images

Хойд Солонгосын “Роналдо” гэнэт гарч ирэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-17


   Европын дээд зиндаанд тоглож байхдаа “Роналдо” хоч авч, улмаар гэнэт харагдахаа больсон Хойд Солонгосын хөлбөмбөгчин Хан Кван Сон саяхнаас хөлбөмбөгийн тэмцээнд оролцож эхэлжээ. Чөлөөт Азийн радиогийн мэдээлснээр, тэрбээр Саудын Арабын Жидда хотын хунтайж Абдулла Аль Файсал цэнгэлдэх хүрээлэнд болсон 2026 оны Хойд болон Төв Америкийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Азийн бүсийн хоёрдугаар сонгон шалгаруулалтын Хойд Солонгос, Сирийн тоглолтод оролцсон байна. Тус тоглолтонд Сири улс 1:0 оноогоор ялалт байгуулжээ. Ким Жон Уны спортын хүчирхэг орон болох төлөвлөгөөний дагуу Испанид хөлбөмбөгийн чиглэлээр суралцахаар очсон Хан Кван Сон ур чадвараараа бусдаас онцгойрч, 2017 онд Италийн залуучуудын клубт албан ёсоор элссэн юм. Удалгүй мэргэжлийн түвшинд дэвшиж, долоо хоногийн дараа анхны гоолоо оруулж, довтлогчийн авьяастай гэдгээ харуулсан байна. 2019 онд Пхеньянд болсон Хойд болон Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн тоглолтод мөн онцгой ур чадвараа харуулж, хөл бөмбөг сонирхогчдын анхаарлыг татсан юм. 2020 онд А зэрэглэлийн нэр хүндтэй багуудын нэг “Ювентус” багт орсноор түүний карьер оргилдоо хүрсэн билээ. Гэсэн хэдий ч тэрбээр 2020 оны наймдугаар сард улирлын сүүлчийн тоглолтод оролцсоныхоо дараа харагдахаа больсон юм. Тухайн үед НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээний нөлөөгөөр гэрээгээ цуцалж нутаг буцсан гэсэн мэдээлэл гарч байлаа. RFA-гийн мэдээлснээр Хан Кван Сон Италид сууж байгаад өнгөрсөн наймдугаар сард Хятадаар дамжин Хойд Солонгост буцаж иржээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.