images

YouTuber залуу усны гачаалд орсон Африкт 100 худаг гаргуулжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-13


   Дэлхий даяар алдаршсан YouTuber, 200 сая дагагчтай MrBeast нэрээр алдаршсан залуу ундны усны хомсдолд орсон Африкийн оршин суугчдад зориулж 100 худаг бариулж байна. Тэрбээр Африкт 100 худаг гаргах төслийн бичлэгээ нийтэлсэн бөгөөд тус бичлэгт Кени, Камерун, Сомали, Уганда, Зимбабвэ зэрэг улсад өөрийн биеэр очиж үзэн, бохирдсон усыг унданд хэрэглэж буй хүмүүсийн амьдралыг харуулжээ. Тухайлбал Кени улсад бохирдсон уснаас болж цусан суулга, хижиг гэх мэт өвчин ихээр тархсаныг онцолсон байна. Мөн ус авахын тулд уулын замаар 1.6 км газрыг туулдаг, тосгоны хүүхдүүд өдөр бүр өглөөний дөрвөн цагт босч урт замыг туулан очиж ус аваад 18 кг орчим жинтэй савтай ус үүрэн буцдаг зэрэг бэрхшээлийг үзүүлсэн байна. Энэ бүхэнтэй өөрийн биеэр танилцсаны эцэст тэрбээр усны гачаалд орсон иргэдэд зориулан гүний худаг гаргуулж, ус дамжуулах хоолой, ус цэвэршүүлэх байгууламж суурилуулсан байна. Түүний суурилуулсан нийт худгийн тоо 100 болсон нь усны гачаалд орсон 500 мянган хүнд хүрэлцэхүйц хэмжээ гэнэ. Эдгээр 100 худагны 52 нь Кени улсад баригджээ. Мөн тэрбээр шинэ гүүр барьж, сургуульд компьютер, проектор суурилуулж, тээврийн хүрэлцээ муутай газруудын сурагчдад унадаг дугуй бэлэглэсэн байна. Тэрбээр “Ийм үр дүнд хүрэхийн тулд төрөөс асар их хэмжээний дэмжлэг, санхүүжилт шаардлагатай мэт ярьдаг ч үнэн хэрэгтээ тийм биш юм. Энэ бол шийдэж болох асуудал юм. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хүн бүрийн хүчин чармайлт л хэрэгтэй байдаг” гэжээ. Энэ тухай бичлэг байршуулснаас хойш зургаан хоногийн дотор 85 сая гаруй хүн үзсэн байна. Дагагчид нь түүний энэхүү сайн санааны үйлсийг магтан сайшааж, "Тэр НҮБ-аас илүү ихийг хийж байна", "Дэлхий дахинд хувь нэмрээ оруулсанд баярлалаа" гэх мэт сэтгэгдлүүд үлдээжээ. MrBeast-ийн жинхэнэ нэр нь Жимми Дональдсон бөгөөд энэ жил 25 настай. 1998 онд АНУ-ын Канзас мужид төрсөн тэрбээр 2012 онд YouTube сувгаа эхлүүлж, 200 сая дагагчтай нөлөө бүхий нэгэн болжээ. Хувийн YouTube сувгуудийн хувьд түүний суваг захиалагчдынхаа тоогоор дэлхийд нэгдүгээрт ордог аж. “Forbes” сэтгүүл түүнийг өнгөрсөн онд YouTube сувгаас хамгийн их орлого олсон хэмээн мэдээлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.