images

Хогийн саван дотроос олдсон уран зураг 24 сая еврогийн үнэ хүрчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-08


   Францад нэгэн байшингийн хогийн саван дотор хаягдсан уран зураг 24 сая еврогийн үнэ бүхий 13 дугаар зууны үеийн шилдэг бүтээл болох нь тогтоогдож Луврын музейд тавигдахаар болсон тухай Британийн “The Times” сонин мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар Сэргэн мандалтын үеийн Италийн зураач Чимабуэ (Ченни ди Пепо. 1240-1302) 1280 онд зурж дуусгасан гэж үздэг "Christ Mocked" зургийг дөрвөн жилийн өмнө жирийн нэгэн айлын  хогийн савнаас олсон байна. Тус зургийг байшингаа цэвэрлэж байхдаа олж харсан 90 гаруй насны эмэгтэй түүнийг хаях гэж хогийн саванд хийсэн байснаа дуудлага худалдааны газарт сонирхуулсан байна. Ингэснээр мэргэжлийн байгууллагын шинжилгээнд орж уг зураг нь Чимабуэгийн амьд ахуйдаа бүтээсэн 15 сод бүтээлийн нэг болох нь тогтоогджээ. Ингээд хэдэн сарын дараа уг зургийг дуудлага худалдаанд оруулахад Чилийн тэрбумтан Альваро Сай Бендек 24 сая еврогоор худалдаж авсан боловч Францын Засгийн газар тэр жилдээ уг зургийг үндэсний эрдэнэсийн жагсаалтад оруулж, гадаадад гаргахыг хориглосон байна. Улмаар Луврын музейд энэ бүтээлийг худалдаж авахад 30 сарын хугацаа өгчээ. Харин тус музей саяхан уг зургийн эзэнтэй гэрээ байгуулж, уг бүтээлийг 2025 оноос эхлэн музейд дэлгэхээр төлөвлөж байна гэж “The Times” мэдээлэв. Мөн тус музей энэ бүтээлийг худалдаж авахад хэр их мөнгө зарцуулсан тухай мэдээлэл гараагүй байна. Музейн захирал Лоранс де Кар тус зургийг "Урлагийн түүхэн дэх томоохон дурсгал болох болно" гээд "Музей үүнийг эзэмшиж байгаа нь бахархалтай хэрэг" гэжээ. Мөн тус музей 18 дугаар зууны Францын натюрморт зургийн мастер Жан-Симеон Шардины (1699-1779) бүтээл болох "Зэрлэг гүзээлзгэнэтэй сагс" зургийг худалдаж авахаар хөрөнгө босгож эхэлсэн тухай “The Times” мэдээлэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.