images

Орчуулга хийх явцдаа онож, алдаж явсан минь


   "Орчуулгын явцад яг оносон үгийн эрэлд хатах нь орчуулагч хэн бүхэнд тохиодог зовлон. Ганц нэг жишээ хэлье. Коран судар “сура” хэмээдэг 114 шадтай. Тэр бүрийг би “Аяа” гэж аялга дуудлагаар эхлүүлсэн маань гайгүй оносон мэт болсон юм. Уул нь араб эх нь яг тэгж эхлэхгүй л дээ. Араб хэлтэй нэг хасаг анд маань тэгснийг минь их зөвшөөсөн юмдаг. Өөр нэг тохиолдол. “Арван хоёр сандал” зохиолд аялан тоглохоор явах гэж буй театрын жүжигчид болон ажилтнууд усан онгоцоо хүлээн чемодан сав, “ундервуд” энэ тэрээ сахин зогсоол дээр сууцгааж байгаа тухай нэг өгүүлбэр байдаг юм. Тэр “ундервуд” гэж юу байдгийг олж мэдэх гэж хэр чадлаараа хайсан боловч эрэл мухардаад, нэг их хор холбогдолгүй гэж муйхарлан сох орхичихсон юм. Тэгээд тээр хожим Оросын телевизээр бичгийн хуучин машины үзэсгэлэнгийн тухай мэдээлж буйг санаандгүй харж суутал нөгөө гайхал “ундервуд” чинь бичгийн машин болж таарсан. Би олзуурхан дуу алдсан боловч нэгэнт оройтсоныг санаад дэмий л халаглаж билээ. Одоо цагт бол тиймэрхүү юм Google, Yandex энэ тэрээс төвөггүй олдоно л доо. Бүр өөр нэг тохиолдол. “Мастер Маргарита хоёр”-т пэндийтлээ таргалсан нэг ихэмсэг эрийг жигшин зэрвэс дурдсан байдаг. Уул нь тарган хулд загас гударсаар байгаад тэгж тэвээрсэн эр. Гэтэл би түүнийг хандгайн мах идсээр байгаад тийм болсон мэт орчуулжээ. Өөрөөр хэлбэл “лососина” гэж байсныг “лосина” гэж андуурч омтгойдсон байгаа юм. Сонирхолтой нь түүнийг гярхай уншигч олж мэдээд надад хэлсэн. Тэр бол анхны хэвлэлд гарсан алдаа. Уг ном дараа нь гурван ч удаа дахин хэвлэгдэхэд нөгөө булай алдааг засаж нүглээ цайруулсан даа".

Ц.Гомбосүрэн. “Орчуулга тойрсон хууч” ном. 129 дугаар тал.