images

"Эра жимс": Бид ингэж эхэлсэн

Ж.Ариунгэрэл

Бид ингэж эхэлсэн

2024-02-22


Монголын жимсний зах зээлд тэргүүлэгч “Эра жимс” компанийг үүсгэн байгуулсан А.Ариунболд, Ц.Эрхэмбаяр, Б.Эрдэнэжаргал нар манай “Бид ингэж эхэлсэн” булангийн анхны зочноор уригдаж, 6 жилийн өмнө бизнесээ эхлүүлж байсан үеийнхээ талаар ийн ярилаа.  

     2016 онд бид гурав 10 шахам жил ажиллаад байсан компаниасаа нэгэн зэрэг гарсан юм. Нэг нь худалдааны, нөгөө нь нягтлан бодогч, гурав дахь нь математикч мэргэжилтэй ийм гурван залуу. Тухайн үед амьдардаг орон сууц жижигхэн, оффис гэж юм байхгүй. Хувийн юм хийе гэдэг дээрээ бол санал нэгдчихсэн, харин чухам юу хийх вэ гэдгээ тогтож ярилцахын тулд буудлын өрөө хөлсөлж байгаад, дор дороо байгаа бизнес санаануудыг солилцдог байв. Худалдаа, түгээлтийн чиглэлдээ бол нэлээд туршлага хуримтлуулсан байсан учраас энийгээ л баримтлая гэдэг бодолтой. Ер нь бол Монголын худалдааны салбарт ажиллах хүчин давхарддаг, үргүй зардал их гардаг ажил нь түгээлт юм. Нэг бараа оруулж ирж байгаа компани, арван бараа оруулж ирж байгаа компани ялгаагүй ижил зардал гаргадаг. Энэнд дүгнэлт хийж, нэгдсэн түгээлтийн систем бий болгох, улмаар жимсний импорт, худалдааг циклээр нь хийхээр шийдэж “Эра жимс” компаниа байгуулсан юм. Эра гэдэг нь англиар эрин үе гэсэн үг. Мөн Эрдэнэжаргал, Эрхэмбаяр, Ариунболд гэж бид гурвын нэрний эхний үсгүүдийн нийлбэр юм. Ингээд мөн оныхоо зургадугаар сараас эхлэн архи, пиво, ундаа зэрэг шингэн хүнсний түгээлт эрхэлж эхэллээ. Дөрвөн сарын дараа гэхэд гэхэд 60 шахам дэлгүүр, баар, ресторанд хүргэлт хийдэг болжээ. Улмаар намар ч болж, шинэ ургацын жимс гарав. Ингээд жимснийхээ бизнес рүү шууд орсон доо.

     Өмнө нь ажиллаж байсан компани маань бүх төрлийн хүнсний импорт, худалдаа эрхэлдэг томоохон сүлжээ компани, нэг маань бүр жимсний салбарынх нь захирал байсан учраас энэ бизнес бидэнд танил байлаа. Үүнээс гадна жимс бол Монголд дөнгөж нэвтэрч байгаа хэрэглээ байв. Жимсний хэрэглээ тухайн үед асар бага байсан. Европ, Азийн орнуудад жимсний хэрэглээ маш өндөр, манайхан мах иддэгтэй л адил. Хүнсний хэрэглээнийх нь бараг 50 хувь юм. Гэтэл Монголд энэ хэрэглээ хүн амынхаа орлогоос шалтгаалаад бага байхаар барахгүй тансаг хэрэглээндээ ордог байлаа. Иймээс энэ хэрэглээ манайд өсөх ёстой, өсгөхийн тулд ажиллах ёстой юм байна гэж үзсэнээр энэ компанийг байгуулсан юм.

   Ингээд анхныхаа захиалгыг авав. Нэг машин жимсний захиалга. Өөрсдөө бол нэг машин жимсийг нэг долоо хоногт зарна гэдэг төлөвлөгөөтэй. Тэгээд жимсээ оруулаад, иртэл авна гэсэн хүн маань авахаа байчихав. Долоо, найман дэлгүүртэй нэг эмэгтэй байсан юм. Нарийндаа бол тэр хүндээ ч хараахан биш, цаанаас нь өнөө л гурвын шахалт байсан юм билээ. Нэгэнт оруулаад ирчихсэн жимсийг муутгаад хаялтай нь биш. Хүйтэрч байсныг ч хэлэх үү, 14 хоногоос хэтрүүлэлгүй зарахгүй бол муудна. Ингээд өөрсдөө үүрээд Улаанбаатарын бүх зах, жимс зардаг бүх дэлгүүрээр явж зарсан даа. Оны эцэс гэхэд бид дөрвөн машин алим борлуулсан байв. Энэ нь ойролцоогоор 100 тонн гэсэн үг юм. 2016 онд Монголын жимсний зах зээлийн багтаамж ургацын нэг улирлаар нь бодоход 40-50 машин буюу 1000 тонн байв. Энэ хэмжээ жил бүр өссөөр, одоо бол 4000 тоннд хүрчээ. Эргэлдддэг мөнгө нь бол 60-70 тэрбум байсан нь одоо хоёр дахин өссөн байна.     

     Хүн хүч, тоног төхөөрөмж хомс учраас гурвуулаа өдөржин шөнөжин явж бараагаа буулгана, машиндаа ачсанаа агуулахад аваачиж хийнэ. Захуудаар тараагаад, зарагдаагүйг нь буцаан авч агуулахдаа буулгана. Энэ ч бага хэрэг. Юу гэвэл өнөө гурван тоглогч биднийг илтэд шахаж эхлэв. Тухайн үед Монголын жимсний зах зээлд гуравхан тоглогч байсан юм. Энэ бизнесийг хориод жил эрхэлсэн хамгийн ууган нь “Хану”, тэгээд “Видан”, “Ковар” хоёр.  Тухайлбал, 12 кг алим гаалийн татвар, тээврийн зардлаа төлөөд 40 мянган төгрөгийн өртгөөр бидэнд ирдэг байхад тэд хоорондоо үгссэн мэт 35 мянгаар зараад унав. Хэрвээ бид ийм үнэтэй жимсийг тийм үнээр зарвал шууд дампуурах юм. Өөрөөр хэлбэл, зах зээлээс шууд шахагдана. Ингээд бид бэлтгэн нийлүүлэгч түнш Польшийн компанитайгаа ярилцав. “Alvena” гэдэг компани, одоо ч бид түнш хэвээрээ байна. Түрүүчийн ажиллаж байсан компанитай маань энэ компани хамтарч байгаад, бидний гарахын өмнөхөн гэрээгээ цуцалсан байсныг бид шинээр холбоо тогтоож түншилсэн юм. Улмаар тэд маань “Таван мянган төгрөгийн алдагдлын 50 хувийг бид санхүүжүүлье. Зах зээлд бэхэжтэлээ, үлдэх 50 хувийг та нар өөрсдөө хариуц” гэдэг санал тавьдаг юм. Бид ч саналыг нь хүлээж авав. Тухайн үед бид эхний сард нэг машин, дараагийн сард хоёр, удаах сард нь гурав гэхчлэн сар тутам өссөн борлуулалт хийж байв. Өрсөлдөгч маань ч хүчээр буулгасан үнээ удаан барьж чадсангүй, ийм боломж  ч байхгүй юм. Нэг сар л болсон байх. Ингэж бид зах зээлд нэвтрэхэд учирсан анхны саад, анхныхаа томоохон сорилтыг давсан юм даа. Энэ нь нэг талаасаа түншийн маань итгэж боломж олгосон явдал, нөгөө талаасаа бидний зорьсондоо тууштай байя гэж гаргасан эр зоригийн үр дүн байсан гэж бид одоо үздэг.

   Бизнесээ яг эхэлж байхад бидэнд байсан юм гэвэл түрээсийн оффис, түрээсийн агуулах, ажилд авсан нэг нягтлан бодогч, худалдаж авсан нэг “Porter” машин л байлаа. Хурааж хуримтлуулсан юмгүй, ажил хийж байхдаа цалингаараа л амьдарч байсан улс. Боломжтой айлын хүүхдүүд үү гэхээр тийм биш. Компаниа 2016 оны 5 дугаар сарын 30-нд бүртгүүлж, хувь тэнцүү эзэмших болоод, тал талаасаа гурав гурван сая төгрөг нийлүүлсэн. Нэгийгээ Эрээн рүү явуулж гурван ширээ, гурван сандал авчруулаад “UB Mart”-ын тавдугаар давхарт 18 м/кв өрөө түрээслэв. Нэг сарын 500 мянгын өрөө. Тэр нь цонхгүй, агааржуулагчгүй. Хоёр цаг суугаад гарч агаар амьсгалж, сэрүүцдэг. Тэгэхгүй бол зуны халуунд хүнд. Хаа очиж ажил маань гадуур явдаг ажил байв. Орж ирсэн “Porter” зургаан саяар авсан санагдана. Жимсээ авахдаа бол нийлүүлэгчтэйгээ гэрээ хийсэн учраас зээлээр авна. Нэг машин алим зарахын тулд бидэнд гурваас дөрвөн машин алимны эх үүсвэр хэрэгтэй болдог. Түүнийг маань нийлүүлэгч компани хариуцдаг. Энд нэг машин ирчихсэн байхад замд хоёр машин, тэнд буюу Польшид нэг машин ачигдаж байдаг юм. 8000 орчим км газрыг 14-18 хоног явж ирдэг гэсэн үг. Захиалга өгснөөс хойш шүү дээ.

   Жимсний анхны дэлгүүрээ мөн ондоо Яармагийн гүүр урагшаа гарангуут байдаг “Фермерүүд” захад нээв. Дэлгүүр ч гэж дээ, лангуу юм. 6 орчим м/кв талбайтай. Гэхдээ бид эхний хоёр жилдээ бөөний худалдаагаа дагнаж их мунгинасан юм. Дээр хэлсэн өрсөлдөгчдийн шахалт гэх мэт янз бүрийн бэрхшээлийн ард гарах гэж хоёр жил явсан гэсэн үг. Ингээд гурав дахь жилээсээ дэлгүүрээ хөгжүүлэхээр шийдвэрлээд, дараагийн дэлгүүрээ Баянгол дүүргийн II хороонд буюу “ТБД Андууд”-ын баруун талд нээв. Улмаар дэлгүүрүүдийнхээ тоог эрчимтэй нэмсэн. Энэ үйл явцтай зэрэгцээд өрсөлдөгчид маань, тухайлбал “Хану”, “Видан” компаниуд олон дэлгүүрээ татан буулгасан байдаг. Бизнес эхэлсэн 2016 оны хувьд бол жимсний нэг дэлгүүртэй, гурван биенээсээ гадна худалдагч, нягтлан бодогч, түгээгч гээд зургуулаа болсон байлаа. Харин дараа жилийн ургац гэхэд бид 12-уулаа болсон байв.

     Монгол бол жимс үйлдвэрлэгч орон биш. Тарвасыг л хэлэхгүй бол жимс тариалдаггүй. Ганц нэг айл хашаандаа тарьж байгааг эс тооцвол шүү дээ. Жимс мэдэхгүй учраас тухайн үед жимсний харагдах байдлыг л чухалчилдаг байлаа. Алим гэхэд, улаан л бол сайн гэдэг. Иймээс жимсийг мэддэг байх хэрэгтэй юм байна, мэдлэг олгох нь чухал юм байна гэж бид үзсэн. Хэрэглэгчдэдээ мэдлэг олгохын тулд бидэн шиг их зардал гаргасан компани ховор. Амталгаат худалдаа санаачлан  эхлүүлж, үзэсгэлэн худалдааны төвүүд, сүпермаркетууд, гадаа талбайдад гурван жилийн турш тасралтгүй зохион байгуулав. Тухай тухайн жимсийг яаж хэрэглэдэг, ямар амттай, юунд сайн гэдгийг хэрэглэгчдэд ойлгуулах ажил Монголд анх удаа ийнхүү маш далайцтай өрнөсөн юм. Энэ ажлын хүрээнд 2016 оныхоо 11 дүгээр сард, Монголд бараг мэддэггүй байсан анар жимсийг Азербайжанаас оруулж ирж маш богино хугацаанд борлуулсан юм. Тэр үед хүмүүс аанай л харагдах байдлыг чухалчилдаг учраас гоё хальстайг нь л авна, гэтэл анар бол хальсыг нь иддэггүй жимс. Монголчуудын гурван хүний хоёр нь тэр жимсийг огт мэдэхгүй, зүсч үзүүлж амсуулахаар л ямар учиртай жимсийг сая ойлгож авч байв. “Азербайжанаас ирж яг харагдаач!” гэж байсан хүн ч олон. 5900 төгрөг буюу зах зээлийн үнээс нь тав дахин хямдаар борлуулж байж монголчууддаа анар гэдэг жимсийг ийнхүү таниулж байлаа.                 

     Эхний нэг жилдээ алим дагнаж борлуулсан юм. Дараагийн ээлжинд буюу 2017 оны намар Туркээс мандарин оруулж ирэв. Гэхдээ туркүүд бизнес хийхэд бас амаргүй хүмүүс. Мөнгийг нь бүрэн төлж захиалгаа өгсөн байхад муудсан, болц дутуу жимс ирэх нь цөөнгүй. Гурван машин мандарин аваад, нэгийг нь “Howo” машинаар ачиж аваачиж хаяж байсан явдал ч бий. Ер нь бол Турк улсад Европыг бодвол стандарт сайн хөгжөөгүй учраас ийм явдал гардаг. Тариалалт, хураалт, ангилан ялгалт, савлалт, хадгалалт, тээвэрлэлт гээд Европт бол маш олон төрлийн стандартыг ягштал баримталдаг шүү дээ. Турк болон хуучин стан орнуудад энэ тал нь дөнгөж л хөгжиж байна. Бид өөрсдөө очоод, аль сайн гэсэн жимсийг ачуулсан ч асуудал гарах магадлалтай. Мандарины хувьд гэвэл Туркээс анх оруулж ирсэн компани нь манайх болсон юм. Тэр байтугай Туркээс энэ төрлийн бүтээгдэхүүн хамгийн хол тээвэрлэсэн явдал боллоо гэж тэндхийн сонинд гарч байсан түүхтэй. “Чингисийн нутаг руу жимс ачлаа” гээд л бичиж байв. Зах зээлд буй бусад компани бол мандариныг өөр бусад улсуудаас авч байсан юм. Ер нь бол аливаа төрлийн жимс дэлхийн газарзүйн байрлалаасаа хамаараад ургах хугацаа нь харилцан адилгүй байдаг юм. Нараа дагадаг ч гэж болно. Мандарин хамгийн түрүүнд тавдугаар сард Өмнөд Африкт ургана. Дараа нь Австралид ургац гарна. Улмаар Испани, Азербайжан гээд явах жишээтэй. Хамгийн сүүлд буюу 11 дүгээр сард Туркэд гардаг.  

     Компани байгуулснаас хойшх анхны томилолтоор 2017 онд Хятадад явав. Алим буюу их хэрэглэдэг жимсийг бол нэг жимс-нэг машин гэх маягаар оруулаад ирж болдог. Харин бага хэрэглээтэй, бага хэмжээгээр авах жимсний тухайд бол Орос, Хятадаас оруулж ирэхээс өөр аргагүй юм. Бээжингийн “Xinfadi” жимсний захад очиж судалтал Монголд байдаггүй жимс маш олон байв. Ингээд 30 гаруй нэр төрлийн жимсийг Монголд анх удаа оруулж ирэхээр захиалга өгч, гэрээгээ хийгээд ирж байлаа. Манайхан бол Хятадаас оруулж ирсэн жимсийг тэр чигт нь хятад жимс гэж үздэг. Гэтэл энэ нь дээр хэлсэнчлэн, мэдлэггүйн харгайгаар бий болсон төөрөгдөл юм. Тухайлбал авокадо байна. Уургаар баялаг, тослог ихтэй энэ жимсний худалдаалах технологи, арга, хэрэглээг бид Монголд анх удаа нэвтрүүлсэн юм. Манайхан үнэхээр мэдэхгүй учраас гэртээ аваачаад чанаж, жигнэж хүртэл байлаа. Тэгээд “Болохгүй байна. Хэрэггүй юм зарлаа” гэж гомдоллож байсан нь нэг бус. Одоо харин өөр болж. Энэ жимс Замын-Үүдээр орж ирдэг боловч тэр нь Хятадад ургадаг гэсэн үг огт биш. Хятадад угаасаа ургадаггүй жимс юм. Перу, Чили, ӨАБНУ, Аргентин зэрэг хэдхэн улсад ургадаг, Хятад руу орж ирдэг импортын жимс. Энэчлэн Хятадын боомтуудаар гаднаас орж ирсэн олон төрлийн жимсийг түнш компани маань түүвэрлэн багцлаад нааш нь тээвэрлүүлэх гэрээг 2017 оны тэр анхны томилолтоороо хийж эхлүүлсэн хамтын ажиллагаа маань одоо ч гэсэн үргэлжилж байна.

    Компаниараа яг жимс зарсан анхны явдал маань гэвэл тарвас юм байна аа. Компаниа 5 дугаар сард байгуулсан, ургац гартал буюу 10 дугаар сар хүртэл гэж Казахстанаас оруулж ирэхээс гадна Ховдын тарвас гармагц авч зарав. Машиныхаа багаажинд ачаад гадуур явж зарна. 120 мянгатын автобусны буудал, “Алтай” хотхон, “Рапид” хороолол, зуслангийн зам гэхчлэн хаа сайгүй явна. Ингэж гурван сар тарвас зарж татвар төлөгчийн түүх үүсгээд 10 дугаар сард нь татвар төлөгчийн гэрчилгээ авч байлаа. Удалгүй анхны дөрвөн машин алимаа оруулж ирж улсад анх удаа татвар төлөв. Гааль, НӨАТ, ААНОАТ, НДШ, ХАОАТ нийлээд 30 гаруй сая төгрөг болж байсан юм. Ингэж бизнесээ ч хийдэг, ашгаа ч олдог, татвараа ч төлдөг болж эхэлсэн, өөрөөр хэлбэл жимсний бизнест эргэлт буцалтгүй орсон билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.