images

Пунцагийн Бадарчийн уулгүй хадгалсан ганц шил юм


Эрдэмтэн зохиолч Л.Түдэвийн дурсамж

   “Тээр жил П.Лувсанцэрэн бид нар Өвөрхангай орохоор явж байлаа. Яг зам дээр Төв аймгийн Эрдэнэсант сум тохиолдох тул түүгээр орох ёстой гэсэн бодол гэв гэнэт зам гарчихсан хойно бид хоёрын сэтгэлд орж ирэв. Яагаад гэвэл тэнд мөнөөх П.Бадарч маань байгаа. Түүний царайг харахгүйгээр тойрон өнгөрвөл нүгэл болно. П.Бадарч маань мөнөөхөн суманд ажиллахаар уран бүтээлийн урт хугацааны томилолтоор яваад удаагүй байсан цаг.  Үд дундын хэрд Эрдэнэсантын төвд хүрлээ. Шууд л сумын Соёлын төв гэгдэх хэн хүний мэдэх тэр байшин руу хүрч очлоо. Сумын клубын эрхлэгч болоод нэг их удаагүй байгаа Бадарч хэмээх хүнийг ажлын байрнаас нь өөр газраас эрж хайгаад ч олоход бэрх гэж бодсон хэрэг. Нөгөөтэйгүүр мань эр ажил дээрээ байгаа эсэхэд бас эргэлзэж байлаа. Гэвч мань эр ажил дээрээ байж байв. Тэр даруй бид шуугиантайяа уулзаж тэр соёлын ордноо юуны урд бидэнд үзүүлэв. Тэр цагийн араншингаар чимэглэж, ухуулах болон хүндэт самбар хадсан олны хөл оройдоо тасардагггүй тийм нэг байшингийн эзэн болсон ажээ. “Хөдөөгийн уул талаар соёлын үр түгээхийг оролдож сууна” гэж тэр ярив. Нээрээ ч соёл түгээхээр ихэд чармайж зураач, ухуулагч, жүжигчин, найруулагч, бас зарлагч болж үздэг гэнэ. Явахдаа бид түүнд бэлэг болгож ердөө мухар сөөм хэрийн жижигхэн шилтэй нанчид, оросуудын хэлдгээр “четвертика” буюу дөрвөний нэг гээч 125 грамм, өөрөөр хэлбэл ердөө “Ганц зуу татчих” гэсэн юм шиг бяцхан архи бэлэглэв. Улаанбаатарт байхдаа тийм хэмжээний юмыг огтхон ч тоодоггүй тэр эрийг сонжсон ч юм шиг, бас дооглосон ч юм шиг “бэлэг” өгсөндөө бид хоёр нэрэлхсэн боловч “Ийм юм бараг хэрэггүй биз дээ. Гэвч бага ч гэсэн чанартай нь дээр” гэх маягийн үгээр дүйвээн хошигноод салж одов. Цааш явах замдаа бид хоёр “За мань эр ганцхан балгачихаад хоосон шилийг нь бидний хойноос шидэж орхио биз” гэж ярьцгааж явлаа. Хэд хоногийн дараа эргэх замдаа ахин уулзахаар болзсон ёсоор хүрч ирвэл Бадарч маань малийтал инээчихсэн “Манайд буугаад явцгаа” гэж урив. Бид тэднийд очвол хоол цай бэлтгэчихсэн, авгай нь ажлаасаа ирчихсэн их л найрсаг байлаа. Бид цай хоолноос идэж яриа дэлгэв. Тэгтэл Бадарч бага зэрэг ичингүйрсэн дуугаар “Эд нь эзнээ таньдаггүй юм гэнэ лээ” гэнгүүт өнөөх бидний өгсөн бяцхан бондгор шилтийг гарган ирж дөрөв хуваан хундагалав. “Яаж түүнийг хадгалж чадав аа. Эсвэл мань эр биднээр даапаалж байна уу?” гэж дотроо сэжиглэн бодлоо. Тэр бодлыг минь уншсан юм шиг мэдэрч “Манай энд энэ гайхал тасарч орхиод ойрдоо нүдний гэм” гэж тайлбарлалаа. Нүд ирмэх зуур хөнтөрчихөж болох тэр жижигхэн, бас дуртай юмаа хадгалах тэвчээр гаргасанд нь гайхаж, бас ч бахархмаар санагдсан билээ. Тэрбээр амьдралын нэлээд бартаатай, яггүй замыг туулсан, өөрийн үеийн яруу найрагчдын дотроос цэрэгт, тэр тусмаа хилийн цэрэгт удтал алба хааж цэрэг хүний амьдралын хатуу шаардлага, нарийн дэглэмийг дааж чадсан цөөхөн эрсийн нэгэн билээ”.

Пунцагийн Бадарч. “Юм юмнаасаа” ном. 2022 он. 263-264 дүгээр тал.