Хятад: Шоронгоос суллагдмагцаа цахим орчинд алдаршсан бүсгүйн хаягийг хаав
Анд нөхдийн мэдээ
2025-05-08
Хятадад гэмт хэрэг үйлдсэний улмаас ял эдлээд суллагдсан бүсгүй цахим орчинд ихэд алдарших болсон тул хаягийг нь хаажээ. “South China Morning Post” сонины мэдээлснээр энэ нь Сычуань мужийн Мианьян хотын иргэн, одоо 26 настай Чин Жинлян хорих газраас суллагдсаныхаа дараа нээж, нэг сар орчим хугацаанд ашигласан цахим хаяг аж. Тэрбээр өсвөр насандаа сурлага муутайн улмаас дунд сургуулиасаа хөөгдсөн бөгөөд дараа нь баарны үйлчлэгчийн дүр эсгэн 10 гишүүнтэй залилангийн бүлэг байгуулж олон хүнийг хохироосон байна. 2018 онд цагдаа нар түүнийг эрэн сурвалжилж, гэрэл зургийг нь олон нийтийн газраар тараажээ. Гэтэл түүний зураг дээрх дүр төрхийг цахим хэрэглэгчид ихэд таашааж "Хамгийн үзэсгэлэнтэй гэмт хэрэгтэн" гэсэн хоч хүртэл өгсөн байна. Эцэст нь тэрбээр баригдаж, бусдад 1.4 сая юанийн хохирол учруулсан хэргээр нэг жил, хоёр сарын хорих ялаар шийтгүүлэн, хорих ялаа бүрэн эдлээд саяхан суллагджээ. Суллагдсаныхаа дараахан буюу өнгөрсөн гуравдугаар сард Чин Жинлян Хятадын “Douyin” цахим сүлжээнд хаяг нээж, профайл танилцуулга дээрээ эрэн сурвалжлагдаж байх үеийн зургаа байршуулсан төдийгүй "2018 онд гэмтэн болж байсан хүн одоо шинээр амьдарч эхэллээ" гэсэн тайлбар хийжээ. Гуравдугаар сарын 19-нөөс хойш тэрбээр цахим хуудсандаа нийт 12 бичлэг оруулсан бөгөөд эдгээр нь голдуу өөрөө яг гэмт хэрэг үйлдсэн эсэх, шоронд хоригдож байх үеийн явдал, бас залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө зэргийг нийтэлснээр хэдхэн хоногийн дотор 10 мянга гаруй дагагчтай болсон байна. Харин өнгөрсөн сарын 27-ны өдөр “Douyin” түүний хаягийг хаажээ. Ингэхдээ “Шоронгийн болон гэмт хэргийн үйл явдлаар ашиг олохыг санаархсан” хэмээн тайлбарлажээ. Гэтэл цахим дагагчид түүнийг өмөөрч, ялаа бүрэн эдэлсэн тул эрх чөлөөтэй байлгахыг шаардсан байна. Чин Жинлянгийн хаягийг нээх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.