images

Х.Цогбадрах: Усан доор эрэн хайх ажиллагааг бүтэн сарын турш явуулах нь ч бий

Н.Ариунсайхан

Мэргэжил бүхэн сонин

2023-06-20


Онцгой байдлын албанд 19 жилийн өмнө жолоочоор ажилд орж, өдгөө Нийслэлийн аврах 105 дугаар ангийн тэргүүн ахлагч хүртлээ дэвшин ажиллаж буй Халтарын Цогбадрахтай ярилцлаа. Тэрбээр 2500 гаруй гамшиг ослын дуудлагад биеэр очиж ажилласан бөгөөд 1000 гаруй эрдэнэт хүний амийг авран хамгаалахад оролцжээ.

- Танд Онцгой байдлын албаны өдрийг баярын мэнд хүргэе. Анх яагаад энэ ажил мэргэжлийг сонгосон тухайгаа манай уншигчдад ярихгүй юу?

- Би 1982 онд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн малчин айлын хүүхэд. Сумандаа арван жилийн сургуулиа төгсөөд багын хүсэл мөрөөдлөө даган Увс аймгийн хилийн цэргийн албанд мордсон. Цэргийн албанаас халагдах дөхөхөд манай заставын дарга “Чамд ажлын санал тавья. Ангидаа улирч үлдэх үү?  Долоо хоногийн дараа надад хариугаа хэлээрэй” гэв. Тухайн үедээ зөвшөөрөөгүй ээ, адилхан алба хаасан нөхөд маань нутаг буцаад гэртээ хариад байсан учраас сэтгэл тогтоогүй юм. Хэрвээ зөвшөөрсөн бол ахлагч болоод тэндээ ажиллахаар байсан. Гэхдээ цэргийн хүн болно гэсэн мөрөөдлөө орхисонгүй. Гэртээ хариад жилийн дараа Улаанбаатар хотод ирлээ. Ингээд иргэний хамгаалалтын байгууллагад ажиллахаар шийдсэн. Манай эгч тухайн үед Чингэлтэй дүүрэгт бас нэг албанд ажиллаж байсан юм. Эгчдээ учир байдлаа хэлтэл “Чингэлтэй дүүргийн иргэний хамгаалалтын дарга А.Дамцагдорж гэдэг хурандаатай уулзаарай” гэж байна. Тэр хүнтэй уулзаж заавар зөвлөгөөг нь авснаар Нийслэлийн Онцгой байдлын газарт материалаа аваачиж өгөөд 2004 оны есдүгээр сарын 1-нд жолоочоор ажилд орж байлаа. Намайг орох үед цэрэг иргэний хамгаалалт, улсын нөөц, гал түймэртэй тэмцэх газар гээд гурван байгууллага нэгдэж Онцгой байдлын байгууллага болсон түүхтэй. Эхэндээ дүрэм журам, хамтын ажиллагаа гээд бүх зүйл шинэ байсан учраас бэрхшээл, сорилт их байлаа. Энэ бүхнийг үе үеийн удирдлага, ахмад алба хаагчид зөв чиглүүлж зааж сургаснаар даван туулж, хөл дээр нь босгон одоогийн мундаг аврагчдыг бэлдсэн юм. Одоо бол алба ажилд минь бүх зүйл тэгширчихсэн сайхан байна. Биднийг анх бэлдэж байхад усанд дотуур хувцастайгаа орж ажиллах, ой хээрийн түймэрт ганцхан тросс, цохиур бариад л орох тохиолдол бишгүй л байсан. Тухайн үедээ өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан тэр бүхнийг нугалж давсан даа.

- Та 2500 гаруй дуудлагад явжээ. Ямар тохиолдолд илүү их очиж байв?

- 19 жилийн хугацаанд очсон дуудлага мэдээллийн эхний үеүдэд үер усны осол давамгайлдаг байсан. Иргэдийн анхаарал болгоомжгүй, албаныхны хараа хяналт бага байсантай ч холбоотой болов уу гэж боддог. Усанд осолдсон, санамсаргүйгээр амь насаа алдсан иргэдийн тоо нэмэгдсээр байсан учраас урьдчилсан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж эхэлсэн. Алба хаагчид амралтын өдрөөр, баяр наадмаар ээлжлээд нэг хоёроороо голын эргээр хяналт тавьж анхааруулга сэрэмжлүүлэг өгдөг боллоо. Энэ ажил ч үр дүнгээ өгч 2010 оноос завьт эргүүл ажиллуулж, усны ослын тоо ч эрс буурахад нөлөөлсөн. Тухайн үед баяр наадам, амралтын өдрүүдээр үдийн нэг цагаас хойш дуудлага маш  их ирдэг байлаа.

- Олон хүний амийг авран хамгаалах сайхан хэрэг. Заримдаа нэгэнт оройтсон, аврах гээд очтол бодит байдал дээр бүх зүйл болоод өнгөрсөн үед аврагчийн сэтгэл зүй ямар байдаг юм бол. Хэдий таагүй асуулт ч гэлээ. Таныг, танай албыг бусдад ойлгуулахад хэрэгтэй гэж бодлоо?

- Нийслэл хотын хэмжээнд аврах, эрэн хайх үүрэг гүйцэтгэдэг ганц анги бол 105. Би энэ ангид жолоочоос эхлээд тэргүүн ахлагч болох хүртлээ үер ус, өндрийн аюул, авто осол, ахуйн аюултай дуудлага, химийн хорт бодис дэлбэрэх гээд 30 гаруй төрлийн дуудлагад үүрэг гүйцэтгэж байсан. Энэ дундаас ус, өндрийн осол миний хувьд хүнд сорилт санагддаг. Нэг өвөл Хар усан тохойд долоо хоногийн турш шумбалт хийж, мөс цөмөрч живсэн хүүхдийг эрэн хайх ажиллагаа явуулсан юм. Өдрөөс өдөрт эрэн хайх зай талбай хумигдаж итгэл найдвар тасрахад өвлийн хүйтэн, мөсний жаврыг анзаардаггүй юм билээ. Харамсалтай нь тэр хүүхэд олдоогүй. Зуны цагт ч ялгаагүй хүнд. Голын эргээр зүв зүгээр тоглож явсан нэг гэрийн хоёр хүүхэд усанд осолдсон тохиолдол ч бий. Сэтгэл өвдөхгүй байхын аргагүй. Аварч чадалгүй алдчихаад, илүү хичээсэн бол яах байсан бол, илүү хурдан явдаг байж гэж дотроо байнга эмзэглэж, харамсана. Усанд эрэн хайх ажиллагааг заримдаа сар гаруй хугацаанд явуулах нь ч бий. Өглөө зургаан цагт ус руу орно, өдөр нь гарч ирж хоол идчихээд буцаад орой харанхуй болтол усан доор хүнээ хайгаад явна. Гэвч ямар ч тохиолдолд өргөсөн тангаргаа санаад илүү хичээж, илүү сайн байхыг л эрмэлздэг.

- Санаанаас гардаггүй дуудлага аврагч хүнд байдаг л байх даа?

- Байна аа. Өглөө зургаан цагт манайд III цахилгаан станцын урдхан Туул голд хүн живчихлээ гэсэн дуудлага орж ирсэн. Эндээс манай бүлэг шуурхай гараад очтол гурван эмэгтэй баяр тэмдэглэж яваад нэг нь усанд живчихсэн байсан. Хамт байсан хоёр эмэгтэйн зааснаар, урссан газар луу араас нь шумбалт хийлээ. Гэтэл км шахуу урсчихсан байсныг арайхийн уснаас гаргаад автал сэргэдэггүй. Усанд урсаад 30-40 минут өнгөрчихсөн учраас найдваргүй болчихлоо гэж үзээд, хамт явсан хүмүүст нь хүлээлгэж өгөхөөр үүрээд алхаж явсан юм. Тэгээд санаандгүй гарынх нь судсан дээр дараад үзтэл цохилж байв. Бушуухан буулгаад хиймэл амьсгаа хийтэл тэр дороо сэргэсэн дээ. Тэгсэн чинь нөгөө хүн маань сэргэмэгцээ намайг буруу ойлгоод, орилж хашгираад сүйд болж билээ. Арай гэж нэг учрыг ойлгуулсан. Тэгээд “Баярлалаа” гэж хэлээд, хоёр найзтайгаа хөтлөлцөөд гүүр даваад яваад өгсөн дөө. Би ч аварч чадсандаа баярлаад л үлдсэн.   

- Километр гаруй яваад олсон гэж байна. Хүн ер нь живээд ус залгиад эхэлбэл хэдэн минут тэсдэг юм бэ?

- Хүн хүний биеийн онцлог, тухайн үеийн нөхцөл байдлаас хамаардаг. Ус залгивал аюулд хүрэх хугацаа маш богино. 5-15 минут өнгөрөхөд л амь насаа алдана. Ус нэг залгилаа, хоёр залгилаа, уушги руу ус орсон л бол аюулд хүрдэг.

- Дуудлага мэдээлэл ирлээ. Аврах ажиллагаанд гарахаас өмнө  аврагч юуг анхаарч мэдвэл зүйтэй байдаг вэ?

- Аврагч хүн сэтгэл зүйгээ урьдчилаад сайтар бэлдэх ёстой. Биднийг анх дуудлаганд явахад бүлгийн дарга нар маань “Өөрийнхөө л сэтгэл зүйг бэлд, бусдад итгэх хэрэггүй” гэдэг байлаа. Аврагч хүн ямар ч дуудлага ирсэн нөхцөл байдлыг урьдчилаад төлөвлөчихсөн байдаг. Юу хийхээ тархиндаа зураглана гэсэн үг. Машинд суулаа, каскаа өмслөө, аюулгүй байдлаа хангаад, яаж багаар ажиллах, ямар багаж авч буухаа төлөвлөж ярилцах ёстой. Хэзээ ч гэнэтийн зүйлтэй таарч байгаа юм шиг байж болохгүй. Өөрт аюултай, сэтгэл сэртхийлгэм ямар ч газарт очиж болно.

- Өөр өөр төрлийн осолд тухай тухайн нөхцөлд тохирсон багаж, техник хэрэглэдэг байж таарна. Түүнээсээ сонирхуулаач?

- Хамгийн элбэг ашиглагддаг нь усны завь, мотоцикл байна. Манайд осол аюулаас урьдчилан сэргийлэх багаж хэрэгсэл хангалттай бий. Өмнө нь усны осол, эргүүлд явахдаа сэнсээр эргэж явдаг резинэн завь ашигладаг байсан бол одоо олон улсад хэрэглэдэг сүүлийн үеийн жет хөдөлгүүртэй завь хэрэглэдэг болсон. Бас усны мотоцикл, завь, багаж хэрэгслүүд маань бүгд автомат. Сэнсээр эргэж явдаг завь ашигладаг байхад чулуу хайрганд цохигдох, сэнс болон бусад эд зүйлсээ хугалах гэх мэтийн эрсдэл ихтэй. Одоо бол 40-60 см гүехэн устай газар байсан ч саадгүй явна. Харин өндрийн аюулын тохиолдолд хийлдэг дэр хэрэглэдэг. 10 метр өндөрт ашиглах зориулалттай дэрийг 16 метрийн өндөрт ашиглаж болохгүй. Даац хэтэрч задрах аюултай. Мөн зарим багажнуудыг бид мотор асааж шланк холбоод ажиллуулдаг байсан бол одоо өөр дээрээ батерейтэй болж шинэчлэгдсэн. Авч явахад ч авсаархан.

- Таны аварч байсан хүмүүсээс эргээд холбоо барьж дотноссон хүмүүс бий юу?

- Тийм хүн одоохондоо байхгүй л байна. Аврах ажиллагааны дараа бол баярласан сэтгэгдэлээ хангалттай илэрхийлдэг юм аа. Харин нэг удаа би ажлын хувцастайгаа банкинд оочирлоод зогсож байтал нэг залуу хүрч ирээд “Намайг Дарханы замд автомашины осолд ороход танай нэг албан хаагч ирж миний амийг аварсан байна лээ. Би хэн гэдгийг нь мэдэж амжаагүй. Та надад олоод өгөөч” гэж гуйж байлаа. Би ч тухайн үед “Мэдээд заавал хэлнэ ээ” гээд л салсан. Тэгээд дараа нь тэр аврагчтай холбоо бариулж өгсөн дөө.

- 20 настай шинэ аврагч тань шиг 20 шахам жил ажиллаж байгаа хашир туршлагатай нэгний ажил үүргийн хуваарь өөр байдаг уу?

- Манайхан 24, 48 цагийн ээлжээр үүрэг гүйцэтгэдэг. Нэг бүлэгтээ аврагч нартаа томилж ажиллуулахдаа шинэ хуучнаар нь солбидог юм. Бүлгийн дарга, нэг эмч, жолооч, дөрвөн аврагч үүн дотроо хоёр хуучин, хоёр шинэ аврагч бий. Ингэж нэг нэгэндээ зааварлаж дадлагажуулдаг.

- Та бүхний хувьд домог болж яригддаг, үлгэр дуурайлал болгодог хүн бий юү. Тэр хүнийхээ тухай ярьж өгөөч?

- Д.Отгондэмбэрэл гэж аврагч байна, миний багш юм. Ажилдаа маш шаргуу хүн. Би хэзээ энэ хүн шиг болно доо гэж боддог байв. Дэд хурандаа цолтой Гансүх гэж хүн бас бий. Маш сайн бүлгийн дарга байсан, үлгэр дуурайлал авдаг хүн минь гарцаагүй мөн. Одоо гавьяаныхаа амралтад гарсан байна. Тэр сайхан хүмүүсийн зааж сургасныг шингээж, замаар нь явж өдийг хүрчээ.

- Та манай уншигчдад ах дүү, гэр бүлээ танилцуулаач.

- Би эхээс есүүлээ. Хамгийн том ах маань Улаанбаатар хотод амьдардаг. Тэрний дараагийн ах маань өвчний улмаас бурхан болсон. Нэг дүү маань гадаадад, хоёр  ах, хоёр эгч маань гэр бүлээрээ Ховд аймагтаа аж төрж байна. Ээж минь энэ жил 84 хүрч байгаа. Нутагтаа байж байтал бие нь жаахан ядраад энд ирчихсэн надтай хамт байна даа.

- Ярилцсанд баярлалаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.