Хамгийн олон морь багтаасан зураг
Монголын хамгийн
2023-09-05
Нэг зурагт 70 мянган морь багтаан зурсан тосон будгийн зураг өнөөдөр нийслэл хотын төв дэх “Туушин” зочид буудлын угтах танхимд бий. Өндрөөшөө 7.2 метр, өргөөшөө 4.4 метр хэмжээтэй энэ аварга том зургийг зураач Эршүүгийн Отгонбаяр 2012 онд зуржээ. Ингэхдээ зураач тухайн үед ид баригдаж байсан зочид буудлын барилгын тавдугаар давхарт тусгай өрөөнд ганцаараа олон хоног байж зурсан гэнэ. Захиалагч нь түүнд адуу болоод цог хийморийг дүрсэлсэн зураг зурахыг хүссэнд зураач бээр “Монголын нууц товчоо”-ны үйл явдал, тэр дундаа Бөртэ чоно, Гоо марал хоёр Онон мөрний эх Бурхан халдун ууланд ирж нутагласан домгийг дагнан бясалгаж зурсан гэдэг. "Нутаг мину, хүлэг мину" хэмээх энэ зургийн үндсэн дэвсгэрт жаргалын найман морийг бодит хэмжээгээр зурсан гэх бөгөөд түүнийгээ будгаар хучаад дээр нь маш олон өнгийн эдгээр 70 мянган морийг дүрсэлсэн байна. 2005 оноос хойш Герман улсад амьдарч, уран бүтээлээ туурвиж буй, эдүгээ 42 настай Э.Отгонбаяр нь Монголын урлагийн түүхэнд хилийн чанадад хувийн галерейгээ нээсэн анхны монгол зураач юм. 15 настайдаа анхны үзэсгэлэнгээ гаргасан тэрбээр 2001 оноос хойш эх орондоо төдийгүй дэлхийн 20 гаруй оронд үзэсгэлэн гаргасан байна. “Туушин” компанийн удирдлага дээрх зургийг зуруулахдаа түүнийг Германаас тухайлан урин авчирч байжээ. Морийг нэг дор олноор дүрсэлсэн бүтээл Монголын зураачдын уран санд түгээмэл бий ч ийм олныг нэг зурагт багтаасан нь хараахан үгүй юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.