Их Британи: Уинстон Черчиллийн хөшөөг хамгаалалтад авчээ
Анд нөхдийн мэдээ
2025-05-08
Их Британийн Засгийн газар Лондон хотын төв дэх Парламентын талбайд байдаг Уинстон Черчиллийн хөшөөг хамгаалалтад авснаа өнөөдөр зарлалаа. Ингэснээр уг хөшөөн дээр авиран гарсан, хөшөөг их бага аливаа нэг хэмжээгээр эвдэн сүйтгэсэн этгээдэд хатуу шийтгэл ногдуулахаар болжээ. Хамгаалалтад байлгах дурсгалын жагсаалтад уг хөшөөг оруулснаар, хөшөөнд авиран гарвал гурван сар хүртэл шоронд хорьж, 1000 паундын торгууль ногдуулах болж байна. У.Черчилль хөшөө босгох газрыг 1950-иад оны үед өөрөө сонгосноор 1973 онд энд 3.65 метр өндөр дурсгалын хөшөөг босгосон бөгөөд нээлтэд нь хатан хаан Элизабэт биеэр оролцож байв. Лондоны Вэстминстерийн ордны зэргэлдээх Парламентын талбайд үе үе болдог жагсаалд оролцогсод эсэргүүцлээ илэрхийлэх зорилгоор энэ хөшөөнд хүндэтгэлгүй хандах явдал сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа гарсан юм. 2000 оны тавдугаар сард болсон жагсаалын үеэр тэнгисийн явган цэргийн ахмад дайчин эр хөшөө рүү будаг цацсан хэргээр 30 хоног хоригдох ял авч бол 2014 онд улс төрийн эсэргүүцэл зарласан нэгэн иргэн хөшөөний суурийн тавцан дээр авиран гарч 48 цагийн турш суусны улмаас цагдаад баривчлагдаж байв. Хөшөөг хамгаалалтад авсан шийдвэрийн талаар ерөнхий сайд Кийр Стармер хэлэхдээ "У.Черчилль бол манай улсын хамгийн агуу баатруудын нэг бөгөөд бүх цаг үеийн ерөнхий сайд нарт үлгэр дуурайлал болсоор ирсэн эрхэм хүн. Түүний хөшөөг эсэргүүцлийн талбар болгон ашиглах нь зүй бус явдал мөнөөс мөн” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.