images

Диего Марадонагийн охид улс төрийн уриалга гаргав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-20


   Аргентинд ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарахад хэдхэн цаг үлдээд байхад домогт хөлбөмбөгчин Диего Марадонагийн охид хэт барууны үзэл баримтлалтай нэр дэвшигч Хавьер Милэйн төлөө саналаа өгөхгүй байхыг уриалсан байна. 1986 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн Д.Марадона хөлбөмбөгт үнэнхүү дуртай Аргентины ард түмний баатар байсан юм. Тэрбээр 2020 онд зүрхний шигдээсээр өөд болсон билээ. Харин түүний том охин Далма, хоёр дахь охин Жанинна нар нялх байхаасаа орон даяар олны танил болсон юм. Далма ингэх болсон шалтгаанаа тайлбарлаж олон нийтийн сүлжээнд нийтлэхдээ "Хүн бүхэнд өөр өөрийн сонголт хийх эрх байгаа хэдий ч зарим зүйлийг хэзээ ч тохиролцож болохгүй. Үр хөндөлтийн тухай хууль, бэлгийн боловсрол, ижил хүйстний гэрлэлт зэрэг бидний асар их хүчин чармайлтын үр дүнд олж авсан ололтуудыг үгүй хийж болохгүй. Цэргийн дарангуйллын үед сураггүй алга болж, нас барсан 30 мянга орчим хүнийг мартаж, тэрхүү харгис эрин үеийг хамгаалж, эх орныхоо түүхийг уландаа гишгэж байна. Би охидоо буу, эд эрхтний худалдааг хуульчилсан улсад амьдруулахыг хүсэхгүй байна" гэжээ. Хоёр дахь охин Жанинна нь мөн олон нийтийн сүлжээнд "Диего Марадонад хайртай л бол Х.Милэйн төлөө санал өгөх хэрэггүй" гэж бичсэн байна. Д.Марадонагийн охид янз бүрийн хов живээс болж элдэв шуугиан тарьж байсан ч ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өмнөхөн улс төрийн ийм мэдэгдэл хийсэн нь тун ер бусын хэрэг юм. Тус улсад хэт барууны үзэлтэй нэр дэвшигч Хавьер Милэй болон эрх баригч намаас нэр дэвшигч Сержио Масса нарын хооронд ерөнхийлөгчийн суудлын төлөө эн тэнцүүхэн өрсөлдөөн болж байгаа билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.