images

Английн шинэ хаан парламентад анх удаа үг хэлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-11-08


   Их Британийн парламентад 70 жилийн дараа тус улсын хаан анх удаа үг хэлж, илтгэл тавив. Өчигдөр болсон парламентын чуулганы нээлтийн ёслол дээр хаан III Чарльз хаан ширээнд сууснаасаа хойш анх удаа үг хэлж, томоохон хуулиудыг батлах Засгийн газрын төлөвлөгөөг зарласан байна. Хатан хаан II Элизабэтийн үед үүнийг "Хатан хааны үг" (Queen's speech) гэж нэрлэдэг байв. III Чарльз Вэстминстерийн ордонд ирэхдээ тусгай хаалгаар орж, Лордуудын танхимд сэнтийдээ суув. Уламжлал ёсоор бол дараа нь Төлөөлөгчдийн танхим руу орж, хууль тогтоогчдыг хүлээж авдаг бөгөөд энэ үед чуулганы бие даасан байдлыг харуулах үүднээс танхим хаалттай байдаг ажээ. Дараа нь хар саваагаар хаалгыг тогшиход хаалгыг онгойлгож цааш хөдөлнө. Энэ удаагийн хааны илтгэлд ерөнхий сайд Риши Сунакийн сонгуулийн өмнө дэвшүүлсэн бодлогыг тусгасан байна. BBC телевизийн мэдээлснээр, Хойд тэнгисийн газрын тос, байгалийн хийн олборлолтын шинэ зөвшөөрөл, тамхины худалдааг үе шаттайгаар хориглох, Английн хөлбөмбөгийн зохицуулалтын шинэ байгууллага байгуулах, хулгайн гэмт хэрэг үйлдэгсдэд оногдуулсан ялын бодлого зэргийг дурджээ. Чарльз өнгөрсөн жил хунтайж байхдаа хатан хаан II Элизабэтийн өмнөөс парламентад үг хэлж байсан удаатай. II Элизабэт Английн хаан ширээнд 1952 онд суусан бөгөөд түүнээс хойш тус улс өдийг хүртэл хаангүй явж ирсэн билээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.