Украин: Эмэгтэйчүүдийн цэргийн насны дээд хязгаарыг 60 болгон нэмэгдүүлэв
Анд нөхдийн мэдээ
2023-11-09
ОХУ-ын эсрэг 20 гаруй сар дайтаж байгаа Украин улс эмэгтэйчүүдийн цэрэгт татах нас, албан тушаалд тавих янз бүрийн хязгаарлалтыг цуцалсан байна. Улмаар танкчин, пулемётчин, мэргэн буудагч, ачааны машины жолооч зэрэг үүрэг гүйцэтгэхийг эмэгтэйчүүдэд зөвшөөрч, эмэгтэйчүүдийн цэрэгт элсэх насны дээд хязгаарыг эрэгтэйчүүдийн нэгэн адил 40-өөс 60 болгож нэмэгдүүлжээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийг цэргийн жинхэнэ албанд татдаггүй ч эмчилгээ, эрүүл мэндийн боловсролтой бүсгүйчүүдийг хугацаат цэргийн албанд бүртгүүлэх хууль өнгөрсөн сараас хэрэгжиж эхэлсэн байна. Ингэснээр одоо цэргийн алба хааж буй эмэгтэйчүүдийн тоо 43 мянгад хүрч, Оросын түрэмгийллийн өмнөх 2021 онтой харьцуулахад ойролцоогоор 40 хувиар нэмэгдсэн байна. Зарим эмэгтэйчүүд зүүн өмнөд фронтод бодит тулаанд оролцож байгаа тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдээлжээ. Барууны орнууд, тэр дундаа АНУ Украинд дэвшилтэт зэвсэг, сум нийлүүлсээр байгаа ч түүнийг ажиллуулах цэргүүдийг зөвхөн Украины дотоодоос дайчлах ёстой аж. Эмэгтэйчүүдийн цэргийн алба өргөжихийн хэрээр тэднийг цэргийн сургалтад хамруулдаг сайн дурын байгууллагууд ч идэвхжсэн байна. Цэргийн сургалтад оролцсон 46 настай Ольга Бахматова "Дайн байлдаан гэдэг хүсэх зүйл биш. Гэхдээ би биш бол өөр хэн үүнийг хийх вэ" гэжээ. Ялангуяа эмэгтэйчүүд нисгэгчгүй онгоц алсаас удирдан жолоодоход жинхэнэ ур чадвараа харуулж байгаа бөгөөд энэ салбарт загвар өмсөгч, жүжигчин бүсгүйчүүд хүртэл багтсан байна. Өнгөрсөн жил Анагаахын их сургууль төгссөн 24 настай Алина Буднёва бүсгүй нисгэгчгүй онгоцны сургалтын талаар "Би цэргийн албанд дуудагдах боломжтой тул фронтын шугам дээр ашиглах ур чадвар эзэмшихийг хүссэн юм” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.