Д.Трамп генералуудаа цомхотгоно
Анд нөхдийн мэдээ
2025-05-08
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгзэт ерөнхийлөгч Дональд Трампын өгсөн чиглэлийн дагуу Зэвсэгт хүчний удирдлага дахь генерал, адмирал цолтнуудын 20 хувийг цомхотгох тушаал гаргаснаа X сүлжээнд зарлалаа. Тэрбээр энэ шийдвэрээ “Пентагоны удирдах түвшний үйл ажиллагааны үр дүнг сайжруулахын тулд” хэмээн тайлбарлажээ. Гэвч энэ нь армийг улс төржүүлэх сөрөг үр дагавартай хэмээн шүүмжлэгчид үзэж байна. Энхийн цагт хэрэглэдэг цэргийн дээд цол болох генерал, түүнтэй дүйх адмирал цолны дээр зөвхөн армийн генерал, цэргийн нисэх хүчний генерал цол л байдаг бөгөөд тэдгээр нь зөвхөн дайны цагт хэрэглэгддэг юм. Өнөөдрийн байдлаар АНУ-д генерал цолтон 900 гаруй байгаа бөгөөд Батлан хамгаалахын сайд тэдний тавны нэгийг цомхотгохыг тушаажээ. Иракт алба хааж байсан, одоо Ардчилсан намаас сонгогдсон Конгрессын гишүүн Сэт Молтон П.Хэгзэтийн энэ шийдвэрийг “армийг улс төржүүлэх оролдлого” хэмээн нэрлээд “Хэгзэт Трамптай санал нийлдэггүй бүх генералыг халах үндэс сууриа тавилаа” гэсэн байна. Нэгдүгээр сараас хойш Цагаан ордон Тэнгисийн цэргийн хүчний командлагч Лиза Франкетти тэргүүтэй хэд хэдэн генералыг ажлаас нь халсан юм. АНУ-д цэргийнхэн улс төрөөс хол байж, хоёр намын аль алины бодлогыг хэрэгжүүлдэг тул сонгуулийн дараа Пентагоны удирдах түвшинд халаа сэлгээ хийдэг нь ердийн үзэгдэл болжээ.
Гэрэл зургийн эх сурвалж: www.euronews.com
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.