images

Австралийн Засгийн газар ард иргэдээсээ уучлал гуйв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-14


   Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз 1950, 1960-аад оны үед жирэмсний хордлогын эсрэг эмийн хяналтгүй хэрэглээнээс болж төрөлхийн ургийн гажигтай хүүхдүүд олноор төрж байсан явдалд Засгийн газрын нэрийн өмнөөс албан ёсоор уучлалт гуйв. Өнөөдөр тэрбээр "Талидомидын эмгэнэлт явдал бол Австралийн болон дэлхийн түүхэн дэх хар бараан үзэгдэл. Үүнээс болж хохирсон хүмүүс албан ёсоор уучлалт гуйхыг Засгийн газраасаа  шаардсаар ирсэн явдлыг хүлээн зөвшөөрч байна" хэмээн мэдэгдсэн тухай "The Australian" сонин мэдээлэв. Тэрбээр энэ сарын 29-ний өдөр Засгийн газар, парламентын нэрийн өмнөөс энэ үйл явдлын төлөө олон нийтээс уучлалт гуйж, Канберра хотод үндэсний дурсгалын цогцолбор босгохоор шийдсэнээ мэдэгджээ. Тус улсын Засгийн газрын мэдээлснээр, жирэмсний хордлогын эсрэг талидомид хэмээх эмийг эмэгтэйчүүдэд өргөнөөр худалдаж байсан нь хяналтгүй хэрэглээ бий болгож, ургийн гажиг ихээр үүсгэжээ. Тухайн үед уг эмийг Австралид худалдаалахыг зөвшөөрөхөөс өмнө зохих ёсоор туршиж үзээгүй бөгөөд энэ үйл явдал тус улсад Эмчилгээний бүтээгдэхүүн хянах газар (TGA) байгуулахад хүргэсэн байна. Эрүүл мэндийн яам 1961 онд талидомидын хор хөнөөлийн талаарх тайланг хүлээн авсан ч тэр эмийг шууд устгаагүй, хэрэглэхийг хориглоогүй нь хохирлыг улам хүндрүүлжээ. 2019 онд Сенатын түвшинд энэ үйл явдлыг дахин шалгасанаар Засгийн газрын бурууг хүлээн зөвшөөрч, 2020 онд хохирогчдод 500 мянган австрали долларын нөхөн төлбөр олгожээ. Хохирогчид болон тэдний гэр бүлийнхэн албан ёсоор уучлалт гуйх шийдвэрийг сайшаан хүлээн авсан ч энэ нь хэтэрхий оройтсон үйлдэл гэж үзэж байна. Албан ёсны дүнг үзвэл талидомидын улмаас гажигтай төрсөн 146 хохирогч бүртгэгдсэн байдаг ажээ. Талидомид бол 1953 онд Баруун Германы “Grunenthal” эмийн үйлдвэр гаргаж авсан эм бөгөөд дэлхийн 50 гаруй оронд худалдаалагдаж байжээ. Судалгаагаар энэ эмийн гаж нөлөө илэрсэн тул хэрэглээнээс хассан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.