images

Л.Алтангэрэл: Монгол хэлээ сайжруулах хамгийн төгс арга бол гадаад хэл сурах

Н.Ариунсайхан

Хэлтэй бол хөлтэй

2024-11-07


Англи, орос, франц, төвөд зэрэг хэд хэдэн хэлтэй орчуулагч Л.Алтангэрэлийг “Хэлтэй бол хөлтэй” буландаа урилаа. Тэрбээр Ази, Европын олон хэлэнд нэвтэрсэн түүх, туршлага, орчуулгын бүтээл туурвилынхаа талаар ийн өгүүлэв. 

Хамгийн анх үзсэн гадаад хэл төвөд

   Би Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрж өссөн. Хөдөө суманд олигтой унших ном олдохгүй, ямар сайндаа гэрийн авдар дахь баринтагтай хоёр судрыг их шохоорхдог байлаа. Адал явдалтай, амттай роман байгаа байх гэж төсөөлсөн хэрэг. Тэгсэн чинь Бурханы шашны “Жадамба”, “Сундуй” гэдэг хоёр том судар байж таарсан. Тэгээд төвөд үсгээр бичсэнийг нь асууж мэдэнгүүтээ Чойвсүрэн гэдэг хүнээр заалгахаар гэрт нь шууд л яваад оччихов. Манай нутагт дээр үед олон лам байснаас тэр хүн хамгийн мундаг нь байж. 1990-ээд онд шашин ном сэргээд Баянбулаг суманд анхны хийд байгуулагдахад Чойвсүрэн гуай хамба нь болсон. Төвөд үсэг сурья гээд жаахан хүүхэд яваад очихоор өхөөрдсөн үү, “Чи маргааш хүрээд ир” л гэж байна. Хэлсэн ёсоор нь “Нэрийн толь” гэж сурах бичиг өвөртөлж гэрт нь очоод хэдэн сар ноцолдсон доо. Ингээд үсгээ ч сурчихлаа. Тэгээд холбож унших гэсэн чинь ер болдоггүй. Ганц үсгийг нь нүдлээд яаж уншиж сурах вэ дээ. Тэгээд гүйцэд ч сурч амжилгүй сургуулиа төгсөөд аймаг руугаа шилжсэн дээ.

Англи хэлийг Москвад сурав

   Манай аймаг хоёрхон сургуультай байсны нэг нь математикийн, нөгөө нь орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай. Орос хэлний гүнзгийд элстэл Лосолмаа гэж айхтар чанга багштай таардаг юм байна. Гүнзгий анги болохоор өдөр болгон даалгавар шалгана. Монголд орос хэлээр гардаг “Новости Монголии” сониноос юм цээжилж ирэх даалгавар өгнө, өдөр бүр асуугдана. Тэгж явсаар конкурс болж, 1989 онд Москвад цэргийн сургуульд хуульчаар сурахаар болов. Тэр үед Монголоос Зөвлөлтөд оюутан бэлтгэх хамгийн сүүлийн давалгаа явж байлаа. Надтай нийлээд үеийн таван нөхөр цэргийн сургуульд хуваарилагдан очоод өөр өөр хэлний ангид сонгож орцгоосон. Түрүү жил нь хэлний бэлтгэлд сууж байсан хүүхдүүд дээр бид хэд нэмэгдэж 10-уулаа болов. Манай ангиас Зөвлөлтөд хуваарь авсан хүүхдүүд хэлний бэлтгэл дамжилгүй шууд үндсэн ангидаа орж байсан. Орос хэлийг тийм л сайн сурсан байгаа юм.

   Ингээд хичээл эхэллээ. Хэлний хичээл болохоор бүгд өөр өөр анги руу яваад өгнө. Багш нар нь ээлжилж хичээлээ заачхаад гараад явна. Монголоос Н.Цогтоо гэдэг хүүхэдтэй хоёулханаа англи хэлний ангид орсон юм. Оюутан цагаас хойш салалгүй нөхөрлөсөн Н.Цогтоо маань одоо олон улсын өмгөөлөгчөөр ажиллаж байна. Бид хоёрт өглөө болгон BBС радиогийн 60 минутын мэдээг сонсгоод, ойлгосноо ярь гэдэг байв. Ямар ч гадаад хэлний сургуульд сонсох хичээл маш чухал байдгийг тэндээс харсан. Өдөр шөнөгүй сонсоод, давтаж яриад байхаар тэр хэлийг хүн сурах нь зайлшгүй юм. Мэдээ уншихын өмнө явдаг нэг ая байдаг даа. Тэр нэг хэсэг зүүдлэгдэх нь холгүй, чихэнд хоногшчихсон байж билээ. Сурах бичгээ бол сургуулийн номын сангаас авч хэрэглэнэ, заримдаа “Прогресс” гэдэг номын дэлгүүрээс хэрэгтэйгээ олоод үзчихнэ. Англи хэлний хажуугаар орос хэлний хичээл орохоор багш нь “Маш сайн сурсан байна” гэдэг. Харин Монголоос англи хэлний ”а” ч үгүй очоод өдөр болгон завсаргүй үзсэн дээ. Дадлага хийх боломж байхгүй, орос багш нартайгаа л ярина. Төгсөхдөө орос маягийн бритиш дуудлагатай болсон байлаа. Хэлний тэнхимийн багш нарын маань ихэнх нь эмэгтэй. Бусад хичээлдээ муу авах, хэрэг тариад сургуулиас хөөгдөх болоход тэд бидний аминд их ордог байсан юм. Тэнхимийн захирал Зинаида Баранова гэж орос, хятад дэлгэрэнгүй толь зохиож, төрийн шагнал хүртсэн хүн байв. Тэр багш маш хүчтэй. Төрийн шагналтай учраас цэргийн дарга нараасаа илүү нэр нөлөөтэй. Монголчуудыг хөөгдөх болохоор юу юугүй сургуулийн захирал руу давхиж ороод л дагуулаад гараад ирдэг байсан.

   1991 онд гуравдугаар курсэд ордог жил ЗХУ задарч М.Горбачёвын үеийн уналт эхлэв. Нутагтаа амралтаараа ирээд, буцах эсэхээ мэдэхгүй байтал гэнэт л биднийг төгсгөх шийдвэр гарсан уу, хүрээд ир гэж байна. Тэгтэл намар нь Орост төрийн эргэлт гарч, Цагаан ордноо танкаар буудаж, Москва хот хэд хоног үймлээ. Дэлгүүрт нь юм ховордож, хүнсээ авъя гэхнээ дараалал нь дийлдэхгүй болсон байв. Орой найман цагаас хойш гадуур явж болохгүй гээд хөл хорьчихно. Метронд явж байгаад цаг нь болчихвол гаргахгүй, тэндээ хононо. Би ч хэд хэдэн удаа метронд хоносон удаатай. Гэхдээ оюутан байсан болоод ч тэр үү, шилжилтийн үеийн хүнд хэцүүг айхтар амсаж мэдрээгүй өнгөрсөөн.  

  Франц хэл оролдсон минь

   Москвад өрөөний маань найз Гантуг франц хэлний ангид сурдаг байв. Тэр үед зөвхөн франц хэлтэй хүмүүсийг оруулж, франц кино үзүүлдэг театр шинээр нээгдсэн сургаар хоёул хамт явахаар болдог юм. Франц кино, ном, сурах бичиг их сонирхолтой санагддаг байсан үе. Тэгтэл өнөөх маань гэнэт ажилтай болж, аргагүйн эрхэнд би “Сайн байна уу?”, “Баярлалаа”, “Баяртай” гэсэн гуравхан франц үг заалгачхаад давхиж очив. Үүдэнд нь нэг эмэгтэй, ирсэн хүмүүстэй ярилцаад оруулж байна. Би ч зориглоод “Сайн байна уу?” гэтэл урдаас баахан юм ярьж гарав аа. Тэгэхээр нь “Баярлалаа” гэж хагас хугас хэлээд орох гэтэл баригдаад “Баяртай”-гаа арай гэж амжиж хэлээд хөөгдсөн дөө. Сүүлд нь дахиж өнөө театртаа очоод, үүдэнд зогсдог хүний нүдийг хариулж байж, кино эхэлсэн хойно дундаас нь явж орсон. Харин сургуулиа төгсөж ирээд тэр гурван үгээ чөлөөтэй хэрэглэх хэмжээнд хүртэл хичээж үзэв. Цуглуулсан хэдэн номоо уйгагүй эргүүлж тойруулсаар уншиж, бичиж сурлаа. Тэгээд гадаадад хоёр удаа ажилласны маань нэг нь Бельгийн Брюссель дэх Монгол улсын Элчин сайдын яам байв. Франц хэлний суурьтай байсан учир тэнд томилолт аваад гурван жил гаруй ажилласан. Очсоноос хойш жилийн дараа л чих онгойж байлаа. Нөгөө томилолт маань гэвэл Вашингтонд.  

Ажлын хэл англи, орос, франц

   Миний ажлын хэл бол англи, орос, франц гурав. Бусдыг нь унших, судлах гэхчлэн янз бүрийн түвшинд сурсан. Жишээлбэл, төвөдөөр би ярьж чадахгүй. Төвөд ярианы хэл төвөгтэй. Буддын шашны лам нарын хэрэглэдэг нь бүр дээр үеийнх. Энэтхэгийн Дарамсалад сурсан хүмүүс төвөдөөр ярьж сурдаг ч тэр нь жирийн хүнд ойлгогдохгүй. Монголчуудын уншиж ойлгоод байдаг нь бол цэвэр бичгийн хэл. Манж хэлээр бол ном, сурах бичиг уншиж чаддаг ч ярьж ерөөсөө үзээгүй. Ярих хүн байхгүй. Санскритээр бага зэрэг уншина. Гэхдээ хэцүү. Би Токиогийн Софиа их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр хоёр жил англи хэлээр сурч магистр хамгаалсан. Магистрын ажлын хажуугаар бичгийн хэлний 500 ханз үзээд тэрнээс цааш үргэлжлүүлээгүй. Ярианы япон хэл бага зэрэг сурсан. Япон хэл сурахад эхэндээ амархан мөртлөө гүнзгийрэх тусам улам хэцүү болдог зүй тогтолтой учраас олигтой сурсан гэж хэлж чадахгүй. Лавшруулж үзэх тусам хэцүү болдог гэдэг. Герман, испани хоёроор бол ном, зохиол унших хэмжээнд байна. Ярих боломж гараагүй. Нидерланд хэлийг нэлээд оролдож байсан ч ярих хэмжээнд хүрч чадаагүй. Нидерланд хэл бол герман хэлний, манайхаар бол дөрвөд аялгуу учраас сурахад амархан. Англи хэл чинь угаасаа герман хэл шүү дээ. Орост цэргийн сургуульд англи хэл сурснаа дээр хэлсэн. Бүтэн таван жил өдөр бүр нүдүүлэхээр ямар ч хэлийг хүссэн, хүсээгүй сурч л таарна.

Гадаад хэлийг мянган цаг сонсож байж чих онгойдог

   Гадаадад орчуулагч хүний сонирхлыг татах зүйлтэй тийм олон таарахгүй. Харин хэн нэгэнтэй ярих боломжийг их хайдаг. Шинэ сурч байгаа хэлээрээ ярих гэж оролдоно. Хүмүүсийн ярихыг сонсоод чихээ онгойлгоно, тэр үеүд сэтгэл догдлуулдаг. Мэдээж, номын дэлгүүрээр нь орж шинэ содон ном, толь бичиг хайна. Гадаад хэлийг дор хаяж мянган цаг сонсож байж чих онгойдог. Өдөрт нэг цаг сонсоод байвал гурван жилийн дараа чих онгойно гэсэн үг. Хамгийн шалгарсан арга бол сонсох. Радио, подкаст гээд алийг нь ч хамаагүй сонсоод л байх хэрэгтэй. Унших бол зовоод байхаар зүйл биш. Сайн франц хэлтэй бол итали, испани, португал, румын, молдав хэл амархан. Эд нар чинь бүгд латин хэлнээс гаралтай, үгсийн сан ойролцоо. Англи хэл бол угтаа герман хэл. Англи, нидерланд, герман гурав баруун герман хэлний овогт багтдаг ч англи хэлэнд франц хэлний нөлөө их орчихсон учраас бусдаасаа арай өөр байдаг. Харин герман, нидерланд хоёрын үгсийн сан ойролцоо. Герман хэлний овогт дани, швед, норвеги, исланд хүртэл байна. Зүүн слав гэдгээрээ орос, беларусь, украин гурав ойролцоо, төв слав гэдгээр бол чех, словак, польш хэлнүүд ойролцоо байна. Европын хэлнүүдэд энэ мэт төстэй зүйл зөндөө. Харин европчуудад урал-алтай хэл сурахад төвөгтэй байдаг бол монголчуудад амархан.

Толь бичиг миний гарын авлага

   Би франц хэлнээс үг хайхдаа О.Ковалескийн “Монгол-орос-франц толь”-ийг баримталдаг. Гурван боть нь надад эх хувиараа бий. Мөн 18 дугаар зууны монгол-орос толь, сүүлд Оросын Шинжлэх ухааны академиас гаргасан таван дэвтэрт хуучны үг  түлхүү оруулсан байдаг. Харин төвөд-монгол толь гэвэл “Мэргэд гарахын орон”-ыг гарын авлага болгоно. 11 бүлэгтэй энэ бүтээлийг Жанжаа хутагт Ролбийдорж тэргүүтэй олон мэргэд 1742 онд Монголын өнцөг булан бүрт түгээн, орчуулгын цааз болгож тогтоохоор бүтээсэн байдаг. Манж хэлний толиуд дээр үед түгээмэл гарч байсан. Бүр хааны зарлигаар зохиосон манж, монгол, хятад хэлний толь бичиг ч байдаг. Дээр нь бас 14 дүгээр зууны үед зохиогдсон араб-перс-монгол, араб-монгол хэлний толь бичиг хэрэглэнэ. Учир нь олдохгүй өөр хуучин монгол үгнүүдийг “Эртний түрэг толь”-иос хайна. 2000 үгтэй энэ тольд хадны олон бичээсэн дэх үгийн тайлал, эртний уйгур үг үсэг бүгд байдаг.

Монгол хэлний учрыг олъё гэвэл манж, эртний түрэг хэлийг сур

   Монгол хэлний учрыг олъё гэвэл манж, эртний түрэг хэлийг судлах нь зүйтэй. Жишээ нь, нүнжиг гэдэг нь төвөдөөр өөх тос гэдэг үгний шууд орчуулга, пологтох гэдэг нь гэдэс өвдөх гэх мэтчилэн үгийн утгын тайлбартай олон таарч болно. Сонгодог монгол бичгийн өгүүлбэр маш урт мөртлөө найруулга нь ямар ч алдаагүй байдаг. Манай монгол хэлний язгуур найруулга маш богинохон. “Монголын нууц товчоо” гэхэд л олон мэдээлэл агуулсан мөртлөө богинохон өгүүлбэрээр бичигдсэн байдаг. Манж хэлнээс орчуулга хийлээ гэж бодоход энэ хэл монгол хэлний төрөл хэл учраас манж үгийг тэр чигээр нь монгол болгоод тийн ялгалын тохиргоог нь дагуулаад тавьчихвал найруулга нь лав толгой өвтгөхгүй. Цэг, таслал тавихгүй, байгаагаар нь л шууд орчуулчихад сайн найруулгатай болдог. Бичгийг нь манайхны авсан уйгур хэл бол ерөөсөө эртний түрэг хэлэнд хамаарна. Тэгвэл тэр эртний түрэг хэл нь эртний монгол хэлтэй маш ойролцоо. Монголчууд малаа туухдаа “хөж” гэж хэлдэг нь эртний түрэгээр ”яв” гэсэн утгатай байх жишээтэй. Бас унагыг гүрий гэнэ. Монголын хөдөөд хэрэглэдэг янгирцаг, сагалдарга, хөмөлдрөг гэдэг үгнүүд түрэг, монгол хэлний дундын үг. Хэн нь хэнээсээ авсныг мэдэх аргагүй гэсэн үг.

Гадаад хэл сурснаар эх хэлнийхээ мэдлэгийг сайжруулсан

   Ямар ч хэлийг тодорхой зорилготой сурвал хурдан байдаг. Буддын судар, тэр дотроо чанад билгийн тухай ном уншъя гэвэл санскрит хэлийг сурах хандлага, зарцуулах хугацаа тодорхой болоод ирнэ. Уран зохиолын орчуулга хийе гэвэл бас өөр. Хэл сурахад бүх зүйлийг нь сурах гээд дүрэм, авиа зүй, үг, онолыг нэгд нэггүй цээжлээд байх хэрэггүй. Ийм асуудал дээр олон жил гацчихсан хүмүүс байдаг. Нэг бол дүрэм, авиа зүйг жаахан үзэж байгаад л хаячихна. Хэл үзэж байгаа хүн өдөр болгон алгасахгүй ноцолдох хэрэгтэй. Тэр нь зургаан сарын дараа гэхэд зуршил болчихно.

   Олон хэл сурсны маань хамгийн том олз гэвэл монгол хэл, найруулгаа сайжруулсан явдал гэж би боддог. Тэгэхээр төрөлх хэлнийхээ найруулгыг сайжруулах, үгийн баялгаа нэмэгдүүлэх хамгийн сайн арга бол гадаад хэл сурах явдал гэж хэлье.   

 Жадамба”, “Сундуй” монгол хэлнээ орчуулсан нь.

“Жадамба”, “Сундуй”-г англиар уншив

   Намайг хүүхэд байхад айл болгоны авдарт “Жадамба”, “Сундуй” хоёр байдаг байв. Манайд ч энэ хоёроос гадна олон бурханы ном байсан нь өвөө маань лам байсантай холбоотой гэдэг. Бурхан тахил, ном судар хураасан хатуу цагаар эмээ маань өвөөгийн номыг даахаараа үүрч аваачаад л хадны завсар хийгээд байж. Нэг өдөр энэ хоёрыг үлдчихээр маргааш нь аваачихаар бодоод, боож тавьсан байгаа юм. Өглөө нь босоод явах гэтэл хөлийнх нь шөрмөс татчихаад ер хөдөлж болдоггүй гэнэ. Тэгэхээр нь “За авдартаа үлдээчихье” гээд орхисон нь хожим хэргээ гаргасан даа. Бусдыг нь бол юм хураасан улс уул хадаар нэгжиж байгаад олоод авсан байгаа юм. Арай л айлын авдар сав ухдаггүй байсан үе юм уу даа.

   Тэр хоёр судрыг айхтар увдистай эд байсныг би сүүлд мэдэв. Мэдэх мэдэхдээ бүр англиар уншиж байж шүү. “Жадамба” судар ганцхан Буддын гүн ухааны сэдэвтэй бол “Сундуй” 160 гаруй жижиг тогтоол тарниас бүрддэг. “Жадамба” судрыг санскрит буюу самгарди хэлнээс англи руу Английн эрдэмтэн Эдвард Конзэ 1960-1970 оны үед орчуулсныг нь олж үзсэн. Тэр бол Бурханы шашны ном орчуулдгаараа гарамгай хүн. Тун ч энгийн үгээр ойлгомжтой, судалгаатай хийсэн байгаа юм. Э.Конзэгийн тиймэрхүү ном нь ховордсон, үнэтэй ч болсон. Интернэтээс захиалж авахгүй бол олдохгүй. Бас “Жадамба”-ыг төвөдөөс нь франц руу шууд орчуулсан хувилбар ч байдаг. Хожим хэргийг нь гаргасны учир юу гээч. Би энэ хоёр судрыг орчин үеийн монгол хэл рүү орчуулахаар шийдсэн юм.

Хоёр судрыг хэрхэн орчуулав?

   Дээд сургууль төгссөн хойно ч миний багын сониуч зан ер өөрчлөгдөөгүй байжээ. Нэг мэдсэн чинь, энэ хоёрыг орчуулна гэчихсэн явж байв. Сурах бичгээс би тухайн хэлний зүй тогтлыг ерөнхийд нь харчихдаг болохоор латин хэлний хамгийн мундаг хоёр сурах бичгийг уншиж байлаа. Төвөггүй ч байсан, интернэт ч сайн ухдаг байв. “Ганжуур”, “Данжуур” гээд хамаг том судрууд төвөд хэлээр ямар ч төлбөргүй тэнд байна. Заримдаа жаахан хандив өгөөд л гар утсан дээрээ татаж аваад уншчихна. Бельгид байхдаа би Леүвений их сургуулийн номын сангаар зориуд орсон юм. XVIII зууны сүүл үед Төв Ази, Хятадын нутгаар шашин дэлгэрүүлэгчид их явсан юм билээ. Тэдний цуглуулсан эд өлгийн зүйл, ном судрын дийлэнх нь Леүвений их сургуулийн номын санд байдаг. Гадаад орнууд дахь монгол судлалын төвүүд яг л тийм замаар бий болдог шүү дээ. Тэгвэл Леүвений их сургуулийн номын санд “Жадамба”, “Сундуй” хоёул байгааг харахад, цаана нь ямар их зүйл байгаа бол гэж бодогдож сонирхол татсан.

   Энэ хоёр судрыг орчуулахад лам нар болоод төвөд хэлний судлаачидтай уулзсан тохиолдол үгүй. Ийм хэмжээний орчуулга хийхэд уншдаг, бичдэг байхад л хангалттай юм. Ингээд Эдвард Конзэгийн англи орчуулгыг барьж аваад санскрит, франц, хуучин монгол орчуулгатай нь тулгаж харлаа. Нэг л болмоор санагдаад ажлынхаа завсар зайгаар хуудас хуудсаар явуулаад л байсан. Харин “Сундуй” жижиг тарниуд олонтой, англиар орчуулагдаагүй заримыг нь төвөд, санскрит хэлнээс хайж, дэс дараалал тогтооход техник ажиллагаа их байв. Гэсэн ч төвөд, хуучин монгол хэл дээрх тарнийн дэс дарааг баримталсан. Хэдий орчин үеийн монгол хэлэнд орчуулах зорилго тавьсан ч тарнийн ид шидийг бууруулахгүй байх хэрэгтэй. Тиймээс олон улсын галиг буюу санскритаар бичих хэрэгтэй болсон. Энэ нь ч зөв дуудлагатай уншихад нэмэртэй шүү дээ. “Жадамба”-ыг орчуулахдаа төвөд, хуучин монгол бичгээр давхар хадмал хийсэн. Ядаж л лам нар уншаад юу гэж байгааг нь ойлгох хэрэгтэй. Сүүлд хэвлэхдээ харин хадмал, зүүлтийг нь тэр чигээр нь хассан.

   Орчуулга хийхэд утга санаанд төвлөрөхөөсөө илүү техник ажиллагаанд анхаардаг. Ховор монгол үг таарахаар нь тогтоож авна уу гэхээс дараа нь бүтнээр нь санахад бэрх. “Жадамба” сударт “Чанадын билиг” буюу хоосон чанар гэсэн сэдэв бий. Тэр хэсгийг би төвөд, англи, францаар нь уншаад утгыг нь ойлгоогүй. Өөрийнхөө орчуулгыг ч хараад ойлгоогүй юмдаг. Одоо миний санаж байгаагаас шарайд гэдэг үг хуучин монгол хэлэнд шударга ёс гэдэг утгаар хэрэглэгдэж байсан юм билээ. Есүс Христосыг гэхэд сири дуудлагаар нь Ишая Миших, Ромын папыг Ромын аба гэж орчуулдаг байж. “Жадамба” бол найман мянган мөр шүлэг. Зарим хэсэг нь маш олон давтагддаг. Учир нь дээшээгээ арван мянгат, арван найман мянгат, хорин таван мянгат гээд хамгийн дэлгэрэнгүй нь зуун мянгат мөр шүлэг хүртэл байдаг. Зуун мянган мөр шүлэг гэхэд “Жадамба” шиг ганцхан сэдэвтэй 12 дэвтэртэй шүлэг байна гэсэн үг. Тэгэхээр хамгийн хураангуйг нь би орчуулсан гэсэн үг. Сонирхуулж хэлэхэд, тарни гэдэг нь тогтоол гэсэн утгатай, төвөд үсгээр бичсэн санскрит үг. Зарим нь ямар ч утга учиргүй толгой холбосон үеүд байдаг. Цээжлэхэд зориулагдсан үеэр нь тэгшитгэж бичсэн нь тэр.

М.Прустыг нухахуй

   Одоо би М.Прустын “Алдуул цагийн эрэлд” романыг орчуулж байна. Эхний хоёр ботийг нь орчуулсан. Нийт долоон боть романаас тав нь орчуулагдаагүй үлдэж байгаа юм. Эхний дэвтэр “Сувааны зүг” романыг 2020 онд хэвлүүлсэн. 2000 гаруй дүртэй, 3200 хуудас бүхий энэ романыг франц хэлнээс голлож англи, оростой нь харгуулан сонгодог монгол бичгийн хэлээр орчуулж цувралаар хэвлүүлэх төлөвлөгөөтэй. Дундуур нь бас нэг ном гараас гаргах санаатай. Ажлынхаа дундуур өдөрт зургаан хуудас орчуулчихдаг. Уран зохиолын орчуулга арай хялбар ч М.Прустынх хүнд. Нэг хуудсыг дор хаяж 4-5 цаг сууж орчуулдаг. Миний орчуулгын арга бол харьцуулах. Нэгдүгээрт, алдаа гарах нь бага, хоёрдугаарт, өөр хэл рүү орчуулсан шийдлүүд нь сонирхолтой байдаг.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Ориг

    Урьдын авьяас сайн торджээ

    2024-11-12

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.