images

Адольф Гитлерийн төрсөн байшинг хэрхэн ашиглах талаар маргаантай байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-20


   Австрийн засгийн газар Адольф Гитлерийн төрсөн гэр байсан байшинг цагдаагийн газрын байр болгон ашиглахаар болсон билээ. Гэвч энэ шийдвэр маргаан дагуулсаар байна. “New York Times” сонины мэдээлснээр тосгоны оршин суугчид А.Гитлерийн төрсөн газрыг түүх дурсгалын газар болгон ашиглах ёстой хэмээн дээрх шийдвэрийг эсэргүүцэж байгаа ажээ. Уг барилгыг тус улсын Засгийн газар 2017 онд 812 мянган еврогоор худалдаж аваад нураах, эсвэл музей, судалгааны хүрээлэн болгон ашиглах талаар хэдэн жил ярилцсаны эцэст 2019 онд цагдаагийн албан хаагчдын хүний эрхийн сургалтын төв болгохоо мэдэгдсэн юм. Уг төслийн барилгын ажил өнгөрсөн сард эхэлсэн боловч тосгоны оршин суугчдын дунд энэ үйлдэл нь дурсгалт газрын түүхэн ач холбогдлыг үгүйсгэсэн үйлдэл хэмээн эсэргүүцжээ. Нутгийн иргэн, түүхийн багш мэргэжилтэй Аннет Поммер "Энэ барилга чөтгөрийн байшин биш, зүгээр л хүүхэд төрсөн байшин. Иймээс хожим нь тэр хүүхэд зөв, буруу ямар үйлдэл хийсэн талаар үнэн зөвөөр тайлбарладаг газар болох ёстой” гэсэн байна. Өмнө нь уг барилгыг 1977-2011 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан халамжийн газар болгон ашиглаж байжээ. А.Гитлер 1889 онд энэ барилгын дээд давхарт түрээсийн өрөөнд төржээ. Тэднийх хэдэн жилийн дараа Герман руу нүүсэн бөгөөд тэрбээр энд удаагүй гэсэн үг. Нацистууд засгийн эрхийг авсны дараа энэ байшин нэгэн төрлийн "ариун газар" болон хувирсан юм. Сүүлийн үед энэ барилгыг үзэж сонирхох гэсэн жуулчид олноор ирж, мөн А.Гитлерийн төрсөн өдрөөр неонацистууд ирж хүндэтгэл үзүүлдэг байсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.