images

Курт Кобэйний гитар 1.5 сая доллараар зарагдав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-20


   Домогт “Нирвана” хамтлагийн ахлагч асан Курт Кобейний (1967-1994) сүүлчийн тоглолтдоо хэрэглэсэн цахилгаан гитар 1587500 доллараар зарагдсан тухай AFP мэдээлэв. Гитарыг дуудлага худалдаанд оруулсан “Julian's Auction” компани "Нирвана" 1994 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Германы Мюнхен хотод сүүлчийн тоглолтоо хийсэн бөгөөд Курт Кобэйн тэр шөнө энэ гитараар тоглож байсныг бүх бичлэг баталдаг" гэжээ. Ийм өндөр үнэ хүрсэн уг гитар нь солгой гартнуудад зориулж хийсэн цэнхэр өнгийн “Mustang” байжээ. Өнгөрсөн оны тавдугаар сард К.Кобэйний "Smells Like Teen Spirit" дууны клип болон сүүлийн "In Utero" цомгийнхоо бичлэгт тоглосон өөр нэг “Mustang” гитар 4.5 сая долларын үнэ хүрч байсан байна. Тэрбээр нэгэн ярилцлагадаа "Дэлхий дээрх бүх гитаруудаас “Fender Mustang” бол миний хамгийн дуртай гитар” хэмээн хэлж байжээ. Энэ удаагийн дуудлага худалдаагаар 1960-аад оны алдарт гитарчин Эрик Клэптон “Cream” хамтлагийн гишүүн байхдаа тоглож байсан “Gibson SG” цахилгаан гитарыг мөн 1.27 сая доллараар борлуулсан байна. Дуудлага худалдааны компани хоёр гитарыг худалдсанаас олсон орлогын тодорхой хэсгийг сэтгэцийн өвчтэй хүмүүст тусалдаг буяны байгууллагуудад хандивлахаар төлөвлөжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.