images

Францын тэргүүн хатагтай хувийн амьдралаа илэн далангүй ярив

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-20


   Их Британийн өдөр тутмын “The Times” сонинд Францын тэргүүн хатагтай Брижит Макрон ярилцлага өгчээ. Ярилцлагадаа тэрбээр хувийн амьдралаа илэн далангүй ярьсан бөгөөд гурван хүүхдээ том болохыг хүлээж, одоогийн нөхөртэйгээ гэрлэхээ 10 жил хойшлуулсан тухайгаа ярьсан байна. Тэрбээр урьд өмнө нь хувийн амьдралынхаа талаар ийм тодорхой зүйл ярьж байгаагүй юм. Ерөнхийлөгч Эммануэль Макрон 15 настай, Францын Амьен хотын нэгэн хувийн сургуульд сурч байхдаа тухайн үед жүжиглэх урлагийн багш байсан 40 настай, гэр бүлтэй Брижиттэй танилцаж, түүнд дурлажээ. Брижитийн охин Лорэнс тухайн үед Макронтой нэг ангид сурч байсан аж. Гэр бүлтэй багш бүсгүй, 25 насны зөрүүтэй сурагч хоёрын хайр дурлалын түүх ил болж шуугиан дэгдэх үед Э.Макроны эцэг эх түүнийг Парис руу сургуульд явуулсан байна. Хатагтай Брижит тухайн үеийн нөхцөл байдлыг эргэн дурсаж ярихдаа “Тухайн үед миний ухаан санаа орон гаран байсан. Түүнийг Парист очоод үеийнхээ охидтой танилцаж хайр сэтгэлээ олох байх гэж бодсон” гэжээ. Гэсэн хэдий ч Макрон хүү Парист очсон хойноо Брижитийн араас хөөцөлдсөөр байсан байна. Тэр үед Брижит гурван хүүхэдтэй байсан бөгөөд том хүү нь одоо 48 настай, нөхрөөс нь гурван насаар ах ажээ.  Эцэст нь тэрбээр 2006 онд нөхөр Озиэрээс салж, дараа жил нь залуу төрийн албан хаагч Макронтой гэрлэжээ. Тэрбээр Э.Макроны дур булаам байдалд одоо ч гэсэн сэтгэлийг нь хөдөлгөсөн хэвээр байдаг гэжээ. Энэ тухайгаа "Тэр намайг гайхшруулдаггүй нэг ч өдөр байдаггүй. Би ийм лут ой санамжтай, оюуны өндөр чадвартай хүнтэй таарч байгаагүй” гэсэн байна. Өнгөрсөн есдүгээр сард Английн хаан III Чарльз, хатан Камилла нар Францад хийсэн төрийн айлчлалын үеэр тэрбээр нэлээд санаа зовж байсан бөгөөд Камилла хатан түүний хацар дээр үнсэж мэндчилсний дараа тайвширсан тухайгаа дурссан байна. Тэрбээр III Чарльз хааныг "Маш нэр төртэй, соёлтой хүн" гэж тодорхойлжээ. 2017 онд тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа Трамп нарын айлчлалыг дурсаж "Меланиа нөхрөө айхтар хянаж байсан. Оройн зоогийн үеэр цагаа товшиж сануулга өгөхөд ерөнхийлөгч Д.Трамп явах цаг болсныг хэлж босоод явсан” хэмээн дурссан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.