газрууд байдаг бол Оттава хотын ихэнх үйлчилгээний газар 23 цагт хаалгаа барьдаг байсан аж. Мөн тус хотын 1.5 сая орчим хүн амын дөрөвний нэг нь төрийн албанд ажилладаг ажээ. Дээрх төлөвлөгөөний гол зорилго бол Оттава хотыг 18 цагаас маргааш өглөөний 6 цаг хүртэл зугаатай, хөгжилтэй орчин болгох явдал юм. Улмаар шөнийн хотын аюулгүй байдлыг хангахад онцгойлон анхаарна гэдгээ хотын захиргаа мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.