Н.Мөнхцэцэг: Миний энэ будаагаар олон хүн эрүүлжиж байгаа гэж бодохоор урам ордог
Бид ингэж эхэлсэн
2023-11-01
“Шар будааг мэдэхгүй хэн байхав. Идэж л өслөө”. Н.Мөнхцэцэгтэй уулзах хүртлээ ийм л бодолтой явлаа. Гэтэл үгүй аж. “Амь тэтгэх алтан будаа” гэдгийн учир юу болох талаар Монголын зах зээлд “Хоног” шар будааг хоногшуулж яваа Нанжидын Мөнхцэцэг манай “Бид ингэж эхэлсэн” буланд ийн ярилаа.
2014 онд би айхтар өвдсөн юм. Толгойгоо дааж чадахгүй, толгой маш их өвдөнө. Эмнэлгээр зөндөө явлаа. Яваагүй эмнэлэг очоогүй эмч байхгүй, их ч мөнгө үрсэн. Эцэст нь тархиндаа полип буюу цусан ургацагтай гэж оношлогдож айхтар хямрав. Нэг бол хагалгаанд орж ургацгаа авахуулах, нэг бол үүнтэйгээ эвлэрэх, эсвэл тэмцэх гэсэн сонголтууд л байсан. Хагалгаанд орохоос маш их айж, оношоо сонсоод ванны өрөөндөө зөндөө уйлж билээ. Ямар ч байсан эхний ээлжинд энэ өвчин юунаас болж үүсдэг, яагаад ийм өвчтэй болчхов гэдгээ мэдэхийн тулд эрүүл мэндтэй холбоотой ном зохиол уншиж, Google-ээс хайж эхэлсэн. Маш их зүйлийг мэдэж авсан. Ямар буруу хооллолттой байснаа, өтгөн их хатдаг, түүнээс болж бие маш их бохирдсоныг, дархлаа навс унасныг ойлгож аваад зөв хооллож эхэлье гэж шийдсэн юм.
Зөв хооллож сурахад цаг хугацаа их ордог юм байна лээ. Тэгээд овьёос чанаж иддэг боллоо. Сүүнд овьёосоо чанаад зөгийн бал хутгаад, үзэм хийж идээд хэсэг хугацаа өнгөрлөө. Гэтэл нүүрээр битүү батга шавчихдаг юм байна. Өглөө бүр сүү уух нь батгаших бас нэг шалтгаан болдогийг тэгэхэд л олж мэдэв. Батгатайгаа ноцолдоод нэг жил. Тэгсээр овьёосоо сүүнд буцалгаж болохгүй юм байна гэдгийг ойлгов. Усанд чанаж идлээ. Хоолой давдаггүй ээ. Одоо өөр юу идэх билээ. Судалсаар шар будаа сайн гэдгийг олж мэдэв. Шар будаа халуун бүлээн чанартай, өглөөдөө идвэл биеийг хоргүйжүүлдэг гэж уншлаа. Хятадууд шар будааг өглөө бүр сүүгүй, давсгүй, дан усанд чанаж иддэг юм байна. Тэгэхээр нь гадуур худалдаанд байгаа шар будаа авч хэрэглэсэн ч нэг л биш. Тэгж байтал нөхөртэйгөө Бээжин явах болов. Тэнд буудалласан буудлын маань өглөөний буфет хоолонд шар будааны зутан байсан. Ямар ч сүү, давс, чихэргүй хэрнээ нэг л гоё амттай, цаанаа тааламжтай. “Энэ чинь л миний хүсээд байгаа хоол байна” гээд наашаа ирэхдээ дэлгүүрээс нь худалдаж авч ирэв. Тэр чинь 2016 он. Овьёос мовьёос идээд л хоёр жил нэг л учраа олохгүй, бүтэлгүйтээд яваад байсан хүн шүү дээ. Тэгээд 2018 он хүртэл хоёр жил тэр шар будааг зөөж идсэн. Гайхамшигтай нь тэр хооронд нэг ч эмнэлэгт хэвтээгүй, нэг ч тархины хагалгаанд ороогүй. Хүнс гэдэг чинь их учиртай юм билээ. Өглөөдөө л тэр шар будаагаа идэж байсан. Толгой өвдөхөө байж, бие өвдөхөө баймагц эрч хүч сэргээд. Тэгээд нөхөртөө хэлэв ээ. Энэ шар будааг Монголд борлуулвал яах бол, надтай адилхан эрүүл мэндийн асуудалтай, мөн цэвэр хүнс хэрэглэе гэж боддог хүмүүст санал болговол яах бол гээд. Тэр үед америк шар будаа нэг кг нь 13 мянган төгрөгийн үнэтэй байсан. Ингээд нөхөр ч дэмжээд, үйлдвэрийг нь олж очоод тухайн үед бидэнд байсан нэг сая 900 мянган төгрөгөөр өнөөх шар будаагаа захиалахад 1000 ш бүтээгдэхүүн ирсэн. Тэгж эхэлсэн түүхтэй. Тархины ургацаг юу болсон бэ гэвэл, би хагалгаанд ороогүй. Хоолоороо эрүүлжиж чадсан.
Явсаар “Бөөрөнд сайн будаа байдаг гэнэ”, “Жижиг ширхэгтэй будаа байдаг” гэж хүмүүс асуудаг болов. Тэгэнгүүт бодож эхэллээ. Нэртэй байх ёстой юм байна гэж. Би хэлбичгийн багш хүн учраас үг ярианы гарвалыг амьхандаа судалдаг юм. Тэгээд судалж эхлэв ээ. Гэтэл монголчууд эрт дээр үеэс шар будааг хоног будаа гэж нэрлэдэг байсан юм байна. Төрсөн эхийг тэнхрүүлэх, сүү оруулахын тулд хоног будаа өгдөг байж. Магадгүй хоногийнхоо шим тэжээлийг авдаг байсан учраас тэр байх. Тэгээд л “Хоног” гэдэг нэрийг өгсөн дөө. Нэг сая 900 мянган төгрөгөөр авчирсан будаагаа “Номин”-гийн дэлгүүрүүдээр тараав аа. Тэгээд тооцоо нийлэх гээд очтол ашиг нь ердөө 60 мянган төгрөг болсон байна. Гурван сая гаруйн орлого олно гэсэн тооцоотой байтал тэр шүү дээ. Тэгж байтал дэлгүүрүүдээс утасдаад “Та будаагаа нийлүүлэх боломж байна уу? Таны будаа дуусчихсан“ гэх болов. Гэтэл будаа байдаггүй. Будаагаа авах гэтэл мөнгө байдаггүй. Нөхөртэйгөө ярьж байгаад амьдарч байсан байраа “Хас” банкинд тавьж зээл авлаа. Уутыг нь Бээжинд хэвлүүлээд Өвөр Монголын Зүүн Баарин хошуун дахь үйлдвэр лүү нь явуулаад тэнд нь савлуулдаг болов. Тиймээс цэвэрхэн, нямбай, стандартаа хангаж ирдэг. Ингээд л борлуулж эхэллээ.
Яваандаа будаа маань ганцдаад байгаа юм болов уу гэж бодоод 2019 оноос гурвалжин будаа оруулж ирсэн. “Сагаг гурван талтай, санаа арван талтай” гэж зүйр үг хүртэл байдаг болохоор “Сагаг будаа” гэж нэрлэв ээ. Гэтэл нэг л болдоггүй. Дассан сурснаараа гурвалжин будаагаараа явъя, гол нь “Хоног” нэршлээ хоногшуулж ерөөсөө л бүх будаагаа “Хоног” гэе гээд. Манай гурвалжин будаа ногоон өнгөтэй. Яагаад ийм байна вэ гэвэл хойноос орж ирдэг бор будааг болохоор ууранд утаж хуураад хагас боловсруулалт хийдэг юм. Тийм учраас тарганд хийгээд тавьчихад л болчихдог. Чанах шаардлагагүй. Гэтэл манай “Хоног” гурвалжин будаа бол түүхийгээрээ. Уургийн агууламж нь 50 хувь илүү. Ингээд 2018 онд шар будаа, 2019 онд гурвалжин будаа оруулж ирсэн ч өрөө дарж чаддаггүй ээ. Зах зээлд бүтээгдэхүүн нэвтрүүлнэ гэдэг ажил маш их цаг хугацаа шаарддаг юм билээ. Шар болон гурвалжин будаа өдөр тутмын хэрэглээ биш юм байна. Аяганы тал шар будааг идчихэд л нэг ам бүлийн өглөөний цайны хэрэглээ болчихоод байгаа юм л даа. Гэтэл цагаан будаа бол өөр. Нэг ам бүл нэг хоолон дээр нэг кг, хоёр кг-ийг агшаачихаж байгаа шүү дээ. Тэгэхээр нь ерөөсөө тулгын гурван чулуу шиг гурван будаатай болъё гээд 2020 онд цагаан будаагаа оруулж ирсэн. Тэгж “Хоног” цагаан будаа мэндэлсэн. “Зорилго чинь мөнгө олох биш, хүмүүсийг эрүүлжүүлэх учраас л энэ ажил чинь таныг өдий хүртэл хөтөлж байгаа байх” гэж нэг хүн хэлж билээ. Тэр үгийг сонсоод уйлах шахсан. Яг л үнэн. Шантрах, ядрах, хийгээд л байгаа хэр нь амжилт харагддаггүй гэдэг шиг зээл аваад л байдаг, гэтэл өрөө дарж чадахгүй. Шантрах үе ирнэ. Гэхдээ л тэр үед би “Миний энэ будаагаар олон хүн эрүүлжиж байгаа. Айлууд ширээгээ тойрч суугаад хоолоо хийж идэж байгаа” гээд бодохоор урам ордог. Өөрөө өөрийгөө зоригжуулдаг.
Будаа угаасаа ургамал. Тиймээс шинэ дээрээ үнэртэй байх ёстой. Будааны нэг аюул нь хөгцөрдөггүй. Байгаад л байдаг. Юугаар нь таних вэ гэвэл шарлалт үүсдэг, цайралт өгдөг, олон жил болохоороо хугардаг. Хэт цав цагаан будаа сонгож болохгүй, өнгөлчихдөг. Будаа өөрөө сувдан өнгөтэй байх ёстой. Манай цагаан будааг агшаахаар анхилам үнэр үнэртдэг. Будаа л бол будаа гэж бодож авдаг бол буруу шүү.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.