images

Ижийгээ нутаглуулсан нь


   Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул Оргодолын Шаравын хуучилсан нь.  

   “1938 онд түрүүчийн цас орж байх үед л юм даа. Нэг орой их сайхан банштай цай хийж ээжтэйгээ хувааж уугаад сууж байтал ижий минь “Би ер удахгүй нь байна. Бие минь цуварч үхэж байгаа юм шиг байна, нүдний хараа бараг байхгүй болчихлоо, чих их муу сонсч байна. Үг зөрүүлж чадаж байгаа дээрээ хүүдээ хэлэх үг байна. "Хүний ганц хүү нутагтаа байх хэрэггүй гэдэг юм шүү, надаас хойш харь газар яваарай. Миний хүү хулгай хийж, худлаа хэлж болохгүй шүү. Манайхны удамд малын хулгайч нар байсан юм шүү дээ. Архи гээч юмыг ойрд битгий уугаарай. Бололцоотой болж яаж мэдэхэв, нимгэн дээл битгий өмсч байгаарай. Нимгэн дээл өмссөн хүн хөгшрөхөөрөө осгож үхдэг учиртай юм гэдэг шүү" гэж захиасаа хайрлалаа даа. Тэр үеийн амьдралаас сэтгэлд үлдсэн ганц дулаан юм энэ л дээ. Түүнээс хойш ээжтэй тухтайхан ярьж чадаагүй, тэгээд л нас барсан даа.

   Манайх тэр үед сумын төвөөс сайндаа л 500 метрийн зайтай байсан. Сумын захиргаан дээр тэр өдөр багийн дарга нар хуралдаж байв. Тэнд очиж сумын нарийн бичгийн даргатай уулзаад “Ээж минь нас барчихлаа, ах дүү нарт хэл хүргэж өгөөч гэж гуйлаа. Ер хүн ирдэггүй. Хоёр хоногийн хойно Шаазангийн Лувсанпүрэв гэдэг залууг дуудаж уулзаад Би ээжийгээ өргөж даана, харин тэмээ ганцаараа хомнож болдоггүй юм байна. Чи надад туслаад тэмээ хомнолцоод өгөхгүй юу хө” гэж гуйлаа. Тэгсэн Үгүй гэж хэлээгүй л дээ зайлуул, “Маргааш ирэхийг бодъё л гэж хэлээд яваад өгсөн. Гэтэл маргааш нь байдаггүй, ирсэнгүй. Тэгээд айлынхаа Аюуш авгайд Та надад маргааш өглөө тэмээ хомнолцоод өгөөч, би ер нь ээжийгээ ганцаараа л оршуулахаас аргагүй нь ээ гэлээ. Тэгсэн чинь Шарав аа, чи даах юм уу?” гэж дахин дахин асууж байна. Даана, даана. Намар нүүж ирэхэд ээжийг би ганцаараа өргөөд тэмээнд мордуулж чадсан юмдаг, одоо нас барахаараа хөнгөн л болоо байлгүй гэлээ. Даах юм уу гэж лавлаад байгаа нь, нас барсан хүнийг оршуулах газарт тавихаасаа өмнө газарт хүргэж болдоггүйтэй холбоотой байхгүй юу.

   Тэгээд маргааш өглөө нь нөгөө ганц шар ингээ Аюуш гуайтайгаа хамжиж хомноод, шарилаа ачаад, шарга гүүгээ унаад Далай худгийн Эхрийн хоолойн бууц гэдгийн шилээр даваад явлаа даа. Гүвээн дээр гараад ирсэн чинь нэг хонхорт чухам л түмэн адуу сэртхийтэл өмнөөс харж, зарим нь үүрсэж байх юм. Би түүнд бэлгэшээж, хүн тавьдаг газрыг мэддэг боловч тэнд биш энэ хонхорт л нутаглуулдаг хэрэг гэж бодоод цөөхөн дэрсний шил дээр хэвтэж үзэхэд ер таарч байна аа. Миний өвөг эцэг газар шинждэг хүн байсан тул надад зарим зүйл ярьдаг байсан л даа. Хүн тавих газар нь наран зүг хандсан ээвэр байх ёстой, алсын уул руу шагайгаагүй байх учиртай, ус урсаж дайрахгүй газар байх ёстой, баруун хойшоо харсан ам, хадан цохио чиглүүлж хүн тавьдаггүй юм гэхчлэн ярьдаг байсныг нь би санаж байсан л даа. Тэгээд л тэр хэдэн дэрс рүү жийгээд хэвтэж үзэхэд бүх талаар тохирч байсан тул тэнд самбай хадгаа дэвсэж, дөрвөн өнцөг дээр дөрвөн жижигхэн чулуу тавьчихаад, тэмээгээ хэвтүүлж шарилаа өргөж аваад, самбайн дээрээ жижгэвтэр цагаан чулуу дэрлүүлж залаад, баруун өвдөгнөөс нь адис авчихаад даавуугаар бүтээсэн. Тэгтэл нэг юм дутаад байх шиг санагдаад, бодож байсан чинь олон жил өмссөн булдруутай цагаан ямбуу цамцыг нь тайлахаа мартчихсан байсан. Тэр доороо санаж шүдээрээ урж салгаж аваад хол аваачаад хаячихсан даа. Ингэж л би 1939 оны арваннэгдүгээр сард ээжээсээ хагацаж байсан юм даа. Би харин ээжийгээ яг оршуулж байхдаа уйлаагүй шүү дээ. Уйлж чадаагүй юм.

   Ээ бурхан минь, тэгээд яахав дээ, амьдынх нь амьдрал үргэлжилдэг л юм чинь дээ. Амьдралын хүрд тэгээд л цаашаа эргэлдээд явчихаж байгаа юм.

Хорлоогийн Цэвлээ. “Ямбатынхан” ном. 2012 он. 193-194 дүгээр тал.

Гэрэл зургийн эх сурвалж: "Getty Images"