images

“Монгорү Цүүшин” сонин Монголд ирж байгаа япон хүмүүсийн анхны гарын авлага болдог

Д.Бизьяа

Бид ингэж эхэлсэн

2024-01-02


Монгол улсын мэдээллийн ууган агентлаг МОНЦАМЭ-гээс япон хэлээр гаргадаг “Монгорү Цүүшин” сонин өнгөрсөн оны сүүлээр 20 жилийн ойгоо тэмдэглэсэн билээ. Монголд япон хэлээр гардаг цорын ганц сонин өөрийн гэсэн уншигчидтай болоод хорин оныг үдсэн гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд хоёр улсын харилцааны гүүр болсоор ирсэн тус сонин анх яагаад гарах болсон, үйл ажиллагаагаа хэрхэн эхэлсэн талаар сонины ахлах редактор Т.Наранмандухай “Бид ингэж эхэлсэн” буланд маань ийн өгүүлэв.

   2000-аад оны эхэн үе гэдэг бол Монгол, Япон хоёр улсын харилцааны ид үе гэж хэлж болохоор юм. Ерээд оноос хойш нийгэм, улс төрийн шинэ нөхцөлд манай гол хандивлагч орон болж, Монголын ард түмэнд өргөн хүрээтэй дэмжлэг, туслалцаа үзүүлсээр ирсэн Япон улстай холбоо хэлхээ, харилцан ойлголцлоо өргөжүүлэх зорилгоор МОНЦАМЭ агентлаг япон хэлээр “Монгорү Цүүшин” буюу “Монголын мэдээ” сонин гаргахаар болсон юм. 2000-аад оны үе гэдэг маань манай сүмо бөхчүүд Япон даяар ид мандаж, манай улсын нэр хүнд бас л сайн байсан үе. Яг энэ цаг үед япончуудад Монголын тухай үнэн зөв, бодит мэдээллийг тогтмол хүргэж байх санаачилгыг тухайн үеийн МОНЦАМЭ агентлагийн захирал Д.Ариунболд гаргаж, Удирдах зөвлөлөөр хэлэлцээд “Монгорү Цүүшин” буюу “Монголын мэдээ” нэртэй сонин гаргахаар болсон юм. Тухайн үед тус агентлагийн Гадаад сурталчилгааны газрын даргаар ажиллаж байсан сэтгүүлч Г.Пүрэвсамбуу дээд удирдлагын даалгасан ёсоор япон хэлээр сонин гаргах ажлыг хариуцан авч, төсөв гаргах, тооцоо судалгаа хийлгэх, боловсон хүчнээ сонгож авах, редакц байгуулах зэрэг бэлтгэл ажлыг хийж дуусгаад 2003 оны аравдугаар сарын 26-ны өдөр анхны дугаараа гаргасан түүхтэй. Япон хэлтэй хоёр сэтгүүлч бүсгүй, нэг дизайнер, япон хэлний мэргэжилтэн, редактор Абэ Хитоши гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй, гурван компьютер, нэг принтертэй цомхон редакц ажилдаа орж байв. Тэр үед Монголд зуу гаруй япон хүн байнга оршин сууж байсны нэг нь Абэ Хитоши гуай бөгөөд тэрбээр телевизийн сэтгүүлч мэргэжилтэй хүн байсан юм. Өөрөө сэтгүүлч хүн учраас мэдээлэлд их соргог ханддаг, бидэнд ихийг зааж сургадаг байлаа. Долоо хоног тутмын гол гол үйл явдлыг тоймлож хүргэдэг, мөн танин мэдэхүйн буландаа Монголын уламжлалт ёс заншил, хөдөөгийн амьдралын талаар нийтэлдэг дөрвөн нүүртэй сонин анх гарсан юм. Энэ булан маань одоо болтол гарч байна.

Анхны дугаараа хүмүүст хүргэсэн нь

   Сонин маань анх 14 хоног тутамд нэг дугаар хэвлэгддэг байлаа. Сонин хийдэг юм байж, түүнийгээ уншигчдад хүргэх гэдэг нэг том ажил бий. Анхны дугаараа гарангуут бид МУИС, МУБИС гэх мэт дотоодын их дээд сургуулиуд, Япон-Монголын хамтарсан компани, үйлдвэрийн газруудаар явж түгээн, захиалгын тоогоо нэмэгдүүлэхийн тулд ГХЯ, Улаанбаатарт суугаа Японы Элчин сайдын яам, олон улсын JICA байгууллага, МИАТ болон Монголын аялал жуулчлалын компаниудаар дамжуулан Японы уншигчдад хүргэхийн төлөө чармайн ажиллаж байв. Токио хотод хандивлагч орнуудын хурал болоход сониноо тэнд хүргэх, мөн энд суугаа япон хүмүүс болон Японыг сонирхон судалдаг монголчуудад хүргэхээр байж болох бүхий л аргыг сүвэгчилж хичээн зүтгэсний хүчинд, тодорхой хүмүүс байнга захиалан уншдаг болж эхэлсэн. Тухайлбал их, дээд сургуулийн япон судлалын багш нар, оюутнууд, Монгол-Японы төвийн номын сан захиалж авдаг байлаа. Харин Япон руу бол шуудангаар хүргэдэг байв. Одоо ч шуудангаар хүргүүлсээр байгаа. Анхны гарсан дугаараас эхлээд өнөөдрийг хүртэл тууштай байнга захиалж уншдаг япон хүмүүс олон байна. Японы төрийн байгууллагууд, мөн судалгааны байгууллагууд, Японы парламентын номын сан, яамд, монгол ястны музей, Японы эдийн засгийн мэдээллийн “Nikkei” сонин зэрэг байгууллага анхны захиалагчид маань байсан юм.

Япончууд хэрхэн хүлээж авав?

   Япончууд мэдээ мэдээлэлд их соргог, ажил хэрэгч ханддаг. Манай сонины урлаг спортын буланд сэтгүүлч Л.Наранзул Улаанбаатарт нэгэн уран зургийн үзэсгэлэн гарсан тухай нийтлээд, хоёр гурван зургийг тайлбарын хамт гаргасан юм. Тэгтэл манай нэг байнгын япон уншигч, уран зураг сонирхдог хүн мэйл бичиж их сайхан мэдээ нийтэлсэнд талархлаа илэрхийлж байв. Мөн миний бие нэг удаа Худалдаа хөгжлийн банкны Токио дахь төлөөлөгчийн газрын дарга, урд нь япон банкны Монгол дахь төлөөлөгчийн газрын даргаар ажиллаж байсан Үчида гэдэг хүнтэй ярилцлага хийлээ. Сонин гарсны дараа нөгөө хүн маань холбоо барьж байна. Зүгээр нэг ёс төдий биш, онцгойлон талархаж буйгаа илэрхийлэх гэжээ. “Монгорү Цүүшин” сонин ийм олон хүнд хүрдэг гэдгийг мэдсэнгүй. Сонин гарангуут, таних танихгүй маш олон хүнээс баяр хүргэсэн мэйл, зурвас ирж байна. Хүү маань хүртэл олоод харчихсан, “Аавынхаа ямар лут хүн болохыг “Монгорү Цүүшин” сониноос олж мэдлээ” гэж сайхан үг хэлсэн” хэмээн үнэнхүү талархсанаа илэрхийлж байж билээ, Үчида гуай. Нэг япон хүн бүр сайн дураараа манай сониныг Японд сурталчилж, борлуулж өгдөг байлаа. Хариу нэхэлгүй чин сэтгэлээсээ ажилд маань тусалж байсан тэр сайхан хүнийг мартахын аргагүй. Япончууд аливаа зүйлд, ялангуяа хэвлэл мэдээлэлд их ул суурьтай ханддаг хүмүүс. Зохиогчийн эрх гэдэг маш чанга, хатуу. Японы телевиз, сонин, сайтууд манайхаас мэдээ, мэдээлэл авч ашиглах бол урьдчилан бидэнтэй заавал холбоо барьж зөвшөөрөл авдаг. Манай сонин яг жинхэнэ эх сурвалж болж чаддаг учраас тэр. Жишээ нь интернэтээр “Монгорү Цүүшин” гээд хайгаад үзэхэд Японы байгууллага болон хувь хүмүүс манай сонины хэдэн оны, аль дугаараас эш татан авч ашигласнаа маш тодорхой дурдсан байдаг. Иймээс Монголтой холбоотой мэдээ, мэдээлэл дээр манай сонин жинхэнэ нүд, чих болж чаддаг юм байна гэсэн бодол төрдөг юм. Заримдаа “Асахи” зэрэг сонин, мэдээллийн сайтууд манай мэдээлийг зөвшөөрөл авч ашигладгийг дурдаж болж байна. Цаашлаад NHK, “Kyodo news” агентлаг манай сониныг худалдаж авдаг.

Монголд ирж байгаа япон хүмүүсийн анхны гарын авлага болдог

   Сонин маань гарсан цагаасаа 2013 он хүртэл МИАТ-ын онгоцонд тавьдаг байлаа. Сүүлдээ тендерийн асуудал энэ тэрээс болоод больсон. Сонин онгоцонд байршихад маш олон хүнд хүрдэг юм билээ. Монголд ирж байгаа япон хүмүүсийн хамгийн анхны гарын авлага болдог байсан. ХАА-н салбарын нэг мэргэжилтэн судлаач онгоцноос манай сониныг олж уншаад, мэдээнд гарсан тоо, мэдээллийг тодруулж нягтлах гэж манай редакцийг зорин ирж байв. Бид хамтдаа үзэж хараад баталгаажуулаад өгч байсан. Мөн JICA-гийн захирал манай сониноос Монголын заавал очиж үзвэл зохих үзэсгэлэнт нууруудын тухай мэдээлэл аваад, энэ газруудаар явж үзэхээр шууд шийдсэн тухайгаа ярьж байлаа.

   Сонин маань эхлээд 14 хоног тутам дөрвөн нүүр гардаг байснаа 10 хоног тутмын зургаан нүүр болоод, цаашлаад долоо хоног тутамдаа найман нүүр болж өргөжөөд явсан. 2007 оноос эхлэн цаг хожихын тулд сониноо PDF форматаар захиалагчиддаа имэйлээр хүргэдэг болсон юм. Одоо уншигчдын дийлэнх нь цахимаар авч байгаа. Харин Японы парламентын номын сан, зарим яам зэрэг албан байгууллагууд архивлах үүднээс цаасан хэлбэрээр нь авдаг. Улаанбаатарт суугаа Японы Элчин сайдын яам, мөн манай Гадаад харилцааны яам сониныг маань одоо ч захиалан авсаар байна.

“Монгорү Цүүшин” өнөөдөр

   Миний хувьд 1996 оноос 2000 он хүртэл 10 жилийн 38 дугаар сургуульдаа япон хэл үзээд, “Соёл эрдэм” дээд сургуульд элсэж япон судлаач мэргэжлээр төгссөн. Улмаар Японы “Цүкүба” их сургуулийг дүүргээд энэ сониноос ажлын гараагаа эхэлсэн юм. Манай орчуулагч, редактор Л.Наранзул дунд сургуульд 15 наснаасаа япон хэл үзсэн. Улмаар “Соёл эрдэм” дээд сургуулийг 2005 онд төгсөөд Японд суралцсан хүн. Ирээд хувийн жижиг бизнес эрхэлдэг байхдаа “Монгорү Цүүшин” сонины идэвхтэй уншигч, сонины пэйж хуудсыг дагадаг байж. Тэгтэл нэг өдөр “Ажилтан шалгаруулж авна” гэсэн зар гарсан байхыг олж хараад сонирхол төрөн ирж шалгуулаад тэнцэж ажилд орсон намтартай.  

   Одоо сонин маань найман нүүрээр гарч байна. Урьд нь олон жил сайн дурын ажилтан Кон Аяа япон хэлний алдаа мадгийг засч найруулдаг байсан бол одоо бид бие дааж өөрсдөө мэдээ нийтлэлээ бэлдээд, өөрсдөө хянан найруулаад явж байна. Японы “Kyodo news” агентлаг манай агентлагтай анх бүр 1983 онд хамтран ажиллах гэрээ байгуулж хамтын ажиллагаагаа эхэлж байсан юм билээ. Энэ харилцаа одоо болтол хэвээрээ үргэлжилж байна. Саяхан манай захирал очиж мөн албан уулзалт хийгээд ирсэн.

   Ийм түүхтэй сонин маань 20 жилийн ойгоо саяхан тэмдэглэлээ. Ойгоороо бид тусгай дугаар бэлтгэн хэвлүүлэх, “Монгол-Японы харилцаа” гэрэл зургийн үзэсгэлэн гаргах гэхчлэн нэлээд ажил зохион байгууллаа. Ойд маань Улаанбаатарт суугаа Элчин сайдын яам, Монгол дахь япон иргэдийн нийгэмлэг, JICA, МУИС зэрэг байгууллагаас монгол, япон маш олон зочин оролцсон доо.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.