images

“Өндөр эжий”-гээ хэрхэн бичив?


Зохиолч Сормууниршийн Дашдооровын дурсамж

   “Зохиолч хүнд ард түмэндээ бахархан хэлмээр сэдэв санаа аль олон төрөхийг тэр гэх вэ. Түүний нэгэн адил би ажилчин ангийн сэдэвтэй нэг зохиол бичихсэн гэж боддог болов. Энэ бол 1964 оны үе. Ингэтэл би өөрөө ажилчин хүний амьдрал, тэдний санаа бодлыг тун бага мэддэг хүний нэг байлаа Гэвч хорхой хүрч гар загатнаад болдоггүй. Тэгээд хэний тухай бичих вэ гэж бодов. Чингээд бодож явтал жолооч нарын тухай бичвэл яасан юм бэ гэж бодлоо. Жолооч нар бол манай ууган ажилдын нэгэн юм. Эх орны хөгжил, хөдөө нутгийн нүүр царайг өөрчлөн хувьсгахад жолооч нарын оруулсан хувь нэмэр, зүтгэл гавьяа өндөр билээ. Тэд хөдөөгийн сургуульд дэвтэр харандаа, ном хүргэнэ. Тэд хөдөө барьж байгаа барилгад дээврийн гөлмөн төмөр, цонхны шил, нугас, хадаас хүргэж өгдөг. Ер нь жолооч нар хот, хөдөөг холбож, хотоос хөдөөд аж амьдралын хэрэгцээт зүйлийг хүргэж ахуй соёлыг түгээсээр байгаа тухай ч бодов. Тэд өвлийн хүйтэнд хөдөө хөхөрч, зуны халуунд гадаа гандаж, бартаат замыг туулан ядарвал ядарч, баярлавал баярлаж явдаг хүмүүс билээ. Тэгээд тэдний тухай, тэдний санаа бодол, хийж гүйцэттэж байгаа ажил үйлсийн тухай үзүүлье гэж шийдэв. Гэхдээ бүгдийг тоочих нь онц биш гэж бодлоо. Улмаар тэдний сайн ажил, сайхан чанарыг өгүүлэхийн хамт тэдний бас доголтой талыг үзүүлэх нь зүйтэй тухай ч бодов.

   Гэтэл ард олондоо сайн үйлсийг бүтээж яваа жолооч нар аян замын зуур тухтайхан буугаад, биеийн алжаал тайлж ундалж хооллоод гарах, амарч сэргээд явах тохитой буудал тун цөөн байдаг нь санаанд ороод ирэв. Зөвхөн энэ буудал жолооч нарын хувьд ч биш зорчин явагдчдад ч хэрэгтэй зүйл. Яагаад тохилог сайхан буудал байж болохгүй байх вэ хэмээн санаж өөрөө дайрч явсан хэдэн буудлаа санав. Өмнөговь аймгийн замд байх эхний буудал Баянбараат санаанд орлоо. Баруун замд тохиолдох Дашинчилэнгийн буудал ч бас бодогдлоо. Аян замын жолооч нарт үлбийсэн хар цай хандуулчихаад оготнын нүх шиг бяцхан цонхны цаана алга болдог үйлчлэгч нар нь ч бодогдлоо. Тэнд ажиллагсад улсаас зохих цалин хөлс аваад зорчигсод, жолооч аян замынханд үйлчлэх ёстой атал юунд ийм өөриймсөг бус байдаг том бэ гэж олон удаа бодож байсан хийгээд өөрөө тийм буудлын чоно тогтох аргагүй хүйтэн өрөөнд хоноглож байсан, заримдаа гадаа нь усан бороонд шавшуулан өнжиж байснаа санахад уг зохиолын гогцоог олоход нэмэр болж өгөв бололтой.

   Гэтэл замаар явагсдыг хүйтэнд ирвэл халуун галтай, халуунд бол ундлаад гаргадаг айл бишгүй санаанд оров. Үүний хамт хотын сургуулийн сурагч байхдаа сургуульдаа ирэх, зуны амралтаар нутаг буцахдаа шуудангийн тэргээр ирэх юм уу, замын машинд сууж нэгэн удаа дайрч гарсан Дундговь аймгийн замд байх Цахир суурин дээр байсан “Өндөр мээм” хэмээх хөгшин санаанд буух нь тэр. Тэрбээр их өндөр нуруутай, зан сайтай, аян замынхныг юу л байгаагаараа л дайлж цайлж суудаг хүн байв. Жолооч нар ч Баянбараатын буудалд зогсохоосоо тэр Өндөр мээмийн гадаа очих нь олонтоо байдаг байв. Ингээд бичих зохиолын гол зангилаа бараг боловсорч, ямар ч цалин хөлсгүй хэрнээ яндан муу байдлаас илүү олныг үйлчлэн баясуулж байсан хийгээд байгаа нэг авгайн дүрийг гаргая гэж бодов. Иймэрхүү өгүүлэмж цээжиндээ босгож, гол нь тэр авгайн дүрийг боловсруулан явтал хүнд үлгэр мэт ярьчихмаар зүйлтэй болдог байна. Хүнд тусч, хүнлэг сайхан сэтгэлтэй, ёстой монгол эхийн дүр болохоор ийм нэг авгайн төрх олж авсандаа баяртай ч байлаа. Гол нь үүнийгээ гүйцэт гаргах хэрэгтэй бөгөөд харин түүнийгээ яаж гаргах вэ гэж шаналж эхлэв. Энэ маань ямар болох бол гэж туршин хэд хэдэн зохиолчид үлгэр мэт ярьж ч үзэв. Нэн ялангуяа зохиолч Б.Бааст, Л. Ванган, Ч. Лодойдамба, Ц.Мөнх нарт ярьсан маань их сайн зүйл болсон билээ. Тэд "Сонин зохиол болно", "Аятайхан юм болно", "Хөөрхөн зохиол болно, бичээч" гэж урам бадруулав. Гэвч бариад авч болохгүй байлаа. Ямар нэг юм дутаад байв. Би өөрөө юу дутаад байгааг бас олж чадахгүй байв. Гэтэл Б.Бааст гуай, “Чи нөгөө зохиолоо бичихүй бол би биччихнэ шүү” гэж айлгаж эхлэв. Олсон санаа, эвлэж ядан яваа зүйлээ хүнд өгнө гэдэг хэцүү байлгүй яахав. Ч.Лодойдамба гуай уулзахдаа, “Өндөр эжий”-гээ яаж байна? Аятайхан зохиол болно шүү. Чиний ярьсан зүйл байн байн бодогдоод байх юм” гэж шаарддаг болов. Чингэхэд нь би цаасан дээр эхлээгүй мөртлөө “Бичиж байгаа” гэж гүвдээд мөнөөхөн дутуу зүйлээ юу байж таарах вэ гэж бодолхийлэн шаналсаар байлаа. Хоёр жил ийнхүү учир нь олдохгүй эрэлд хатан явахдаа “Өндөр эжий”-гээ тархиндаа боловсруулсаар л явлаа. Бүр сүүлдээ таньдаг хүн шиг нэг намхан биетэй, сайхан сэттэлтэй авгайн царай харагдаад байдаг болов. Мөн жолооч Ойдов, сажлаа Дэмид, өндөр Жамбаа нар ч бүр ижилдэж, инээж хөхөрч байгаа нь хүртэл үзэгдээд байдаг боллоо. Тэгэвч нэг л бичиж болохгүй байлаа.

   Гэтэл ийм нэг явдал болов. Миний найз яруу найрагч Д.Гомбожав маань зуурдаар нас барав. Нэгэн жилийн дараа түүний буурал ижий хөдөөнөөс хотод ирлээ. Хөөрхий тэр авгай хүүгээ бие барахад байгаагүй юм. Хүүтэй нь үерхэж найзалж явсан бидний хэдэн хүн уван цуван очиж тэр буурал ижийтэй уулзлаа. Биднийг харах бүр тэрбээр хүүгийнхээ эсэн мэнд үеийг санаж, бидний наргиж үерхэж байсан үеийг дурсан байх шиг санагдаж байлаа. Тэгээд нэг удаа очиход “Хүү маань ингээд л чамтай инээж хөхрөөд ороод ирэх юм шиг санагдаад байх юм. Хөөрхий үр минь, ер нь юу бодож явсан бол доо” гээд уйлж суулаа. Энэ үг надад их юм бодогдуулсан юм. Хожим нь гэнэт Өндөр эжий маань нэг хүүтэй байх ёстой юм байна. Тэр нь цэрэгт яваад жолооч болоод дайнд оролцоод амь үрэгдсэн байх юм байна. Ер нь Өндөр эжий маань зүгээр нэг замын сахиул, жолооч нарыг цайлж ундлаад суух бус хүүгээ амь үрэгдсэн гэдэгт итгэхгүй хүлээсээр байх ёстой юм байна. Ингэвэл бүр ч дайны хор хөнөөлийг далимд нь хэлж болох талтай боллоо гэж бодов. Өнөө дутаад байсан юм маань энэ байж шүү. Түүнээ олсондоо ихэд баясав. Одоо цаасан дээр бичихэд саадгүй гэж баярлаж байлаа. Гэвч бас болдоггүй ээ, толгойдоо бичсэн нөгөө зүйл маань. Ор үндсээрээ өөрчлөгдөх болж тарчлаав. Шинээр нэг өгүүлэмж боловсруулан мөнөөх түрүүнд ярьж өгсөн зарим зохиолч нараас ч юу гэж ярьж байснаа лавлан асууж, авахы нь авч, гээхий нь гээгээд зохиолоо эхлэх болов.

   Эрж явснаа л олсноос хойш бичих хэрэгтэй гэж шинээр боловруулсан өгүүлэмжээрээ бичих гэж мэрийв. Энэ шинэ өгүүлэмжийг олон хүнд ч ярьсангүй. Учир нь миний багш Лев Абрамович Кассиль "Зохиолыг олон дахин ярих нэг талаар сайн боловч, цаасан дээр тун хойрго буудаг юм. Олон ярьсан зохиол өөрт ижил дасал болохын дээр бичигдчихсэн юм шиг санагдаад цаасан дээр бууж өгдөггүй их зовоодог юм шүү” гэж ярьдаг байсныг санаж бушуухан бичих гэж хичээлээ. Ийнхүү гурван жил шахуу тархи толгойд минь эргэлдэж шаналгаж явсан зүйл гурван долоо хоногийн дотор цаасан дээр бууж, нэг мэдэхнээ би "Төгсөв" гэсэн үг тавьж суулаа. Моторт машинаа морь мал шигээ эдэлж, монгол орны хязгаар буланд хааяагүй зам харгуй гарган хот хөдөөг холбон хот тосгод өндийж босох, хүн ардын аж амьдрал хангалуун чинээлэг болоход жолооч нар их л үүрэг гүйцэтгэж байгаа тухай чадлынхаа хэрээр өгүүлэх гэсэн "Өндөр эжий" тууж ийнхүү бүтсэн намтартай".

Сормууниршийн Дашдооров. “Өндөр эжий” ном. "Итгэлмарал" хэвлэлийн газар. 2022 он. 89-101 дүгээр тал.