В.Путинийг шүүмжилсэн орос бүсгүй 7 жилийн ялаар шийтгүүлэв
Анд нөхдийн мэдээ
2023-11-20
ОХУ-д Украины түрэмгийллийг шүүмжилсэн утга бүхий наалт наасан 33 настай, зураач Александра Скочиленко хэмээх бүсгүйг худал мэдээлэл тараасан хэргээр долоон жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Үүнийг эсэргүүцэн тус улсын 100 гаруй эмч Владимир Путинд хандан эмэгтэйг суллахыг шаардсан нээлттэй захидал илгээсэн тухай AFP болон “Le Monde” сонин мэдээлэв. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард нэгэн сүпермаркетийн барааны үнийн шошгыг хуулж аваад оронд нь "Путин зурагтаар биднийг маллаж байна", "Дайныг зогсоо. Дайны эхний гурван хоногт 4300 хүн амь үрэгдэв" гэхчлэн бичсэн наалт наасан байна. Шүүх хурал дээр Александра "Би зүгээр л дайныг зогсоохыг хүссэн. Энэ шүүх дээр байгаа хүн бүр дайн хийхийг хүсэхгүй гэдэгт би итгэлтэй байна" гэжээ. Түүнд ял оноосон өдөр “Эмнести Интернэшнл” байгууллага мэдэгдэл хийж "хуурамч шүүх хурал" болсныг хэлээд Александрагийн хэрэг нь дайныг илт эсэргүүцдэг оросуудад нүүрлэсэн харгис хэлмэгдүүлэлт болохыг онцолжээ. Александрагаас гадна Оросын хэд хэдэн тэрс үзэлтэн сүүлийн үед хүнд ял авч байгаа талаар “Le Monde” мэдээлэв. Эрчим хүчний дэд сайд асан Владимир Милов өнгөрсөн 16-ны өдөр Оросын армийн талаар олон нийтэд худал мэдээлэл тараасан хэргээр найман жилийн хорих ял авчээ. Мөн 14-ний өдөр Волга хотын иргэн Алексей Арбузенко Оросын цэргийн дүрс бүхий зурагт хуудсыг урсан хэргээр зургаан жилийн хорих ял авсан байна. “Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны гуравдугаар сард болох гэж байгаа тул Оросын шүүх эрх баригчдыг шүүмжилсэн хүмүүст хатуу хандаж байна” хэмээн тус сонин онцолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.