Хорт хавдар туссанаа нохойныхоо ачаар эрт мэджээ
Анд нөхдийн мэдээ
2023-11-15
Британийн Чэпелтаун хотын оршин суугч 51 настай Линдси Твэйтс хэмээх эмэгтэйн тэжээдэг хоёр настай border collie үүлдрийн Брайн нэрт нохой нь эзнийхээ бөгсийг байнга үнэрлэх болжээ. Үүнд хачирхсан эмэгтэй эмнэлэгт үзүүлэхэд тэрбээр шулуун гэдэсний хавдар тусч гуравдугаар үедээ орсон гэсэн онош гарсан байна. Тэрбээр 1990 онд анхны хүүгээ төрүүлснийхээ дараагаас шамбарамтай болсон шинж тэмдэг мэдэгдэх болсон бөгөөд өнгөрсөн тавдугаар сараас хойш нэлээд шаналгаатай болж, бүр бага зэрэг цус гарах болсон байна. Түүгээр үл барам нохой нь байнга эзнээ дагаж бөгсийг нь үнэрлэх болсныг анзаарчээ. Энэ нь түүнд төвөгтэй санагдаж нохойгоо болиулах гэж оролдсон бөгөөд мөн нохой хорт хавдар үнэрлэж мэдэрдэг гэсэн үг сонсож байснаа санан эмнэлэгт хандсан нь энэ байжээ. Тэрбээр одоогоор эмчилгээ хийлгэж, үр дүн нь сайн байгаа бөгөөд энэ тухайгаа ярихдаа "Брайн миний амийг аварсан” гэжээ. Эмнэлэгт байхдаа бие засах газар ороход нохой тусалдаг байсан байна. Нохойны ачаар хорт хавдар өвчнөө эрт мэдсэн тохиолдол түгээмэл байдаг аж. Өнгөрсөн жил Их Британид нэгэн эмэгтэй нохой нь байнга хөхийг нь тэмтэрч үнэрлэх болсон тул эмнэлэгт хандсанаар хөхний хорт хавдар туссан болох нь тогтоогдож байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.