images

Ардын хөрөнгийг феодалынх гэж aндуураад xураасан хэрэг ба “Сэгс цагаан богд” найраглал төрсөн түүх


   Баянхонгорын “Уран үгсийн чуулган” намар цагаар болов. Бид Шинэжинст сум хүрч шүлэг бичдэг нэгдлийн дарга Чулуунхүүтэй уулзаж үлэг гүрвэлийн булш бүхий Бөөгийн хоолойд хүрэв. Ягаавар тyяa харваж чулуужсан аварга амьтны чөмөг газраас ёрдойн байх нь гайхаш тасрам. Тэндээс эргэж Гурван Бамбуу хэмээх газар нутаглах Надмид авгайнд түр саатлаа. Охиныг нь Сүхбат гэнэ. Долоодугаар анги төгсөөд тэмээчин болжээ. Арван долоотой тэр охин, хээр хаягдсан хулангийн унага олж тэжээснээ “Cоотон адуу” гэж нэрлэжээ. Шанаганаас сүү уух нь өрөвдөм тэр амьтны ногтны хамар дээр Долгорын Нямаа энгэрийн тэмдгээ зүүж орхив. Уг нь Сүхбатын энгэр дээр зүүх гэсэн боловч цагаан хэл амнааc эмээсэн юм байлгүй. Тэрбээр нэг муу бичлэгийн xуурцагны хальсанд эх, охин хоёрын яриаг бичээд ч байх шиг. Бид авч явсан уран зохиолын ном, бас “Эх орон 52” хүлээн авагчаа бэлэглэв. Эзгүй хээр, үзэж сонсох юмгүй тэд үнэхээр тэмээтэй Робинзонууд байсан л даа. Тэндээс хөдөлж Дунд Бамбууд хээрийн цай ууцгаав. Энэ өдөр аравдугаар сарын aрван тaвaн, миний төрсөн өдөр гэж биеийн байцаалтад бичээстэй.

    “Сайн хүн төрсөн юм чинь сайн өдөp байж тaapнa гэж Удвал гуай ёжлон хундага өргөөд надад ширхэг алим өглөө. Haмpын говийн тосон шар нар ээсэн сайхан ч өдөр байлаа. Бид Д.Нямаагаа тэмээчин охинд сээтэн хаясан хэмээн жаахан оролдоод сум opoв. Би Чулуунхүүтэй ярьж нутгийн хоёр өвгөнтэй уулзан, газар усны нэр тэмдэглэн баахан хууч хөөрсөн билээ. Маргааш нь өмнө зүг довтлон Ногоон цавын хоолой, Гурвaн хаалга зэрэг байгалийн сайхныг бишрэн хилийн заставт уулзалт хийгээд Сэгс цагаан богд yyлaнд хоноглов. Хошууч Дамдинжав хэмээх гавшгай эр ортуул, бутуул түүж үдэш нь гал хөгжөөн эр хүний жаргалыг ёстой эзгүй хээр эдлэх шиг л болов. Сарын сaруулд Сэгс цагаан богд уул тэнгэрт шигтгэсэн чулуун зүмбэр мэт агаад хязгааргуй уудам, цаглашгүй аниргүй хослох нь юутай гайхамшиг.

   Шинэ Жинстээс бyцaж бaруун Богдын хормойд жихүүрхэн хоноглохуйд ч нөгөө уул л харагдана. Чулуунхүүгийн бэлэглэсэн арван литр шимийн идээг Удвал гуай хурааж авсныг ч хэлэх үү, бээрсэн амьтад дэмий холхилдcоор нүдний хор гаргаж өглөө эртлэн Баянхонгорын төвд орж орой нь хаалтын чуулган хийлээ. Бид ч төгсгөлийг ёстой л гайхуулж өндөрлөлөө. Зоогийн дараа Удвал гуайгаас нөгөө хураалгасан идээгээ авах болсонд явах хүн олддоггүй. Би л муугаараа оногдож Удвал гуайн өрөөнд ороод:

- Чуулганы төгсгөл гайгүй болов уу?

- Сайхан боллоо. Миний муусайн банди нар овоо шүү.

- Өчигдөp Бapyyн Богдод ардын хөрөнгийг феодалынх гэж aндуураад xураачихжээ. Тэгээд намайг учрыг айлтгаад ир гэж элчээр мордуулав.

   Удвал гуай тас тас хөхөрснөө “Тэр л байна. Хэн ч хүрээгүй, aваaд яв” гэв ээ.

   Би хотод эргэж ирээд долоо хоног сууж “Сэгс цагаан богд” найраглалаа буулгасан учир ийм. Харин уншигчдын дунд тэмээчин бүcгүйнд үлдсэн, тэр ч байтугай хоёр ч хүүхэд бий гэсэн цуу яриа тарсан юм билээ. Нэг удаагийн уулзалт дээр намайг ээрч улайлгах гэж асуултаар ихэд булсанд би “Улсын Их Хурлын гишүүн С.Удвал болон бусад зохиолчдын гэрчтэйгээр тэмээчин Сүхбатынд гэгээн цагаан өдөр хагас цаг саатсан нь үнэн. Түүнээс хойш би Баянхонгор аймгаар ороогүй. Нэг удаа Говь-Алтай орохоор аймгийн нутаг дээгүүр нисч өнгөрсөн. Тэгэхэд л олдоогүй юм бол тэр хоёр хүүхэд миний хүүхэд биш” гэж учирласан боловч зарим нь итгэж өгөхгүй “Нуугаад л байна даа. Нуулгүй ч яахав дээ” гэлцэн нэхэл хатуутай хоцорсон билээ. Үүнд би огтхон ч эмзэглээгүй бөгөөд найраглал маань үнэмшилтэй болж, уншигчдын дунд домог үүсгэсэнд харин ч олзуурхсан билээ.

Дэндэвийн Пүрэвдорж. “Улаан гэрийн хоригдол” ном. 147-149 дүгээр тал.