images

Харийн нутгийн шоронд хатуу ажилд нухлагдав


   Эхний хэсэг нь өмнөх дугаарт

   “Одоо гэртээ харья” гэсэн чинь явуулдаггүй шүү. Арваннэгдүгээр сард Баянтүмэнээс Дотоод яамныхан очиж намайг барьж аваад Дорнодын Аюулаас хамгаалахын шоронд хийгээд байцааж гарлаа. “Яагаад Манжуурт очсон бэ? Тэнд юу хийсэн бэ? Японд хэзээ элссэн бэ?” гээд байцаахад нь бүх үнэнээ хэлсэн чинь нэг хэсэг чимээгүй болов. Тэгснээ Цэрэндоржийг нэхэж гарлаа. “Улс төрийн хоригдол” нэр авлаа. Ингэж ингэж 1946 он гаруут ЗХУ-руу аваачиж Алма-Атад нэг шоронд байлгаж байгаад дараа нь нэг их том лагерьт хүргэсэн. Орос, монгол, хятад, турк, казах гээд есөн хэлийн хүмүүс байлаа. Тэнд 5-6 жил болоод Карагандад аваачиж нүүрсний далд уурхайд ажиллуулсан. Хоригдлуудын дотор хөгшин залуу янз бүрийн хүмүүс байлаа. Заримыгаа “хурандаа” гэж дуудна. Учрыг нь асуувал Германы фротноос ухарсан хэрэгтэй гэлцэх. Гэр орон, нутаг усаа санан гэж жигтэйхэн. Шөнө болгон Алтан Дарь овоогоо зүүдэлж, өдөр нь нүдэнд харагдана. Ядарна гэдэг жигтэйхэн. Иддэг хоол гэвэл байцайны шөл, хатсан талх, хатсан загас. 1949 онд надтай хамт байсан нэг орос эрдэмтэн СССР-ийн Дээд зөвлөл рүү явуулах өргөдөл хийж өгөв. Түүнд чухам ямар хэргээр хоригдож байгаагаа ч мэдэхгүй байна гэдгээ дурдлаа. 1950-иад оны эхээр намайг Хабаровскийн нэг том лагерьт шилжүүлсэн. Тэнд мөн л янз бүрийн ажилд нухлуулж байлаа. 1955 оны араннэгдүгээр сард лагерийн захиргаа намайг дуудаад чөлөөлөгдөж байгааг минь мэдэгдсэн. Агуулахаас хувцас, хоол хүн олгож 100 рубль өгөөд нэг орос цэргийн даргаар харгалзуулан галт тэргээр Наушк дээр авчирж хувийн хэрэгтэй минь хамт Монголын талд хүлээлгэж өгсөн юм.

   Наушкаас намайг ГАЗ-51-ээр авчирхад дүн өвөл байлаа. НАХЯ-ны үүдэнд барьсан монгол гэрт оруулж хооллож ундлав. Маргааш нь дуудаж ярилцаад миний саналыг авч нутаг руу минь явуулахдаа 50 төгрөг, дах өгч билээ. Ай даа, нутагтаа ирэхэд ч сайхан байсан даа. Хаяагаар гараагүй, хаалгаар гарсан болохоор эргэж ирдэг юм билээ. Одоо ингээд бодоод байхав юун төлөө хоригдсоноо мэддэггүй юм. Намайг ямар ч шүүх хурлаар оруулаагүй, ямар ч ял тулгаагүй, бос гэхэд нь босч, суу гэхэд нь сууж байгаад л шоронд орчихсон хүн дээ, би. Надтай хамт Карагандад Батын Буддорж гэдэг хүн хоригдож байсан юм. Бас л яагаад орсноо мэддэггүй. Бас надтай хамт чекист Осоршим, Лхамжав, Цэрэндорж гэсэн гурван хүнийг Монголын талд хүлээлгэж өгсөн дөө.

Жигжидсүрэнгийн Нэргүй. “Хүмүүсийн тухай роман” номын 406-408 дугаар тал.