images

М.Сугар-Эрдэнэ: Токиогийн төвийн дүүргүүдийн бараг бүх номын санд орж үзсэн

Б.Бадамзул

Хэлтэй бол хөлтэй

2022-11-08


Zindaa.mn сайтын спортын сэтгүүлч, орчуулагч М.Сугар-Эрдэнэ япон хэл сурсан түүхээ хуваалцлаа.

     Би 1997 онд олон улсын харилцааны ангийн оюутан байхдаа анх япон хэл үзсэн хүн. Тэр үед орос хэлнээс гадна өөр нэг хэл сонгон суралцах боломжтой байлаа. Орос хэл моодноос гарч, хүмүүс англи хэлийг илүүтэй сурах болсон үе юм. Харин надад япон хэл өвөрмөц, сонирхолтой санагдсан. Тэгэхэд Японд төгссөн багш Монголд байсангүй. Япон явж үзээгүй ч Орост сурсан багш нар хичээл заадаг байв. Тэгээд их сургуульд хэдэн жил япон хэл үзсэн гэхэд хангалттай сурсангүй. Хэл гэдэг чинь амьд юм болохоор орчинд нь байхгүй бол болохгүй. Гэхдээ мэдээж ухаантай хүүхдүүд нь бол ямар ч багшаар заалгасан сурчихна л даа.

     Сургуулиа төгсөөд би “Монгол ньюс” компанийн “Таван цагариг” спортын сонинд ажилд оров. Тэр үед л япон хэлийг хангалтгүй сурсан гэдгээ ойлголоо. “Монгол ньюс” компани зундаа Японоос жуулчин хүлээж авахдаа намайг япон хэлтэй гээд хамт явуулчихна. Япон хэл бараг мэдэхгүй байж жуулчин дагуулж яваад Гандан хийдийг тайлбарлана гэдэг бүтэхгүй юм. Гандан хийдийн тухай нэг орчуулагч хүний японоор бичсэн тайлбарыг цээжилж, бараг өөрөө ч ойлгохгүй уншчихаад тэрнээсээ их ичнэ. Яг япон жуулчинтай юм яриад суухаар ойлгохгүй юм зөндөө гардаг байлаа. Би одоо бол сүмо бөхийн талаар Монголдоо л хамгийн их бичдэг нь. Гэтэл тэр үед япон хэл мэддэг мэддэг гэхэд сүмо бөхийн тухай бүр ч мэдэхгүй байгаа юм. Нэг удаа Япон дахь Монголын элчин сайдын яамнаас “Кёкүшюүзан макүшита зиндаанд түрүүллээ” гэсэн монгол гарчигтай хэрнээ японоор бичсэн мэдээ манай сонинд ирүүлэв. Сонины эрхлэгч “Гялс энэ мэдээг орчуулаад тавь. Наадах чинь өнөөдрийн хадаас мэдээ болно” гэхэд толь бичиг хараад ч сүмогийн үг хэллэгийг ойлгодоггүй. Тэгэхэд л би хэлийг яг тэр газар нь очиж сурахгүй бол, Орост япон хэл сурсан, нутагт нь очиж үзээгүй, амьдралыг нь мэдэхгүй багш нараар заалгаад, өөрөө ч Япон явж үзээгүй байж хэлтэй гэж хэлэх ч ичгэвтэр юм байна гэж бодсон. Тэр үед нэг хэсэг өөрийгөө зөвхөн спортын сэтгүүлч л гэж танилцуулна. Санаа зовсоор байгаад япон хэлний тухай ярихаа больсон юм.

     Тэгж явсаар Япон явах боломж олдлоо. Тэр үед эгч маань Японд байсан юм. “Токио хотын Гадаад харилцааны сургуульд судлаач оюутнаар сурах боломж байна, явах уу?” гэхээр нь, энд ингэж япон хэл мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг хүний өмнө эвгүй байдалд орж хагас дутуу байснаас шууд нутагт нь очиж суръя гээд явсан хэрэг. Бүр 1999 онд шүү дээ. Очиход амьдрал дээрх япон хэл миний хэдэн жил заалгаснаас тэс өөр байв. Бүр бүх юм нь өөр. Жишээ нь, Монголд байхад багш хүнтэй ярихдаа хүндэлж хэлдэг “Та” гэдэг нэг үг зааж өгснийг нь тэр утгаар нь хэрэглээд л байв. Гэтэл миний тэр хэлээд байсан үг айлын эхнэр нөхрөө хүндэлж хэлдэг “Та” гэдэг үг байх нь тэр. Ингээд амьдрал дээр нь очиж хэл сурдгийг ойлгосон юм. Манай сургуульд монгол оюутан цөөхөн. Тэгэхээр дандаа япончуудтай хамт хичээллэж, тэдэнтэй ярилцаж, хөл бөмбөг тоглож, ийш тийшээ хамт зугаалаад эхлэхээр хэл сурч байгаа юм. Тэр үед тэгээс эхэлсэн гэх нь хаашаа юм. Гэхдээ л өмнө сурснаа бүгдийг нь хаяад цоо шинээр сурч эхэлсэн.

Буруу дууддагаа мэдэв

     Япон хэлэнд дуудлага маш чухал. Ханзаа хараад утгыг нь ойлголоо ч дуудлага нь олон. Хүнд, дээд, доод гэх мэтээр нэг ханз арав гаруй дуудлагатай. Тэр бүгдийг цээжлэхээс өөр аргагүй. Хоёр гурван нийлмэл ханзны дээд дуудлагууд нь нийлнэ. Дээд дуудлага гэдэг нь хятадаас авсан дуудлага. Харин доод дуудлагыг япон үгэнд ашиглана. Жишээлбэл, сонин буюу “Шин-Бүн” гэдэг үгний “шин” буюу шинэ мэдээ, “бүн” буюу сонсох гэсэн ханзууд тус тусдаа янз бүрийн дуудлагатай. Нийлээд үүссэн сонин гэх утгатай “шинбүн”-г яаж дуудахаа мэдэхгүй байж байгаад сүүлдээ цээжилчхэж байгаа юм. Гэтэл миний дуудлага Японд очиход буруу байсан. Учир нь, орос багшаар япон хэл заалгасан монгол багш нар маань бидэнд орос аялгуугаар заачихсан. Японоор үхэх гэхийг “шинү” гэдэг. Тэрийг “синү” гэж заагаад, унах буюу “чирү” гэдэг үгийг “тирү” гэх мэтээр авиа сольж заасан байв. “Чи” авиагаар хэлэх бүх үгийг “ти”, “ши” авиагаар эхлэхийг нь “си” гэж заасан хэрэг. Ингээд буруу дуудлагаа засах гэж хоёр гурван сар болсон. Анх тэнд оччихоод сэтгүүл зардаг газраас “Сэтгүүл авъя” гэж японоор хэлтэл ойлгодоггүй. Би “Заши л гэдэг дээ” гээд гайхаад. Дараа нь бодоход би орос аялгатай, хурдан хэлсэн юм билээ.

     Монголчууд ямар ч хэлийг тэр улсынх нь аялгуугаар цэвэрхэн сурчихдаг. Япон дахь монголчуудыг харж байхад хамгийн сайн хэлтэй нь сүмочид. Тэд арван зургаа, долоон наснаасаа япончуудтай нэг өрөөнд амьдарч, бэлтгэл хийдэг учраас бүх аялгаар нь ярьж сурдаг. Японд Монголынх шиг нутгийн аялгуу гэж бий. Осака, Нагоя, Хоккайдо, Токио гэх мэт өөр аялгуугаар ярина. Кёкүтэнхо Цэвэгням гэхэд л япон хэлийг нутаг нутгийн аялгуугаар нь сурчихсан. Осакад Осака, Токиод Токиогийн аялгаар нь ярина. Сүмочдын дараа визгүй, “харлаж” үлдсэн монголчууд япончуудтай хамт ажилладаг, тэр бүр монгол хүнтэй уулздаггүй учраас хэл сайн сурдаг. Дараа нь их сургуулийн оюутнууд орно. Тэд номоор нь сурдаг ч бодит  амьдрал дээрх хэлийг нь сүмочид, “ажилчид” л илүү сайн сурдаг. Япончууд караокэг бүтээсэн ард түмэн шүү дээ. Караокэд дууны үгний дээр дуудлагыг нь жижгээр биччихсэн байдаг. Тиймээс япон хэл сурч буй гадаадууд караокэ их орно.

Ханз үсэгт дурласан нь

     Япон хэлний онцлог нь ханз. Хирагана, катакана гэдэг хоёр цагаан толгойтой. Хирагана нь япон үгээ, катакана нь харь үгийг тэмдэглэдэг. Анх сурч байхад бид монгол гэж бичдэг шиг монгору гээд гийгүүлэгч эгшиг, гийгүүлэгч эгшиг гэж дараалдаг болохоор монгол хэлтэй төстэй. Тэгээд өгүүлбэрийн гишүүдийн дараалал монголтой ижилхэн. Жишээ нь, Дорж хоол идлээ гэхэд японоороо “Дорж гохан табэта” гэнэ. Алтай язгуурын залгамал хэл учраас орос, англи шиг биш. Тиймээс сурч эхлэхэд монголчуудад амархан ч яваандаа хүндэрдэг. Харин хятад хэл эхэндээ хэцүү боловч сүүлдээ амархан болно. Мөн ханз нь дүрс үсэг учраас огт мэдэхгүй ханзыг ч хараад утгачилж ойлгох боломжтой.

     Сурахын тулд сонирхолтой байх хэрэгтэй. Би спортод дуртай учраас тэр талын мэдээлэл авахыг хүснэ. Ингэхийн тулд хэлийг нь сурахгүй бол болохгүй. Японы зурагтаар гарч байгаа бэйсболын тоглолтын тайлбар гээд бүх зүйл нь япон. “Никкан спорт” гэдэг спортын сонин захиаллаа. Өглөө босоход шуудангийн хайрцагт сонин хийчихсэн байдаг. Ойлгохоосоо ойлгохгүй нь их ч сургууль явах замдаа, метронд хараад явна. Миний сонирхдог сэдэв учраас толь бичгээ хараад яаж ийгээд уншаад л байна. Тэгсээр тав, зургаан сарын дараа спортын сониныг толь бичиг хэрэглэлгүй ойлгодог болчихож байгаа юм. Дараа нь эдийн засаг, уран зохиолын ном уншдаг болсон. Мэдэхгүй ханзаа ханзны толь бичгээс хардаг. Япончуудын өөрсдөө мэдэхгүй ханз ч гэж бий. Тэгээд 800-900 ханз цээжилбэл сонин уншина, 3000 ханз цээжлэхээр өгүүллэг, арван мянган ханз цээжилбэл том түүхэн зохиол уншдаг болно гэж ярьдаг. Ер нь ханзтай хэлийг сурахад залхуурахгүй л байх хэрэгтэй. Ханзны зурлага нь дараалалтай байдаг. Тэр дарааллыг цээжилчхээд гудамжинд явахдаа төсөөлөөд, агаарт хий зураад л байна. Хүн харвал энэ галзуу юм байх даа гэмээр. Гэхдээ ханзаа сураад эхлэхээр их гоё. Дарааллыг нь зөв сурчихаар эргэлзсэн ч гэсэн гар өөрийн эрхгүй хөдлөөд гүйцээгээд зурчихдаг. Ингээд ханзыг бүр сонирхоод ирэхээр энгийн бичихээ болиод уран бичлэг оролдох болсон. Яваандаа ханзнуудаа нэвт цээжилсэн.

Номонд донтсон минь

     Би ном унших их дуртай. Токиод есөн жил амьдрахдаа тав, зургаан удаа нүүдэллэсэн. Тэр бүрт хамгийн түрүүнд тухайн дүүрэг, хорооныхоо номын санд бүртгүүлнэ. Японы номын сан тухтай. Өдөр тутмын сонинууд тавьчихсан, номын ангиллууд нь ойлгомжтой, хэчнээн ч цаг ном уншаад сууж болдог. Гэр лүүгээ ном аваад харьсан ч болно. Жишээлбэл, би Хагияама дүүрэгт нүүж очсоныхоо маргааш нь номын санд бүртгүүлсэн. Зарим номын сан орой 22 цаг хүртэл ажилладаг. Зарим нь 19, 20 гээд хаачихна. Амралтын өдрүүдэд өдөржин номын санд сууж ном уншдаг. Жижигхэн дүүргийн жижиг номын сангуудын спортын тухай номуудаас өөрийнхөө дуртайг уншаад дуусгачихаж байгаа юм. Цахилгаан галт тэргээр хоёр гуравхан буудал явж хүрэх газруудын номын санд карт нээлгэчихнэ. Нэг хэсэг ийм зузаан номын сангийн картуудтай болчихсон, япон хүн хүртэл хараад гайхна. “Ингэж өдөр шөнөгүй ном унших ямар хэрэг байна?” гэдэг. Би болохоор энд байхын уншаад сурчихсан. Ээж маань орос номын худалдаанд ажилладаг байлаа. Би ээжийн ажил дээр очиж ном уншсаар сурчихсан. Цагийн ажил хийгээд эсвэл хичээлээ тараад харихдаа гэрээсээ наана бууж номын санд уншиж байгаад харьдаг. Гэр рүүгээ ном авч явна. Токио хотын төвийг тойрдог 29 буудалтай цахилгаан галт тэрэгний Яманотэ гээд шугам бий. Манайх нэг хэсэг энэ шугамны Такаданобаба гэдэг буудлын тэнд хэсэг амьдарсан юм. Сүүлдээ би номын донтон болоод 29 буудал дээрх бүх номын санд карт нээлгээд суудаг болсон. Шинагава гэдэг буудлын номын сан 22 цаг хүртэл ажилладаг юм. Тэнд хаах хүртэл нь сууж ном, сонин, сэтгүүл уншиж байгаад харьдаг байсан. Токиогийн төвийн хэдэн дүүргийн бараг бүх номын санд орж үзсэн. Номын сангуудад байнгын оршин суугчийн үнэмлэхээ үзүүлээд үнэ төлбөргүй бүртгүүлчихдэг юм. Жижгийг жижиг, томыг том гэхгүй номын сан бүрт л суусан. Сүүлдээ өөрийн сургуулийнхаа номын сангаас гадна алдарт Токио их сургуулийн номын санд бүртгүүлсэн. Би Токиогийн Гадаад харилцааны их сургуульд сурна. Оюутны үнэмлэхээ үзүүлээд “Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хүрээнд танай сургуулийн номын сангаас ном үзмээр байна” гээд Токио их сургуульд үнэмлэх нээлгэсэн, их ч суусан даа.

Н.И.Фельдман. Орос-Япон ханзны толь. 1977 он

Манганаас уран зохиолын ном хүртэл

     Япончууд өглөө метронд явж байхдаа хөгшин залуугүй манга уншина. Мангад хэцүү ханзуудыг хялбарчлаад хираганагаар биччихсэн байдаг. Хэл сурахад таатай боловч ингэж хялбарчлах нь сайнгүй санагдсан. Өглөө шуудангийн хайрцагт сонин ирчихнэ. Метро эсвэл цахилгаан галт тэрэгт суунгуутаа сониноо уншихад 30 минут хурдан өнгөрдөг. Буухдаа хуучин сонин үлдээх хэсэгт тавьчихна. Тэнд хуучин манга номууд бий. Зузаан манга авчихад гурав хоног метронд уншчихдаг. Сонины сарын захиалга 30-40 ам.доллар байна. Жижиг манга 1000 иэн байдаг. Мөн номын сангийн үүдэнд үлдээсэн мангануудыг үнэгүй авч болно. Хэл сурч байхад ямар ч манга байсан хамаагүй. Сүүлдээ мангагаа болиод хүндэвтэр уран зохиолын ном уншиж эхэлсэн. Одоо давтахаа болиод ирэхээр ярианы хэл мартагдаж байгаа ч өглөө бүр япон сайтуудаас мэдээ харж, орчуулдаг болохоор бичгийн хэл гайгүй. Сая тамирчдаас ярилцлага авахад мартагдсан байна лээ. Хэл сурахад уншаад, цээжлээд л байх хэрэгтэй. NHK телевизийн мэдээ, сонирхолтой нэвтрүүлгийг одоо ч байнга үздэг. Арилжааны телевизийн нэвтрүүлгийг “Youtube”-ээс үзчихнэ. Мөн хэл сурахад тус болсон нэг зүйл бол Японы хошин шог. Оварай гэх хошин шогийн төрөлд хоёр хүн гарч ирээд инээдтэй юм ярьдаг. Хошин шогт дуртай болохоор байнга үзнэ, хүн ч сайн дооглож сурсан.  

Үг хэцүү

     Японы хүндэтгэлийн үг хэцүү юм билээ. Энэ олон жил Японд байхдаа тэрийг л бүрэн гүйцэд сурч чадаагүй. Өөрөөсөө нас, зиндаа дээш хүн, ерөнхий сайд, эзэн хааныг хүндлэх үг, үйл үг бүр өөр. Мөн өөрийгөө доош нь оруулж хэлэх үг олон янз. Ер нь япон залуучууд ч эзэн ноёдоо хүндлэх үгээ сайн мэддэггүй. Хараал, якүзагийн үг гэх мэт тусдаа эвгүй үгнүүд ч байдаг. Үг цээрлэх ёс нь их сонирхолтой. Яг л монгол хэл шиг могой гэж шууд хэлэхгүй урт хорхой гэх мэтээр хэлнэ. Бас хэлц, зүйр үгэнд нь их дуртай байлаа. Цээжилж байгаад япончуудтай ярихдаа хэрэглээд л.  

Хорхойсох л хэрэгтэй

     Япон хэлийг сурахдаа өөрийн эрхгүй ханзаа төсөөлж бичих дадлагаа хийдэг болох хүртлээ хорхойсож, дурлах хэрэгтэй. Мөн ойлгохгүй ч байсан сонин захиалж уншихаас эхлээд уран зохиолын ном руу ор. Би бол тэгж л сурсан. Мэдэхгүй үг, ханзаа толь бичгээс хараад л унших хэрэгтэй. Эхэндээ өгүүлбэр бүр дээр толь бичиг харж байгаад сүүлдээ харах тоо нь багасна. Би Оросын 1977 онд хэвлэгдсэн орос-япон ханзны толь ашигладаг. Н.И.Фельдман-Конрад эрдэмтний бүтээл. Дуудлага нь буруу ч ханзны тайлбар маш сайн. Мөн “Сансэйдо” гэдэг япон үгийн тайлбар толь ашигладаг. Уншаад л байвал ой тойнд үлдээд л байна. Японд байдаг манай оюутнууд монголчуудтайгаа их нийлдэг. Тэгэхээр япон хэл сайн сурахгүй. Бас “Сонирхолгүй” гээд зурагт үздэггүй. Ер нь сонин захиалдаг оюутан цөөхөн. Намайг “Яах гэж сонин захиалдаг юм” гэнэ. Тэгэхэд би япон сонин уншдаг, зурагт үздэг, япон найзууд олонтой байх нь хэл сурахад их хэрэгтэйг ойлгосон. Тэгээд нийгэмдээ ороод япон хүмүүстэй харилцах хэрэгтэй.

        

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Зочин

    Сайхан ярилцлага болжээ. Танайхаас мэргэжлийн үнэр үнэртэж бнаа

    2022-11-09

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Төгөлдөр

    Гадаад хэлийг гарамгай эзэмшсэн мундаг хүн шүү. Даруухан гэж .

    2022-11-10

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.