images

Шороотын Цэвээний сэтгэлт бүсгүй Дулмаа буюу Сосор жүжигчний тухай


Ардын уран зохиолч, яруу найрагч Пунцагийн Бадарчийн дурсамж  

   “Миний залууд Улаанбаатарын хамгийн хөл хөдөлгөөнтэй гудамжаар хуучин зах гэгдэх, хоёр талаар нь малгайчин, будагчин, боовчин, гуталчин, бас морь тахлагч, дугуй засварчид, гэрэл зурагчид байрлах, урд талаар нь ууш зуушийн газрууд, баруун өнцөгт нь Сияанз гэгдэх хятадын жүжиг таанц, тоглоомын клубтэй байв даа. Түүгээр холхих олны дунд хүрэн ягаандуу дээлийнхээ энгэрт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зүүсэн махлаг бор авгай дуу шуутайхан явдагсан. Энэ хүн бол “Монгол хүү” хэмээх Монголын анхны уран сайхны кинонд тоглосон гавьяат жүжигчин Сосор гуай байжээ. Одоо бол тэр гудамж нь Урт цагааны гудамж л даа. Нэгэнтээ Сосор гуай олон хүн тойрсны дунд дуулж, бүжиглэж олны анхаарал татаж, сүүл хэрд нь тэр үеийн яриагаар бол цуурч, бас бяцхан агсамнаж байхыг нь харсан юм. “Маршалын өгсөн одонг шил монополоос өгнө яадгийм, авах уу?” гэж байж билээ. Түүнээс хойш хориод жилийн дараа буюу 1976 оны долдугаар сарын 13-нд Төв цэнгэлдэх орчимд таарсан юм. Наадам тарсны маргааш мухлагууд бараагаа ачиж, архи, пиво элбэг дэлбэг, хүн амьтан хомс тул би англи хэлний багш Авир найзтайгаа хамт Төв цэнгэлдэх ортол бусагхан бургасны сүүдэрт дуу нь чангарсан хүмүүс байгааг бараадан очвол мөнөөх л Сосор гуай, “лапатка” хэмээх Сундуй, бас нэг хар юм гурав сууж байна. Очтол Сосор гуай архиа харамласан уу, ерөөс хажигласан уу, “Зайлцгаа, юун новшнууд вэ” гэх нь тэр. “Би зохиолч хүн байна” гэтэл “Үхсэн хойноо, хэн чамд итгэх юм” гэхээр нь Зохиолчдын эвлэлийн гишүүний үнэмлэхээ сарвайтал шувт татан аваад татвар хураасныг тэмдэглэдэг голынх нь хуудсыг тасдан хаядаг байгаа. Би уурлаж уцаарласан ч үгүй. “Би таныг хүндэтгэдэг. Та чинь алдарт жүжигчин шүү дээ” гэвэл нэг муухан инээмээр аядсанаа “За суу. Шартаа л биз дээ” гээд зөөлрөв. Бас л хээтэй улаан торгон дээлтэй, одонтойгоо л явсансан. Бид хоёр шил архиа гаргаж, би ганц нэг шүлгийн мөр бадаг унштал Сосор гуай уярч, нүдэндээ нулимс мэлмэрүүлэн Богд уул руу харж уртаар санаа алдсанаа “Цэнхэрлэн харагдана”-ыг хачин гоё дуулж билээ. Одоо болтол би “Цэнхэрлэн харагдана”-ыг тэгж гоё дуулахыг сонсоогүй шиг ээ. Бүдүүвтэрхэн сөөнгөдүү хоолойтой байсан санагдана. Ямархан уйт хувь заяаны эргүүлэг тэр сайхан бүсгүйг хаман авч, хуйлан одсон бол доо, хөөрхий минь. Би одоо болтол Сосор гуайд уруулсан Зохиолчдын эвлэлийн 1972 оны 140 тоот батлахаа хадгалсаар, хааяа харахдаа Монголын алтан үеийн сод нэгэн авьяастан Сосор гуайг дурсахгүй байж чаддаггүй л юм даа".

Пунцагийн Бадарч. “Юм юмнаасаа” ном. 2022 он. 116-118 дугаар тал.