Ази тамирчныг ялгаварлан гадуурхах үйлдэл гаргасан үзэгч шийтгэл хүлээв
Анд нөхдийн мэдээ
2023-11-08
Английн мэргэжлийн хөлбөмбөгийн “Тоттенхэм” багийн ахлагч, солонгос гаралтай тамирчин Сон Хун Мин рүү арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үйлдэл үзүүлсэн Английн хөлбөмбөгийн шүтэн бишрэгчийг тоглолт үзэх эрхийг дүрмийн дагуу гурван жилээр хассан тухай “The Mirror” сонин мэдээлэв. Энэ дүрэм нь шигшээ багийн тоглолтод ч хамаатай бөгөөд тэрбээр дэлхийн аварга гэх мэт олон улсын чанартай хөлбөмбөгийн тэмцээний үеэр паспортоо хураалгах ёстой болсон байна. Өнгөрсөн тавдугаар сард болсон “Тоттенхэм” болон “Кристал Палас” багийн тоглолтын 2 дугаар үеийн 44 дэх минутад Сон Хун Мин талбайд гарснаар “Тоттенхэм” баг 1:0 харьцаагаар илүүрхэж эхэлсэн байна. Энэ үеэр нэгэн үзэгч хуруугаараа нүдээ хоёр тийш онийлгон татаж жартгар нүдтэй ази хэмээн шоолсныг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үйлдэл гэж үзжээ. Түүний энэхүү үйлдлийн бичлэг олон нийтийн сүлжээгээр тарснаар цагдаа нар мөрдөн байцаалт явуулж эхэлсэн байна. “Кристал Палас” баг ч үүнийг хүлээн зөвшөөрч “Сон Хун Мин рүү арьс өнгөөр ялгаварлан гадуурхах шинжтэй үйлдэл хийж буй үзэгчийн бичлэг цахим орчинд тарсныг бид харсан. Ийм зан авирыг бид тэвчихгүй" гэжээ. Premier League мөн “Бид ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг буруушааж байна” гэсэн байна. Сон Хун Мин энэ талаар өөрөө "Би арьс өнгөөр ялгаварлан гадуурхах бурангуй хандагын бай болох зүйл хийгээгүй" гэжээ. Ёс бус үйлдэл гаргасан Роберт Гарланд хэмээх эрийн тэмцээн үзэх эрхийг хассанаас гадна шүүх түүнд торгууль ногдуулж, олон нийтэд тустай ажил хийлгэх шийдвэр гаргасан ажээ. Дашрамд дурдахад Сон Хун Мин энэ улиралд хаалганд найман бөмбөг оруулж, лигийн мэргэн буучдын жагсаалтын хоёрдугаарт бичигджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.