images

АНУ: Хар арьст дуучин анх удаа оны шилдэг ая зохиогч болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-13


   АНУ-ын Кантри хөгжмийн холбооны 57 дахь удаагийн CMA Awards” шагнал гардуулах ёслол өнгөрсөн долоо хоногт Теннесси мужийн Нэшвилл хотод болов. Улмаар хар арьст дуучин, ая зохиогч Трейси Чэпмэний "Fast Car" дуу "Оны шилдэг дуу" ангилалд ялагчаар тодорчээ. CMA Awards нь кантри хөгжмийн хамгийн нэр хүндтэй шагнал юм. Жон Дэнвер, Кэнни Рожэрс, Долли Партон, Тэйлор Свифт зэрэг алдартнууд тус шагналыг хүртэж байсан юм. Т.Чэпмэн нь ийнхүү "Оны шилдэг дуу" төрөлд түрүүлсэн анхны хар арьст хөгжмийн зохиолч болж байна.Fast Car бол шинэ дуу биш юм. Т.Чэпмэний 1988 онд 24 настай байхдаа зохиосон уг дууг цагаан арьст дуучин Люк Комбс энэ оны эхээр кантри хувилбараар дуулжээ. Ингэснээр уг дуу маш их нэр хүндтэй болж, Billboard-ын шилдэг 100 дууны зургаадугаарт орсон бөгөөд энэ удаа ийнхүү оны шилдэг дуу болсон байна. Дууны аяыг зохиогч Т.Чэпмэн “Энэ дууг 35 жилийн дараа дахин хүлээн зөвшөөрч байгаа нь нэр төрийн хэрэг. Сайхан дуулсан Л.Комбс болон дуунд дуртай шүтэн бишрэгчиддээ баярлалаа" гэсэн байна. Энэ дуу анх олон нийтэд хүрсэн үйл явц нь ер бусын. 1988 оны зургаадугаар сард Лондон хотод Нельсон Манделагийн 70 насны ойд зориулсан Их Британи, Америкийн поп оддын тоглолт болжээ. Энэ үед дуучин Стиви Уандер тоног төхөөрөмж шаардлага хангахгүй байна гээд тайзнаас гэнэт буухад тэр үед олны танил болоогүй Т.Чэпмэн тайзан дээр гарч энэ дууг дуулсан байна. Энэ мөчөөс эхлэн тэрбээр олны танил болж Шилдэг шинэ уран бүтээлч, Шилдэг эмэгтэй поп гоцлол, Шилдэг орчин үеийн фолк зэрэг Грэммийн гурван шагнал хүртжээ. Уг дууг шинээр дуулсан Л.Комбс шагнал гардаж авахдаа хамгийн түрүүнд Т.Чэпмэний нэрийг дурдан түүнд талархал илэрхийлсэн байна. Т.Чэпмэн хөгжмийн карьерынхаа хажуугаар хүний ​​эрх, ялгаварлан гадуурхалтын эсрэг дуу хоолойгоо өргөдөг байсан бөгөөд түүний энэ хувь нэмрийг үнэлж ӨАБНУ төрийнхөө шагналыг хүрээж байжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.