Ц.Төрболд: Монголдоо нисэхийн анги төгссөн 12 залуу нэг компанид ажилд орж байлаа
Бид ингэж эхэлсэн
2023-11-02
“Бид ингэж эхэлсэн” булангийн энэ удаагийн зочноор “Хүннү Эйр” компанийн Маркетинг борлуулалтын газрын захирал Ц.Төрболд оролцлоо. Тэрбээр сургуулиа төгссөн даруйдаа тухайн үед дөнгөж байгуулагдаад байсан тус компанид механикчаар ажилд орж, өдгөө удирдах албан тушаалтан болтлоо дэвшсэн нэгэн юм.
Би 2012 оны нэгдүгээр сард ШУТИС-ийн нисэхийн инженерийн ангийг төгсөөд хоёрдугаар сард нь “Хүннү Эйр” компанид анх ажилд орж байв. Манай компани 2011 онд нээгдэж 2012 онд үйл ажиллагаагаа эрчимтэй эхлүүлж байх үед манай ШУТИС-ын ангийн шинэхэн төгссөн 12 залуус сонгон шалгаруулалтад нь тэнцэж анхны боловсон хүчин нь болж байлаа. Манайхан нисэхийн мэргэжлээр Монголдоо суралцдаг гэдгийг одоо болтол сайн мэддэггүй шүү дээ. ШУТИС-ийн Нисэхийн инженерийн тэнхим жилд 20-30 хүүхэд элсүүлж, төгсгөж, тэд нар нь дотооддоо сайн ажиллаж байгаа. Миний үед энэ мэргэжлээр сурахад 4.5 жилийн сургалтын хөтөлбөртэй байсан. Одоо бол дөрвөн жил болсон байна лээ. Бид эхний хоёр жил онолын суурь мэдлэгээ үзээд, гуравдугаар курстээ цэргийн нисэхийн ангид, дөрөвдүгээр курстээ МИАТ ХК-д дадлагаа хийдэг байсан юм. Тухайн үед сургуулиа төгсөж байхад Монголд МИАТ, “Аэро Монголиа”, “Изнис” гэсэн гурван авиа компани байсан. Тэр компаниуд нь боловсон хүчнээ хангалттай бүрдүүлчихсэн учраас ажиллах газар хомс. Харин манай үеийнхэн их азтай, яг тэр үед “Хүннү Эйр” компани байгуулагдаж, багаа бүрдүүлэхээр сонгон шалгаруулалт зарласан. Ингэснээр бид нэг ангийн 12 залуу ажилд орж байсан бол одоо зургаа нь энэ компанидаа одоо хүртэл ажиллаж, боловсорч, мэргэшиж, тушаал дэвшээд, удирдах үүрэг гүйцэтгэж байна.
Хүннү Эйр компанийн агаарын хөлгүүдийн тухай
Манай компани 2012 оны хоёрдугаар сард “Fokker 50” маягийн хоёр, гуравдугаар сард нь “Airbus A319” маягийн хоёр агаарын хөлөгтэй болж орон нутаг, олон улсын олон чиглэлд нислэг үйлдэж Монголын иргэний агаарын тээврийн зах зээлд өөрийн байр орон зайгаа эзлэж билээ. Дөрөвдүгээр сард нь Хятад руу анхны нислэгээ үйлдсэн бол зургаадугаар сард нь Хонконгийн чиглэлд олон улсын хуваарьт нислэгээ эхлүүлсэн юм. 2014 онд манай компани Шанхай, Бангкок, Парис гэх мэт хүмүүсийн аялахыг хүсдэг тэр чиглэлүүдэд анхны нислэгүүдийг үйлдэв. Мөн баруун гурван аймаг, Хөвсгөл, Даланзадгад, Улиастай чиглэлд нисэж эхэллээ. Мөн тэр жилдээ манай компани бүс нутгийн агаарын тээвэрлэгч болохоор шийдэж Өвөр Монголын Хайлаар, Манжуур, Эрээн хот руу нисдэг болов.
Компанийн түүхэнд шинэ хуудас бичигдэх бүрт инженер, техникчүүд бид маш олон шинэ зүйл суралцаж, чадваржиж туршлагажаад явж байдаг. Тухайн үед бид дөрвөн онгоцоор нислэг үйлддэг байхад би механикчаас нислэгийн инженер болж, онгоц гэрчилгээжүүлэх эрхээ ч авав. Манай компани 2016 онд Монгол улсад байгаагүй шинэ төрлийн агаарын хөлөг болох“ATR-72”-ыг оруулж ирэх үед инженерууд бид шинэ төрлийн агаарын хөлгийг гэрчилгээжүүлэх, засварлах эрхээ шуурхай авч олон тусгай сургалтад хамрагдаж шинэ онгоцоо хүлээн авч билээ. Шинэ төрлийн агаарын хөлөг сонгох үед инженерүүдын оролцоо их чухал байдаг. Тухайн үед манай удиррдлага инженерүүдтэй нийлээд компанийн бодлогод нийцүүлэн сэнсэт тийрэлтэт хөдөлгүүртэй, 72 хүний багтаамжтай, түлш бага иддэг, бага зардлаар нислэг үйлдэх боломжтой, найдвартай гэсэн зарчмаар сонгож байлаа. Ингээд “ATR 72” онгоцтой болчхоод бид Хятад улсын Бугат болон Рашаан хот руу хоёр шинэ чиглэл нээн нисэж байлаа.
Иргэний агаарын тээвэрт хоёр төрлийн онгоц худалдааны нислэг үйлддэг юм. Тэр нь сэнсэт тийрэлтэт болон тийрэлтэт хөдөлгүүртэй гэсэн хоёр төрөл. Сэнсэт тийрэлтэт онгоц багтаамж багатай ч түлш бага иддэг давуу талтай. Ийм онгоцоор бүс нутгийн буюу 1000 км радиус дотор нислэг үйлдэх нь агаарын тээврийн компанид илүү өгөөжтэй, зардал багатай байдаг. 1000 км радиусаас илүү хол нисэх бол тийрэлтэт хөдөлгүүртэй онгоц тохиромжтой. Ийм онгоц сэнсэт тийрэлтэт онгоцоос хоёр дахин хурдан, дуу чимээ бага тул зорчигчдод таатай байдаг юм. Тэгэхээр ямар зайд аль хотоос аль хот руу нисэхээс ямар онгоцоор нислэг үйлдэх вэ гэдэг нь хамаарна. Ойрын зайд jet буюу тийрэлтэт онгоц нисгэх нь зардал ихтэй гэсэн үг. Тиймээс манайх Нидерландаас авсан хоёр “Fokker 50” онгоцоороо Өвөр Монгол болон орон нутгийн чиглэлд, харин Бангкок, Парис, Шанхай зэрэг холын чиглэлдээ “Airbus 319” онгоцоороо нислэг үйлддэг байлаа.
Би их сониуч хүн. Компани шинэ төрлийн агаарын хөлөг сонгох, чиглэл нээх бүрт их сонирхолтой санагдаж зөвхөн инженерын ажлаа хийхээс гадна аль болох цаад учрыг нь олох, судлах, илүү өргөн хүрээтэй ойлголттой болох зэрэг бүхий л боломжтой үйл ажиллагаанд оролцдог байв.
Нислэгийн аюулгүй байдал хаанаас эхэлдэг вэ
Нисэхийн салбарын хамгийн чухал зүйл бол нислэгийн аюулгүй байдал юм. Зөвхөн нэг нислэг гаргахын тулд тусгай мэргэжилтэй маш олон хүн ажилладаг. Хамгийн эхэнд инженер буюу тухайн агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангаж, тэр хөлөг бүрэн бүтэн ажиллаж байна уу гэдгийг байнга шалгаж, засах ажлыг нь гүйцэтгэдэг хүмүүс багдаг. Агаарын хөлгийн засвар үйлчилгээ тодорхой хатуу дараалатай, хичнээн хэвийн ажиллагаатай ч тодорхой хугацаанд эд анги шинэчлэх, солих цагтай. Тэр олон шаардлагыг биелүүлж байж иргэний нисэхийн олон улсын болон үндэсний байгууллагаас нислэгт гарах зөвшөөрлийг сунгаж өгдөг.
2012 оны дөрөвдүгээр сард Хятад руу үйлдсэн мөч шинэхэн ажилд орсон миний хувьд мартагдашгүй торгон мөч байсан. Мөн Хонконг руу анхны олон улсын тогтмол нислэг үйлдэж байсныг мартдаггүй юм. Эдгээр нислэг гаргахад миний ч гэсэн оролцоо байгаа гэсэн бодол цээжинд минь эр зориг, өөртөө итгэх итгэл, өөрөөрөө бахархах сэтгэл төрүүлж байсныг мартдаггүй юм.
2016 онд ахлах инженер болж байх үед манай компани “ATR 72” онгоц авч би тухайн жилдээ тус шинэ төрлийн агаарын хөлгийн сургалтад сууж олон улсын таван шалгалт давж тус онгоцыг гэрчилгээжүүлэх эрхтэй болж байж билээ. Инженерууд бидний хувьд богино хугацаанд шинэ агаарын хөлгийг засах, гэрчилгээжүүлэх эрхийг авахгүй бол компани гадаад мэргэжилтэнгүүдийг ажилуулах, бусдаас хамааралтай байх, илүү зардал гарах хүндрэлтэй учирна гэсэн үг. Тийм болохоор бид цаг нартай уралдаж шинэ зүйлийг маш хурдтай сурах шаардлагатай байсан.
Миний цаашдын замнал
Ковидын өмнө би өөрийнөө хөгжүүлэх, мэдлэгээ улам өргөн болохын тулд бизнесийн удирдлагаар Лос-Анжелес хотод сургуульд сурч байлаа. Суралцаад нэг жил болж байтал компани үйл ажиллагаагаа өргөжүүлэх болсон тул манай удирдлагаас надад маш харицлагатай албан тушаалд ажиллах санал тавьж билээ. Мастераа дуусгахад жил гаруй хугацаа үлдсэн байсан ч нөгөө шинийг бүтээх, шинэ салбарт ажиллах сонирходоо хөтлөгдөөд сургуулиа орхиж ирээд Коммерын албаны захирлын ажлыг хүлээн авч ажиллаж байна. Одоо ч энэ шийдвэртээ харамсдаггүй. Үлдсэн хичээлээ цахимаар үзээд сургуулиа дуусгах зорилго ч байна. Нисэхийн салбар бусад салбараас ялгаатай шүү, хүнээс өндөр боловсрол, олон талын мэдлэг, чадвар, мэдрэмж шаарддаг. Би 11 жил ажиллахдаа сонирхолдоо хөтлөгдөн хажуугаар нь өөр салбарт ажиллаж үзсэн юм. Худалдааны салбарт хүчээ үзэж, хувиараа бизнес эрхэлж ч үзэсэн. Инженер сэтгэлгээтэй хүний хувьд зөрүү нь ил харагддаг юм билээ. Харин нисэхийн салбар бол системтэй, олон улсын ил тод стандарттай, тэр өндөр стандартад нийцэн байж үйл ажиллагаа явуулах, гадаад түнш, олон улсын байгууллагуудтай харилцана гэх мэт ялгаатай. Энэ олон өндөр стандартад нийцүүлэн компанийн Коммерын үйл ажиллагааг удирдаж орлого олох үйл ажиллагаа явуулах нь амаргүй ч маш сонирхолтой санагдсан. Шинэ чиглэл нээх, гэрээ байгуулах, тэр болгонд дотоод, гадаад уялдаа холбоог зохицуулах, хянах гэх мэт олон зүйлийг нэгэн зэрэг гүйцэтгэх залуу хүн миний хувьд маш соирхолтой, challenge буюу хүч сорьж байгаа мэт санагдаж улмаар ихийг сурч байна. Яг л амьдралын амтыг мэдэрч байгаа юм шиг маш сонирхолтой байсаар байна.
Би компанидаа дуртай. Манай компанийн хувьд нийт хамт олны дотоод уур амьсгал нэг л өөр, дулаахан, дотно байдаг. Энэ уур амьсгал нь хөрөнгө оруулагч, компанийн удирдлага, дотроо ажиллаж байгаа хүмүүсийн хоорондох харилцаанаас үүсдэг. Нэгнээ сонсдог, санаа тавьдаг, бэрхшээлийг хамтдаа даван туулдаг энэ онцлог надад их таалагддаг. Манай компани ихэвчлэн залуус ажилладгаараа онцлогтой. Ажилчдын дундаж нас 31. Жинхэнэ цоглог, сэтгэдэг, бүтээдэг нас. Компанийн удирдлагаас залуусыг өөрийгөө хөгжүүлэх, шинийг сурах эрмэлзлийг байнга дэмждэг. Жишээ нь 1 сарын өмнө олон жил ажилласан 3 инженер залуусын нисгэгч болох мөрөөдлийг дэмжиж тэтгэлэг олгосон. Жилийн дараа ирэхэд нь дараагийн сургалтад нь хамруулна.
Бидний төлөвлөгөө. Дубай, Хайнань руу шууд ниснэ
Дэлхийг цочруулсан Ковидын цар тахал олон улс болон Монгол улсын хамаг үйл ажиллагааг зогсоож агаарын тээврийн салбарынхан бидний хувьд маш том цохилт болсон. Ковидын дараах үед нислэгүүд дөнгөж сэргэх боломж нээгдэнгүүт бид шинээр сэтгэх, шинэ чиглэл нээх гэх мэт олон асуудалтай тулгарч байсан. Хуучин арга барил үйлчлэхээ больсон, маш хурдан шийд гаргах, чиглэл солих шаардлагүүд гарч байсан үе. Маш олон хязгаарлалт, өндөр шаардлага тавигдсан, хүнд ч гэсэн маш өвөрмөц үе байлаа. Тэр олон шаардлагад нийцүүлэн зөвшөөрөл авах, зорчигчийг бэлтгэж нислэг гаргана гэдэг нь одооны хэлдэгээр “алаан” байлаа. Өчүүхэн үл нийцлээс болж нислэгийн зөвшөөрөл цуцлана гэсэн айдастай болохоор нислэг гарсны дараа ч араас нь санаа зовж нойргүй хонох нь энүүхэн энд асуудал байсан.
Одоо байдал тотворжиж үйл ажиллагаа энгийн тогтвортой урсгалд орж байгаа нь маш сайн хэрэг. Одоогийн байдлаар манай компанийн үйлдэж байгаа нислэгийн чиглэл бусад авиакомпанитай огт давхцаагүй байдаг. Энэ бол бид шинэ чиглэл нээж, тэр зүгт зорчигч урсгал, Монгол руу орж ирэх жуулчид татаж авах шинэ гарц байнга ирэлхийлж, бий болгож байгаагийн илрэл. Улмаар Засгийн газар Монголд зочлох жил – аян зарласан нь бидний зорилготой уялдаж гадны зочид Монгол улсад ихээр ирэх боломжийг нээх үйл ажиллагаанд бид оролцож байгаадаа баяртай байдаг.
Шинэ чиглэлийн хувьд сонирхуулахад цар тахал дөнгөж намжсаны дараа 2022 оны гуравдугаар сард бид Казахстан улсын Алматы, Киргизстан улсын Бишкек рүү Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд анх удаа хуваарьт нислэг гүйцэтгэлээ. Шинэ гарц гаргах зорилгын хүрээнд бид энэ оны 11 дүгээр сарын 3-нд буюу маргааш Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хот руу шинэ нислэг үйлдэх гэж байна. Үүний дараа Хайнань арал руу 11 дүгээр сарын 5-нд нислэгээ эхлүүлнэ. Агаарын тээвэрт шинэ чиглэл нээж, шинэ гарц гаргана гэдэг амаргүй. Харьяа агентлаг, төрийн байгууллага, хувийн хэвшлүүдийн оролцоо их байдаг. Тухайн хоёр улсын хооронд нислэг үйлдэхэд хоёр улсын харилцаа сайн байх ёстой учраас Гадаад яамны оролцоо ч их. Хоёр улсын Гадаад яам хоорондоо ноот бичиг илгээж байж агаарын тээвэрлэгчээ шалгаруулж авдаг.
Манай зорчигчдын 70 хувь нь гадаад
Олон улсын хуваарьт нислэг үйлдэхэд төлөөлөгчийн газраа тус улсад нээж маркетинг, борлуулалтаа тэнд нь шийддэг. Манай компанийн ихэнх чиглэл монголчуудыг гадагш аялуулахаас гадна гадаадаас Монгол руу зорчигч тээвэрлэх зорилготой. Тийм ч учраас манай зорчигчдын 70 гаруй хувь нь гадаадаас манайд ирж буй хүмүүс. Манай төлөөлөгчийн газрууд гаднаас Монголд орж ирэх валютын урсгалыг нэмэх, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд гаднаас олон жуулчин авчрахын тулд ажиллаж байгаа. Учир нь, агаарын тээвэр хаана байна, тэнд аялал жуулчлал байдаг. Нэг тэрэгний хоёр дугуй л гэсэн үг. Агаарын тээвэр нь сайн хөгжсөн газар аялал жуулчал цэцэглэдэг. Нөгөө талаасаа тэнд аялал жуулчлал хөгжиж байж агаарын тээврийн салбар тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжтой болно.
Агаарын хөлгийн паркийн шинэчлэл
Энэ жил манай компани “Embraer E190” агаарын хөлөг худалдаж авсан баяртай үйл явдал болсон. Онгоцыг худалдаж авах, түрээс төлөх хоёрын ялгаа бол нэг нь манай баялаг болж үлдэх, нөгөөх нь буцаад эзэндээ очих. Бид таван жилийн хугацаанд нэг онгоцны түрээс төлөх мөнгөөр энэ онгоцыг худалдаж авсан. Ингэснээр таван жилийн дараа бидний зардал багсаж, манай тасалбарын үнэ ч буурах боломжтой болно. Мөн валютын урсгал Монголдоо үлдэж байгаа юм. Бид сая “Apex” компаниар дамжуулан Монголдоо бонд босгосон. Гадаадынхнаас мөнгө зээлж гадаадынхныг хөрөнгөжүүлэхийн оронд дотоодын зах зээлдээ бонд босгож, түүнийг худалдаж авсан хүмүүстээ ашгаа өгмөөр байна. Манай байгууллага өнгөрсөн хугацаанд нийт дөрвөн төрлийн онгоц шинээр оруулж ирж байсан. “Embraer E190” төрлийн агаарын хөлгийг 2019 онд оруулж ирж ашиглаж эхэлсэн юм. Тэр нь түрээсийнх бол сая шинээр худалдаж авсан нь манай өөрийн онгоц бөгөөд ингэснээр хоёр болсон байгаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.