images

МУИС-ийн багш С.Шаарийбуу: Оросуудтай бильярд тоглосоор байгаад хэлийг нь сурсан

Б.Бадамзул

Хэлтэй бол хөлтэй

2022-12-16


  “Хэлтэй бол хөлтэй” булангийн энэ дугаарт МУИС-ХШУИС-ийн ахмад багш С.Шаарийбуу орос хэл сурсан түүхээ хуваалцлаа.

      Бидний үеийн гадаад хэл гэвэл орос хэл л байлаа. Хүүхэд бидэнд бага сургуулийн дөрөвдүгээр ангиас эхэлж орос хэл заана. Тэгээд арван жил, дээд сургуульд заагаад дараагаар нь эвлэл, намын үүр, үйлдвэрчний дугуйлангаар ч үргэлжлэх нь бий. Намын их, бүгд хурлын материал орос хэлээр гарна. Тэрийг орчуулуулж шалгалт авна. Миний хувьд энэ бүх шатаар нь явсан. Хэл сурвал сурахаар болсон. Гэвч тэр олон жил болоход би орос хэл сураагүй юмдаг. Харин 1984 оноос эхнэр бид хоёр ЗХУ-д ТМС, их, дээд сургуульд сурах хүүхдүүдийг хариуцаж авч явдаг боллоо. Манай эхнэр орос хэлний багш болохоор хурал цуглаанд орчихно. Би болохоор өнөөх хэдэн хүүхдээ хариулаад байж байдаг ажилтай. Тиймээс тэнд байх эхний жил надад оросоор ярих шаардлага гараагүй. Харин дараа жил нь Цагаан ус гэдэг тосгонд очиход төгсөх курсийн ганц анги надад хариуцуулж үлдээчихээд эхнэрийг маань Казакстаны Чимкент гэдэг том хот руу явуулахаар боллоо. Бид хоёр салахаас өөр аргагүй. Уг нь ч хоорондоо хорин хэдхэн километр зайтай газар. Тэгээд тосгонд үлдсэн би оросоор ярьж чаддаггүй. Ярих гэхээр л өнөөх олон тоо, ганц тоо, падеж, би, чи бие нь бодогдоод болохгүй юм. Тэгсэн манай захирал “Чи ажлаа сайн хийдэг. Оюутантай сайн харилцаж, олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг, хүүхдүүдээ сайн хүмүүжүүлдэг. Харин чамтай харилцахад л хэцүү” гэж хэллээ. Бас надад тийм тодорхойлолт бичээд Монгол руу явуулчихдаг юм.

   Энд ирээд хурлаар орсон чинь “Хэл сурна шүү нөхөөр!” гэж байна. Дараа жил нь дахиад ганцаараа явлаа. Нэг өдөр шуудангийн газар орж хүүхдүүдийн ар гэрээс ирсэн захидал, илгээмжийг авах хэрэг гарав. Хүүхдүүдээ тэнээд алга болчихно гээд гадаад паспортыг нь хураагаад авчихсан болохоор тэнд би ганцаараа гадаад паспорттай нь болчихож байгаа юм. Тэгээд шуудан руу явлаа. Өдөржин дугаарласаар байтал 19 цаг болчихов. Багшийг нь байхгүйд хүүхдүүдийн оройн хоолыг өгдөггүй байсан юм. Тэгээд аргаа бараад энгэр дүүрэн медальтай өвгөн дээр очоод “Я гражданин” (би иргэн) гэлээ. Тэгсэн “Я тоже гражданин” (Би ч бас иргэн) гэж байна. Өөр нэг авгай дээр очоод хэллээ. Бас л “Я тоже гражданка” гэв. Яах учраа олж ядаад гадаад паспортаа үзүүлтэл “иностранец” гээд дуу алдаад явчихсан. Тэгсэн бид нарт иргэн гэдэг үг л заагаад өгчихснөөс биш гадаадын иргэн гэхийг өөрөөр хэлнэ гэж заагаагүй хэрэг. Тэгж нэг хүүхдүүдэд ирсэн илгээмжийг аваад буцах замдаа “Би арай ч дээ” гэж өөртөө гутаж байгаа юм.

   Шуудангийн газраас ирээд би захиралдаа хэллээ. “Та надад зах дээрээс бильярдны ширээ аваад өгчих, би орос хэл сурья” гэсэн чинь бүр гайхаад. Гэхдээ авч өгсөөн. Тосгонд орос, узбек, казах янз бүрийн багш нар өдөр нь хичээлээ заачихаад орой нь сэлгүүцээд байж байдаг юм. Манай хажууд нэг гоожуурын шар айрагны газар байсан. Тэндээс 10 литр шар айраг авчраад, хүүхдүүдийг унтсан хойно нөгөө багш нартай чинь бильярд тоглож эхлэв. Сарын дотор тэдэнтэй дураараа ярьдаг болж байгаа юм. Тийм амархан сурдаг юм билээ. Би чинь Орост есдүгээр сард очоод 12 дугаар сард шинэ жилийн баяраар тайзан дээр гараад нэг ч цаас харалгүй мэндчилгээ хэлсэн юм. Тэгтэл захирал “Чи бильярднаас сурчихаж байгаа юм уу?” гэж жигтэйхэн гайхдаг юм. Сүүлдээ өөрөө манай байранд ирж хамт тоглодог боллоо. Ингээд гуравдугаар сард нь тойргийн их сургуулиудын урлаг, спортын наадам манай сургууль дээр болоход би гэдэг хүн шууд илтгэл тавьж байв. Хичээлийн жил дуусахад захирал намайг сарын цалингаар шагнаж “Жилийн дараа оросоор яруу найраг бичдэг болох нь” гэж билээ. Түүний дараа жил Ленинградад дээд сургуульд сурах хүүхдүүд дагуулж очоод тэндээ зургаан жил амьдарсан даа. Ленинградын оросууд чинь сурвалжит язгууртай, цэвэр оросоор маш гоё ярина. Ер нь гаднын хүн эх хэлээр нь ярихад хүмүүс дуртай байдаг. Алдааг нь засаад л өгнө.

   Эцэст нь хэлэхэд хүн хэл сурахын тулд хичээнгүй байх хэрэгтэй. Байгаа газар бүрдээ л нэг нэг өгүүлбэр бичээд байдаг юм. Тэгээд л харилцан яриа зохиогоод байна. Тэрийгээ цээжилчихвэл шууд ярьчихна. Ганц нэг үгээр яах юм, хэрэггүй. Мөн юуны түрүүнд хүн эх хэлээ мэддэг байх хэрэгтэй. Монгол хүн монгол хэлээрээ уншиж, бичиж сурсны дараа л гадаад хэл сурах хэрэгтэй. Хүний цусанд байдаг зүйл бол түүний хэл яриа. Гадаад хэлээр хэлд орчихоор монголоороо аялгатай, сонин ярьдаг болчихдог шүү дээ. Иймээс юуны түрүүнд эх хэлээ л мэдсэн шиг мэддэг болох хэрэгтэй. Тэгэхгүй хоёр юм хөөхөөр аль ч үгүй хоцордог юм даа.    

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Mongol

    Шал утгагүй юм. Өөрөө сурахын оронд надад заагаагүй ч гэх шиг. Дургүй хүрчихлээ.

    2022-12-18

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Иргэн

    Зөв л байна ш дээ.Өөрөө л сурчихаж

    2022-12-18

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.