Өмнөд Солонгос: Шалгалт авч буй сургуулийн ойролцоо дуут дохио ашиглахгүй
Анд нөхдийн мэдээ
2023-11-16
Өнөөдөр Өмнөд Солонгос улс даяар 2024 оны хичээлийн жилийн их дээд сургуулийн элсэлтийн шалгалт (CSAT) эхэлж байна. Энэ өдөр оюутнуудыг шалгалтын цагаас хоцроохгүй байх, мөн тэдэнд саад учруулахгүй байх үүднээс олон арга хэмжээ авч хэрэгжүүлжээ. Тухайлбал өглөө ажил эхлэх цагийг 10.00 цаг болгон хойшлуулж, янз бүрийн шалтгаанаар шалгалтандаа хоцорсон оюутнуудад туслахаар цагдаагийн алба хаагчид бэлэн байдалд ажиллаж байна. Шалгалт авч буй сургуулийн ойролцоо явж буй галт тэрэг болон бусад тээврийн хэрэгслүүд дуу чимээ багатай аажим зорчих, дуут дохио ашиглахгүй байхыг үүрэг болгожээ. Мөн үдээс хойш болох англи хэлний сонсох шалгалтын үеэр агаарын хөлгийн хөөрөх, буух цагийг 35 минутаар хойшлуулж, нийт 94 нислэгийн хуваарьт зохицуулалт хийж, цэргийн сургуулилт зэргийг зогсоосон байна. Тус улсад нэр хүндтэй их сургуульд элсэж орох нь залуусын цаашдын зам мөрийг зааж өгдөг гэж үзэн элсэлтийн шалгалтыг ийнхүү онцгой чухалчилдаг юм. Засгийн газрын албаны эх сурвалжийн мэдээлснээр тус улсад өрхийн хувийн боловсролд зарцуулсан зардал 2022 онд 26 их наяд вон болсон нь өмнөх оныхоос 11 хувиар өссөн үзүүлэлт ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.