images

Тугалын зэлэн дээр бяруу унаж явсан хүү Кэмбрижийн “монгол эффект” болсон түүх

Ж.Ариунгэрэл

Бид ингэж эхэлсэн

2024-03-21


 Англи улсын Кэмбрижийн их сургуулийн докторын дараах судлаач Т.Ганбаатарын гэргий Ж.Батчимэг манай “Бид ингэж эхэлсэн” булангийн зочноор уригдаж ийн ярилаа.

   Манай гэр бүлийн хүн бид хоёр хар багаасаа биесээ гадарлах ч их сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу тус тусын ажлаа хийж явахдаа дотносож гэр бүл бололцон 2015 онд хүүгээ төрүүлсэн. Бусад гэр бүлүүдийн л адил ипотекийн зээлтэй. Нэг цалин зээлэнд, нөгөө цалин амьжиргаанд. Залуу гэр бүлийн амьдрал яаж үргэлжилдэг билээ, түүн шиг л байсан. Гэхдээ бидэнд нэг том ялгаа байв. Тэр нь, хоёулаа гадагшаа явж сурахыг хүсдэг. Хөдөө сумаас ирцгээсэн, аав ээжүүд маань жирийн ажилчин хүмүүс болохоор өөрсдөө л ямар нэгэн боломж бий болгохгүй бол амар бүтэх зорилго биш байлаа. Ингээд 2016 оны өвөл том шийдвэр гаргаж нөхөр маань төрийн албаны ажлаасаа гарч магистрт суралцангаа багшлахаар шийдсэн юм. Ажил цуглах, тарах үеийн түгжрэлд хугацаа алдахгүйн тулд өглөө 5 дөхүүлж яваад орой 23 цагт гэртээ ирдэг байсан. Төгсөлтийн баяраараа индэрт гарч үг хэлэхдээ “Хүүгээ унтаагаар гарч, унтаж байхад нь ирдэг байсан болохоор өсөж том болохыг нь мэдэлгүй өнгөрөөсөн” гэж яриад уйлж билээ. Тийм л завгүй, цаг наргүй зүтгэсэн. Ингээд 2017 онд сайн багш нарын тус дэм, өөрийнхөө хичээл зүтгэлийн ачаар Япон улсын Кюүшүгийн их сургуульд докторын зэрэг горилон суралцах боломж олдсоноор бид 2017 оны 10 дугаар сард Япон улсыг зорьсон юм.

 

   Эхний нэг жил бид гэр бүлтэй хүмүүст зориулсан оюутны байранд амьдардаг байлаа. Манай хүний лаборатори уг нь унадаг дугуйгаар таван минут орчим яваад гэртээ ирчихээр зайтай. Тэгсэн хэрнээ л богинохон ч гэсэн гарч орох тэр хугацааг алдмааргүй санагдаад хоолыг нь би гэртээ хийчихээд сургуулийнх нь үүдэнд аваачиж өгдөг байсан. Цаг хугацаа тийм үнэтэй. Нөхөр маань ажил дээрээ 24 цаг, заримдаа бүр 36 цагаар ажиллаж туршилт, судалгаануудаа огт унталгүй хийнэ. Олон цаг унтахгүй явчихаар дээр доор гишгэлээд л, цочтол янз бүрийн сэдвээр яриад л яг согтуу хүн шиг болчихно. Нүд нь улаанаараа эргэлдчихсэн хэрнээ л хүү бид хоёрт цаг гаргах гэж хичээж байгааг нь харахаар өрөвдмөөр. Эхний хагас жилийг гэхэд л зөвхөн судалгааны эрдэм шинжилгээний ажлууд уншихад зориулсан. Мэдэхгүй үгсээ орчуулж алаг эрээн юм л уншаад байна. Сүүлд нүүхээр болоод докторт сурч байх үеийнх нь уншсан материалуудыг тоолоход 1000 орчим болсон байсан. Өдөрт бараг нэг эрдмийн ажил уншдаг байсан гэсэн үг.

     Миний хувьд мэдээж нөхөртэйгээ харьцуулж ярихааргүй ч бас тийм ч амар байгаагүй ээ. Хүүгээ цэцэрлэгт нь хүргэчихээд цагийн ажил хийж, тарах үед нь аваад хамтдаа харина. Мэдээж гэрийнхээ бүх ажлыг нугална. Ямар сайндаа усанд орж байхдаа усан дотроо гялс дугхийгээд авдаг байж билээ. Дараа нь бид хотын төв рүү нүүж нөхрийн ажлын хуваарь арай зөөлөрсөн. Гэхдээ л өглөө 5 цагт босдогоороо босож хүү бид хоёрыг сэртэл хоёр цаг хэртэй гэртээ ажиллаад, гурвуулаа хамтдаа гардаг болов. Гэр бүлдээ гаргах цагтай болж Япон оронд амьдарч байгаагаа тэр үед л мэдэрч, бусад хотуудаар хааяа аялан дурсамж бүтээдэг болов оо.

   Тухайн үед хэн хэнд маань шантарч ухрах, залхаж буцах тухай бодол төрж байгаагүй. Магадгүй, нөхөр маань доктороо амжилттай хамгаална, хүү бид хоёр аавыгаа төгстөл тусалж хичээнэ. Дараа нь англиар ярьдаг аль нэг улс руу явна гэх мэтээр дараа дараагийн зорилгоо Японд ирэхдээ л тов тодорхой бодчихсон учраас зогсоогүй байх. Одоо ч гэсэн дараагийн зорилгуудаа өөрсдийнхөөрөө төсөөлчихсөн байгаа. Хүн ер нь өөрийнхөө бодол хүслийн хэмжээнд амьдарч, үнэхээр итгэж чадвал ухамсартай ухамсаргүйгээр төсөөлөлдөө хүрч чаддаг юм байна гэдэгт би итгэдэг.

   Өнгөрсөн жил Кэмбрижийн их сургуулиас урилга авах үед бидний өмнө гурван сонголт байв. Эхнийх нь доктор хамгаалсан сургуульдаа орон тооны профессор болж үлдэх, дараагийнх нь АНУ-ын Лос-Аламосын үндэсний лабораторид судлаачаар ажиллах, сүүлийнх нь Кэмбрижийн урилга. Нөхрийн маань дөрвөн жилийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд бидэнд ирсэн энэ боломжуудаас сонголт хийх амар байгаагүй. Бид тэр үед Японд байнгын оршин суугч болоод амьдаръя гэсэн бодолтой болчихсон байлаа. Дөрвөн жил хуримтлуулсан туршлага, хичээл зүтгэлийн үр дүнд амьдрал маань бүхэлдээ тогтуун сайхан. Амьдарч байсан Фүкүока хот маань үнэхээр найрсаг хүмүүс, үзэсгэлэнтэй байгальтай, амьдрах таатай орчин бүгд бүрдсэн сайхан газар. Амьдрахад хамгийн тохиромжтой дэлхийн 10 хотын нэг гэгддэг гэсэн судалгаа ч байдаг. Дурдахгүй өнгөрч боломгүй бас нэг том хүчин зүйл бол тэнд олж авсан гэр бүлийн найзууд маань. Нутаг ус, ойр дотнын хүмүүсээсээ хол байхад чин сэтгэлээсээ тусалж дэмждэг сайн найзуудтай байна гэдэг азтай хэрэг шүү. Англи явах шийдвэр гаргахад тэдний маань тус нөлөө их байсан.

     Бид хоёр нэг хэсэг орой ажлаасаа ирүүтээ том цаас дэлгэж тавьж байгаад өөрсдөд маань ирсэн саналуудын давуу болон сул талыг жагсааж бичээд ярилцдаг байв. Хэд хоног ярилцаж байж шийдвэрээ гаргасан даа. Найз гэр бүлүүд маань ч Англи явахыг зөвлөсөн. Анх гэр бүл болсон цагаасаа л бид хоёр биеийн амрыг бодох, их мөнгөтэй баян болох зэргийг чухалчилж байгаагүй. Нөхрийн маань эрдмийн ажил, судалгаа шинжилгээний ирээдүйг бид илүүд үздэг байсан учраас Англи явах шийдвэрт хүрсэн. Ингэж манайх гэдэг айл Кэмбрижийн айл болсон юм. Кэмбрижийн айл болсон түүх маань ингэж эхэлсэн юм.

   Таван жилийн өмнө Японд анх ирчихээд “Дэлхийн хамгийн шилдэг эрдэмтэд оюуны бүтээлээ нийтлүүлдэг “Nature” сэтгүүлд эрдмийн ажлаа хэвлүүлнэ дээ” гэж ярихыг нь сонссон хүмүүс бараг бүгдээрээ итгээгүй байх. Арга ч үгүй юм даа. Япон улсын Засгийн газрын тэтгэлгийг авсан ихэнх хүн “Яаж төгсөнө дөө, яаж ард нь гарна даа” л гэсэн бодол тээдэг шиг санагддаг. Завхан аймгийн Идэр сумын хөдөө талд тугалын зэлэн дээр бяруу унаад явж байсан жаахан хүү дэлхийн топ Кэмбрижийн их сургуульд докторын дараах судалгааны ажил хийгээд, анх удаа монгол, залуу эрдэмтэнтэй ажиллаж байгаа найзууддаа хүндлэгдэж “Монгол эффект” гэж дуудуулаад явж байна гэж төсөөлөөгүй байх аа.

   “Монгол эффект” нэрний учир нь, судалгааныхаа хүрээнд өмнө нь ямар ч судлаач ажиглаж байгаагүй шинэ үзэгдэл олж нээгээд түүнийгээ эрдмийн ажил болгож хэвлүүлэхээр үргэлжлүүлэн судалж байгааг багийнхан нь мэдчихээд хүндлэл, шоглолыг хамтатган ийм нэр өгсөн юм аа. 

Түмэн-Өлзийн Ганбаатар, Жадамбын Батчимэг нар 1998-2008 онд Завхан аймгийн Идэр, Шилүүстэй суманд бүрэн дунд боловсрол эзэмшжээ. Нөхөр Т.Ганбаатар нь МУИС-ийг химийн инженер мэргэжлээр төгсөж, нанотехнологийн чиглэлээр “Шинэ Монгол” технологийн дээд сургуульд магистраар суралцаж, Япон улсын Кюүшүгийн их сургуульд химийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Одоо Англи улсын Кэмбрижийн их сургуульд докторын дараах судлаачаар ажиллаж байна. Т.Ганбаатар хүний биед хор нөлөөгүй шинэ түвшний X-ray гаргаж авах төсөлд багтаж багийнхаа нэг хэсгийг хариуцан ажиллаж байгаа юм. Эхнэр Ж.Батчимэг МУБИС-ийг Эдийн засагч, статистикчаар төгсөж Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуульд  хөдөлмөрийн эдийн засагч мэргэжлээр магистр хамгаалжээ. Тэд Английн Кэмбриж хотод гэр бүлээрээ амьдарч байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.