images

АФА академийн багш Н.Цэгмид: 50 насны босгон дээр амьдрал минь дайны талбар шиг болсон байв

Ж.Ариунгэрэл

Бид ингэж эхэлсэн

2022-10-26


Хагас тэрбум төгрөгийн өртэй, өвчинд баригдаж сэтгэлзүйн хувьд бүрэн уналтанд орсон эмэгтэй амьдралаа хэрхэн орвонгоор нь өөрчилж, эрх чөлөөнд хүрсэн тухайгаа “Бид ингэж эхэлсэн” буланд ийн хүүрнэв.  

     Зүрх сэтгэл амар тайван, баяр хөөрөөр дүүрсэн үед бидний хэлээд байгаа аз, амжилт гэдэг зүйл урсаж орж ирдэг юм байна. Гэтэл би хүчээр, мөнгөөр, албаар авах гэж 49 нас хүртлээ тэмцээд эцэс сүүлд нь туйлдаад нэг л мэдсэн тэг цэгт очсон хүн. Хагас тэрбум төгрөгийн өр, илүүдэл жин, 4-6 янзын өвчний онош, үг үйлдэл нь байнга зөрдөг, амнаас унаж байгаа үгний 50 хувь нь хараал, үлдэж байгаа нь “чадахгүй, мэдэхгүй, болохгүй, бүтэхгүй” гэсэн үгнүүдтэй ийм л хүн 49 насан дээрээ нойл заасан.

    Би яагаад болохгүй байгаа юм? Би ажиллаж байна уу, ажиллаж байна. Хулгай хийсэн үү, үгүй. Худлаа хэлсэн үү, үгүй. Үр хүүхдээ тэжээж байна уу, тэжээж байна. Хань ижилтэйгээ хүмүүсийн адил харьцаж байна уу, харьцаж байна. Тэгсэн хэрнээ яагаад доошоо яваад байгаа учраа ойлгохгүй, тэгсэн хэрнээ тэмцээд л яваад байсан. Тэгээд нэг л өдөр тартагтаа тулж зогссон. “Миний амьдралд нэг л юм болохгүй байна. Энэ нэг юм нь юу юм бол оо. Олохын төлөө эрж хайя” гэж бодсон. Тэгээд Гандан орж ном уншуулсан, лам дээр очсон, бөө дээр очсон, сүмд явсан. Аятайхан амьдарч байгаа хүмүүс дээр ч очсон. Аргаа бараад яваад л байсан. Хүн өөрөө тэг цэгт хүрүүт бүх хүн дайждаг юм билээ. Төрсөн гурван дүү, гурван охин минь л надад үлдсэн. Нөхөр маань салсан. Найзууд зугтсан. Хамт ажилладаг байсан хүмүүс харьцахаа байсан. Энэ өртэй, энэний амьдрал хэцүү, холхон байя, гай болно гэж бодсон байх. Би тэр хүмүүст гомдож, гайхан зэвүүцэж байсан. Харин өнөөдөр тэдэнд баярладаг. Тэдний зөв байсан. Яагаад гэвэл би тэдний төлөө амьдраагүй. Би өөрийнхөө амьдралыг өөрөө л ойлгож өөрөө л авч явах ёстойг тэд ойлгуулсан. Мөнгөтэй л болвол амьдрал сайхан болно гэж мөн ч их тэмцсэн дээ. Тэмцсээр яваад нэг мэдсэн амьдрал минь дайны талбар шиг болсон байсан.

    Тэр үед нэг өдөр дүүгийндээ очсон юм. Дүү маань нэг тэмдэглэлийн дэвтэр дэлгэчихсэн сууж байв. Тэр дүр төрхийг би уг нь мөрөөддөг юм. Би өөрөө ингээд дэвтэр дэлгээд сууж байхсан гэж боддог байсан юм. “Ямар гоё дэвтэр вэ” гэсэн чинь дүү маань “Танд харин хэлэх гээд ээ. Та уг нь шинэ сонин юм хайж, сурч боловсрох дуртай хүн дээ. Засгийн газрын ийм хөтөлбөр байдаг юм байна. Засгаас 80 хувийн төлбөрийг нь төлөөд, өөрсдөө 20 хувь болох 80 мянган төгрөг л төлөх юм билээ. Би энд суугаад их юм ойлгож авсаан” гэнгүүт шууд л “Хаана гэнэ ээ, яана гэнэ ээ” гээд л утсыг нь аваад залгасан. Тэгтэл “Өнөө оройны анги байна” гэсэн. Учрыг нь сайн ойлгоогүй ч яваад очлоо. “Би нээрээ арай ч дээ” гэх бодол тэнд анх төрсөн.  Яагаад гэхээр, Амартүвшин гэж багш залуу надаас “Та юунд дуртай вэ? Яах дуртай вэ?” гэж асуусан. Би 30 минут бодоод хариулж чадаагүй. Дуртай юмаа олоогүй. Идэх юмны нэрс л орж ирээд байсан. Тэр үед би маш тарган, идэмхий байсан. За тэгээд тэр шөнө миний нойр хүрээгүй. Сургалтан дээр ярьсан зүйлс бодогдоод.

    Үхэл хагацал, өр шир, өвчин зовлон өөр юу байдаг юм, хүний амьдралын хүнд хэцүү бүхнийг би туулсан. Хараал хэлдэггүй болох гэж би жил, зургаан сарыг зарцуулсан. Уурлахгүй байж сурах гэж би зургаан жил тарчилсан. Одоо манай найзууд намайг хараад “10 жилийн өмнөхөөсөө чи хэд дахин залуужжээ” гэдэг. Хүн дотоод мөн чанараа олоод өөрийгөө бүтээж чадах юм бол яаж ч өөрчлөгдөж болно. Дотоод мөн чанарыг олохын тулд 49 жил бусдыг хараасан тэр хорсол, бусдад гомдсон гомдол, буруу хийсэн үйлдлүүд тэр бүгдээ арилгахгүй бол өөрийгөө олохгүй. Хүнийг хамгийн түрүүнд бодол бүтээдэг шүү дээ. Дараа нь үг яриа ордог. Ингээд өмнө нь мөнгөний төлөө байсан бол, энэ удаад өөрийнхөө харж байгаа сонсож байгаа бодож байгаа бүхнээ хянаж тэмцэж эхэлсэн дээ.

    Өнөөдөр би хагас тэрбумын өрөө дараад санхүүгийн эрх чөлөөнд хүрч, бизнесээ дунд охин, бага хүргэн хоёртоо өвлүүлсэн. “Ивээл-Алдар” гэж компани бий. Би өөрөө өвчингүй болсон. Зүрх сэтгэлийн шархгүй болсон. Гомдсон хүмүүсээ уучилсан, гомдоосноосоо хэр чадлаараа уучлал гуйж явна. Өөрийгөө өөрчлөхийн төлөө явсан наймхан жилийн хугацаанд аль хэдийн өнөөх мөнгө чинь өөрөө ороод ирсэн. Нэг мэдтэл би өвчнүүдээ мартсан. Миний жин хэвийн болж, зүс царай цайгаад эхэлсэн. Би нөхрийгөө өөрчлөх гэж, үр хүүхдүүдээ өөрчлөх гэж хэчнээн оролдсон ч чадаагүй , хаясан. Гэтэл өнөөх засах гээд, өөрчлөх гээд байсан зүйлс маань өнгөрсөн найман жилийн хугацаанд өөрсдөө аяндаа намайг дагаад өөрчлөгдчихсөн байсан даа. 

    50 насны босгон дээр амьдралаа өөрчилж, тулгамдсан асуудлуудаа бүрэн шийдвэрлэж чадсан Н.Цэгмид өнөөдөр АФА хувь хүний хөгжлийн академийн багшаар ажиллаж өөрийн амьдралын түүх, сургамж, туршлагаар зуу зуун хүмүүст ухаарал, урам зориг бэлэглэж явна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Батмөнх Энхжаргал

    Сайхан түүх байна аа.Суусан сургалтын талаар мэдээлэл өгч болох уу

    2022-10-26

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    О.Нямцэцэг

    энэ сургалтанд яаж суудаг юм бэ

    2022-11-03

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.