images

Хятад: Төрийн албаны болон нийтийн тээврийн автомашиныг бүрэн цахилгаанжуулна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-20


   Шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр шаргуу ажиллаж буй Хятад улс Бээжин зэрэг 15 хотын төрийн албаны болон нийтийн тээврийн хэрэгслийг цахилгаан автомашинаар бүрэн солих шийдвэр гаргасан байна. CCTV телевизийн мэдээлснээр, Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам зэрэг 8 яам саяхан нийтийн тээврийн хэрэгслийг цахилгаанжуулах туршилтын хотоор Бээжин, Шэньжэнь, Чунцин, Чанчүнь, Инчуань зэрэг 15 хотыг сонгожээ. Эдгээр хотуудад албаны автомашин, нийтийн тээврийн автобус, такси, хот тохижилтын, шуудангийн болон хүргэлтийн машин зэрэг олон нийтийн байгууллагуудын ашигладаг бүх тээврийн хэрэгслийг цахилгаан автомашинаар солих ажээ. Үүний дагуу эдгээр бүс нутгуудад 600 мянган цахилгаан автомашин нийлүүлж, 700 мянган цэнэглэгч, аккумулятор цэнэглэх 7800 станц суурилуулах юм байна. Туршилтын хотуудад Бээжин, Шэньжэнь зэрэг дөрвөн том хот, мужийн нийслэл Чанчунь зэрэг хоёрдугаар зэрэглэлийн хотууд болон гуравдугаар зэрэглэлийн жижиг хотуудыг багтаасан аж. Албаны хүн энэ талаар хэлэхдээ "Хятадын шинэ эрчим хүчний автомашины зах зээлд эзлэх хувь 30 хувиас давсан бөгөөд төрийн болон нийтийн тээврийн хэрэгслийг цахилгаанжуулах нь шинэ эрчим хүчний автомашиныг сурталчлах гол суваг юм” гэжээ. Тус улсад энэ оны нэгдүгээр сараас аравдугаар сар хүртэл шинэ эрчим хүчний автомашины нийт борлуулалт 7 сая 280 мянган ширхэгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 37,8 хувиар өссөн байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.