Ши Жинпинь 38 жилийн өмнөх америк андуудтайгаа оройн зоог барина
Анд нөхдийн мэдээ
2023-11-15
БНХАУ- ын дарга Ши Жинпинь 1985 оны хавар 32 настайдаа анх удаа Америкийн нутагт хөл тавьж Калифорниа мужийн Сан Франциско хотын “Golden Gate Bridge”-ийн өмнө дурсгалын зураг татуулж байжээ. Тухайн үед тэрбээр Хэбэй мужийн Жэндин хошууны намын нарийн бичгийн дарга байсан бөгөөд АНУ-ын Айова мужийн хөдөө тосгонд бизнес аялал хийх хөдөө аж ахуйн төлөөлөгчдийг ахалж явсан байна. Энэ талаар Бээжингийн нэгэн түүх судлаач “Тухайн цаг үе бол АНУ, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоогоод удаагүй, хоёр улсын харилцаа хурдацтай сайжирч байсан үе тул тэнд очсон хүн бүр “Golden Gate Bridge”-ийн өмнө зургаа авахуулахыг чухалчилдаг байсан бөгөөд Ши дарга ч мөн адил ийм утгаар Сан Франциског сонгосон байх” гэжээ. Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтыг тохиолдуулан өнөөдөр Сан Францискод болох АНУ-Хятадын дээд хэмжээний уулзалтын өмнөхөн Ши Жинпиний 38 жилийн өмнө тус улсад хийсэн анхны айлчлалынхаа үеэр авахуулсан гэрэл зургууд Хятадын “WeChat”, “Weibo” зэрэг олон нийтийн сүлжээнд олноор нийтлэгдсэн байна. Энэ нь хоёр улсын хооронд буй болсон сөргөлдөөнийг намжааж, харилцаагаа сайжруулахын дохио болгож байгаа тухай ажиглагчид дүгнэж байна. Ши Жинпинь энэ удаагийн айлчлалаараа Айовагийн хуучин андуудтайгаа уулзахаар болсон бөгөөд 38 жилийн өмнө танилцсан тус мужийн анд нараа Сан Францискод урьж, хамт оройн зоог барихаар болжээ. 1985 онд тэрбээр Айова мужийн хөдөө тосгонд хоёр долоо хоног саатаж, нутгийн иргэдийн төрсөн өдрийн үдэшлэгт хүртэл оролцож байжээ. Тухайн үед түүнийг гэртээ хонуулж байсан нутгийн иргэн Элеонор Дворак “Ши Жинпиний надад бэлэглэсэн хятад архи үнэхээр өвөрмөц байсан” хэмээн дурсчээ. Түүнчлэн тухайн үед Ши Жинпиний албан томилолтын хуваарийг зохицуулж байсан Айова мужийн ажилтан Сара Лэнд хожим түүнтэй захидал солилцож, сайхан нөхөрлөж байсан түүхийг Хятад даяар хоёр улсын найрамдлын түүх болгон сурталчилж байна. Мөн Ши Жинпинь энэ удаагийн айлчлалынхаа үеэр Америкийн томоохон компаниудын төлөөлөгчидтэй оройн зоог барихаар төлөвлөжээ. Бээжингийн эх сурвалжийн мэдээлснээр оройн зоогонд “Apple”, “Qualcomm”, “Visa”, “FedEx”, “Pfizer” томоохон компаниудын захирал зэрэг олон зуун хүн оролцохоор болсон байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 38 жилийн өмнө АНУ-д анх удаа айлчлах үеэр түүнийг угтан авсан Айова мужийн албаны хүмүүстэй хамт
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.