images

Б.Аригун: Миний кафе бол миний мэдрэмжээ зардаг газар

Б.Бадамзул

Бид ингэж эхэлсэн

2023-07-10


Улаанбаатар хотын төв, Гутлын 22 хэмээн олны дунд нэршсэн гудамжин дахь "Anjuna Book & Art” кафены эзэн Б.Аригун бизнесээ эхэлсэн түүхээ “Бид ингэж эхэлсэн” буланд хуваалцлаа.

     2020 оны тавдугаар сарын 8-ны өдөр надад “Би бизнес эрхлэгч болох ёстой юм байна. Бизнес эхлүүлэх ёстой юм байна. Бизнес гэхээсээ илүү хэн нэгний үзэл санааны дор хэн нэгний мөрөөдлийг биелүүлэхээс илүү өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх ёстой юм байна” гэдэг бодол төрсөн юм. Өөрийнхөө бизнесийг эхлүүлэх ёстой гэсэн санаа хүчтэй орж ирэхээр барахгүй дотор ямар нэгэн гал ассан. Тавдугаар сарын 8-ны өглөө орж ирсэн энэ бодол үд гэхэд цаасан дээр бууж, яг яаж эхлэх вэ гэдэг нь ойлгомжтой болсон. Ингээд маргаашнаас нь эхлээд хөрөнгө оруулалт, обьект, цаашлаад засвар, тохижилт нь ямар байвал зүгээр бол, юуг юутай хослуулах вэ гэдэг бодлууд орж ирсэн дээ. Эхэндээ номын дэлгүүр нээх бодолтой байлаа. Харин яваандаа кофе шоп болгох санаа төрсөн. Одоо бол энэ бүхэн миний хийх ёстой зүйлийн нэг байж гэж би боддог. Би угаасаа л энэ ажлыг эхлүүлэх ёстой байж.

Түрээсийн төлбөрөө төлөөд эхэлчихсэн хэрнээ засвар л хийгээд байсан

     Би дотоод дуу хоолойгоо сонсож, аливааг түүндээ хөтлөгдөж хийдэг хүн. Тэр нь би заавал номтой холбоотой байх ёстой гэдэг мэдрэмж. Би ном унших маш дуртай. Ном хүнд хэмжээлшгүй ихийг өгдөг. Гэхдээ би энэ үгээрээ хувцас загвар, машин тэрэг гээд зарж борлуулж, санал болгож болох юмсыг үгүйсгээгүй. Хүмүүст түгээж болох сая сая юм байлаа ч номын үнэ цэнийг гүйцэхгүй учраас би энэ бизнес рүү орох ёстой, үлдсэн хугацаагаа номтой заавал холбох ёстой гэж бодсон. Тэгээд гурван жилийн өмнө бизнесээ эхлүүлэхээр байршлаа сонгож, газраа олоод засвараа дөнгөж эхэлж байтал “Ковид-19” гарчихсан. Гэхдээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд энэ кафег ажиллуулсан маань миний амьдралын хамгийн үнэтэй цаг хугацаа байсан гэдэгт итгэлтэй байна.

     Би кафе нээх байршлаа олох гэж хоёр сар болсон. Төсөөлбөл, уран зураг зурахад бэлэн нэг хоосон даавуу өмнө дэлгээтэй байдаг. Гэтэл би тэрэн дээр юу зурахаа мэдэхгүй урд нь сандал дээр суучихаад байна гэсэн үг л дээ. Би нэг л юм зурна, зурах ёстой. Яагаад гэвэл зураач гэж ямар нэгэн юм намайг дуудсан. Тиймээс чи энэ сандал дээр суугаад ямар нэг юм зурах ёстой гэдгээ мэдэж байсан. Гэтэл юунаас эхэлж, ямар өнгөөр, хаана юу дүрслэхээ мэдэхгүй л байлаа. Гол нь “Би үнэхээр хийж чадах уу? Алдчихвал, дампуурчихвал, миний бодсон шиг болохгүй бол яах вэ?” гэдэг бодол үргэлж орж ирнэ. Обьектоо олчхоод би хов хоосон талбайд засвар хийхээр зогсож байсан. Одоогийн тааз, шал, хананы өнгө төрх, тавилгууд байгаагүй. Тэр байтугай сантехникийн холболт, ариун цэврийн өрөө ч байгаагүй. Тэгээд л сантехникийн угсралт хийлгэхээс эхлээд бүх юм миний тархинаас урган гарсан даа. Би кафеныхаа дотоод тохижилтыг хийхдээ ямар нэг интерьер дизайны компанитай хамтраагүй, бас хэн нэгний үгийг сонсоогүй. Энэ бүх булан, тохой, эд эс бүрт миний энерги, бодол шингэх ёстой гэдэг үүднээс маш их цаг зарцуулсан. Зөвхөн шалаа сонгох гэж шал зардаг Улаанбаатарын бүх дэлгүүрээр явж, засварын ажилчдаа хоёр долоо хоног хүлээлгэсэн. Саарал, хар, цагаан яг ямар өнгө байх вэ, материал нь ямар байх вэ, үнэтэйг сонгох уу, хямдханыг сонгох уу, паркет байх уу, үгүй юу гээд деталь бүрт маш их цаг зарцуулсан. Түрээсийн төлбөрөө хэдийнэ төлөөд эхэлчихсэн хэрнээ засвар л хийгээд байсан. Би байраа барьцаалж зээл авсан юм. Засвар хийж байхдаа кофе, ном, ургамал юу юу байхыг бүгдийг төсөөлсөн байлаа. Ном, ургамалтай бэлгийн багц гаргахыг хүссэн. Учир нь, би кафегаа мэдрэмж зардаг газар байх ёстой гэж бодож, өөрийнхөө дуртай зүйлсийг нийлүүлсэн юм. Баглааны цэцэг биш таримал ургамал сонгосны учир нь 14 хоног болоод үхчихдэггүй 10, 20 жил хамт байх, тэдэнтэйгээ найзалж, тэднийгээ хараад таашаал авах,  тэдэнтэй бүр ярилцаж харилцах тийм таримал цэцэг байх ёстой гэж бодсоных.

Анжуна хэмээх нэр

     Анжуна гэдэг бол миний багын нэр. Багадаа би Аригун гэдэг нэрийг хэлж чаддаггүй өөрийгөө Анжуна гэдэг байв. Бага насандаа Чехэд олон жил амьдарсан болохоор чех хүмүүст нэрээ ингэж хэлэх нь ч тохирдог байлаа. “Anjuna’s store” ч юм уу Анжунагийн гэж нэрлэж болох байсан ч тэгээгүй. Харин “Anjuna Book & Art” буюу Анжуна гэсэн маань бие даасан брэндинг үүсгэхийг зорьсных. Цаашдаа “Anjuna Green & Art” гээд хөгжүүлээд явна. Энэ нэр миний нэр гэдгээсээ илүү брэндингийн нэр болох ёстой учраас “s” үсэг залгаагүй. Энэ бол Анжунагийн дэлгүүр биш Анжуна гэдэг нэртэй дэлгүүр. Хүн нэрэндээ ямар хайртай, харам байдаг билээ. Энэ нэрийг үнэ цэнтэй байлгахын төлөө хичээх нь миний дотор байдаг үнэ цэнтэй маань нийцэж байгаа учраас энэ нэрийг бодож олсон юм.

     Бүх зүйл ар араасаа урсаж бий болсон. Логоныхоо үсгийн фонтыг хүртэл найзтайгаа харж харж сонгосон нь үнэхээр гоё болсон. Энд байгаа бүх юм шинэ санаачилга байлаа. Өмнө нь хэн ч, ямар ч газар кофены хажууд ном, таримал ургамал зардаг байсангүй. Бэлгийн багц гаргадаггүй байсан. Одоо бол газар болгон дуурайж байна. Ургамал зардаг хүмүүс хажуудаа ном тавьчихаж, кофе зардаг нь цэцэг, ном тавьчихаж. Дуурайж байгаа нь манайх амжилттай яваагийн илрэл байх гэж боддог. Миний цэцэг ургамлын тайлбар, зураг авалтыг энд тэнд хуулбарладаг нь миний бизнес хүмүүст хүрч, бусад хүмүүс санаа авахаар хэмжээний гоё байгаагийнх гэж урамшиж байна.

Энийг хийх ёстой гэдгээ мэдрэх, айдсаа давах чухал

     Брэндингийг би зүгээр нэг лого биш, хэрэглэгчдэдээ өгч байгаа харилцаа гэж ойлгодог. Анжунагийнхан хүнтэй мэндтэй устай, сайхан харилцаатай, сайн зөвлөгөө өгдөг, эргэх холбоотой, халамжтай байх хэрэгтэй. Брэндингийн үнэ цэн, манайх бусад өрсөлдөгчдөөсөө юуг хэрэглэгчид илүү санал болгож чадах вэ гэдгийг сайн бодох ёстой юм билээ. Би тэр давуу талуудаа маш сайн олж харсан гэж боддог. Энэ бүхэнд миний сурсан зүйл, түүнээс илүү дотоод мэдрэмж минь нөлөөлсөн. Мэдээж би сэтгүүлч учраас зураг авалт ямар байх, хүний сэтгэлд хүрсэн, үг үсгийн алдаагүй, цэгцтэй, агуулга нь ойлгомжтой, утга найруулга, мэдрэмжээ илэрхийлсэн тайлбар, текст бичихэд хүний гар харахгүй. Телевизэд олон жил ажилласан учраас ямар контент, ямар өнгө хүнд хүрдгийг мэддэг. Бизнес бол хүн хоорондын харилцаа учраас ямар түнштэй байх, түншүүдтэйгээ яаж харилцаа үүсгэх, ямар итгэлцэл бий болгох, хэр удаан хамтрах зэрэгт телевизийн салбарт ажиллахдаа олж авсан хэл яриа, харилцаа, хандлагын чадварууд маань тусладаг. Гэхдээ гол цөм нь энийг хийх ёстой гэдэг тэр мэдрэмж, айдсаа давсан тэр алхам.

Анхны зочин

     2020 оны есдүгээр сарын 25-нд анхны зочноо хүлээж авсан юм. Тэр хүн манай ахын найз байсан.“Энүүгээр явж таарлаа. Чи яриад байсан юмаа эхлүүлчихсэн үү?” гээд орж ирэв. “Манайх маргааш нээлтээ хийхэд бэлдээд кассандаа номуудаа шивээд, кофены машинаасаа кофе гаргах учраа мэдчхээд байж байна” гэхэд бэлгэшээгээд, ном худалдаж аваад кофе уугаад гарч байлаа. “Анхны орлого оруулж өгч байгаадаа баяртай байна” гэсэн. Надад тэр үед “Манай бизнес газардахгүй юм байна” гэж бодогдсон. Манай үйл ажиллагаа эхлэх тэр цэгт л би хэдийнэ өөртөө итгэх итгэлээ олоод авчихсан байлаа. “Би газардахгүй, шантрахгүй юм байна. Чадах юм байна. Ингээд би газраа бий болгочихлоо. Үүнээс цааш даваад явна” гэсэн итгэл байсан юм. Мэдээж дараа нь хэцүү байсан. “Одоо яана аа” гэж уйлж шантрах мөчүүд байлгүй яахав. Одоо ч тийм бодлууд байна. Гэхдээ тэр шантрахаар хэмжээний биш. Харин ч өөрийгөө улам хурцалдаг.

Anjuna Book&Art фейсбүүк хуудаснаас.

“Анжуна”-д хүний хөл тасардаггүй

     Манайх одоо ийм тийм түвшинд хүрсэн гэж би хэлж мэдэхгүй. Ямар ч байсан хүн тасардаггүй. Зарим хүн манай байнгын үйлчлүүлэгч болдог, зарим нь ороод л гардаг. Тэгээд байнга үйлчлүүлж байснаа больдог, бас хэсэг хугацааны дараа эргээд л ирнэ. Юм гэдэг түр зуурын шинж чанартай. Мөнхөд үргэлжилдэг юм гэж байхгүй. Юм бүр хувьсан өөрчлөгддөг, нэг зүйлдээ дасах ямар ч боломжгүй. Угаас амьдралд өдөр болгоны тогтмол чанартай юм гэж юу ч байхгүй. Бүх зүйл хувьсаж өөрчлөгдөж байдаг. Гэр орноо цэмцийтэл цэвэрлээд хэн ч гар хүрэхгүй байхад л сарын дараа тоос шороондоо дарагдчихсан, юм нь элэгдэж хуучирчихсан байдагтай л адилхан. Би тогтмол бус хувьсаж өөрчлөгдөж байгаа зүйлд анхаарлаа хандуулдаг. Энэ яаж өөрчлөгдөх вэ гэдэг надад сонин байдаг. Тиймээс тогтмол байлгах гэж хичээх, тогтмол зүйлд дасах нь надад тохирохгүй. Бизнес хийж байгаа хэнд ч тохирохгүй. Хэрэглэгч, үйлчлэгчид байнга л солигдож байдаг. Өглөө бүр орж ирдэг хүмүүс алга болчихдог. Тэгэхээр нь би харамсдаггүй. Дараа нь дахиад л ороод ирдэг. Тэр үед нь баяртайгаар угтаад л авдаг даа.

Амьдралд илүү их дурладаг боллоо

      Хүнийг ялагдуулж болох хоёрхон зүйл байдаг юм байна. Тэр нь дийлдэшгүй өвчин, үхэл хагацал. Бусдаар бол хүн бүх зүйлийг давж туулах чадвартай төрсөн гэдгийг би ойлгосон. Бизнесээ эхлүүлээд олон сая төгрөгөөр шатсан, олон хүн намайг гэнэт орхиж яваад би заримдаа ганцаараа үлдэхийг үзэв. Цар тахлын үед хаагдаад ямар ч орлогогүй болж байлаа. Янз бүрийн Зарим нэгэн байдлаар дарамт шахалтууд ч ирдэг байсан. Огт бараагүй болох үе байна. Кофеныхоо үрийг ч авч чадахгүй үе байлаа. Гэхдээ эд чинь үнэхээр жижигхэн асуудал.“Шантаръя” гээд бодчихсон хүнд бол шантармаар байх. “Шантрахгүй дээ” гэсэн хүнд бол шантрахааргүй сорилтууд юм билээ. Хүн бол тэртэй тэргүй бүгдийг даван туулах чадвартайгаар төрсөн учраас тэр өгөгдлөө 100 хувь ашиглах ёстой юм байна гэдгийг би энэ гурван жилд олж авсан. Хамгийн гол нь бүх зүйл түр зуурынх. Өнөөдөр хэцүү санагдаж байгаа зүйл хэзээ ч сарын дараа надад бодогддоггүй. Хэлбэр нь өөрчлөгдөөд бодогдож магадгүй. Гэхдээ л яг тэр өгөгдөл нь нэг янзаараа орж ирэхгүй. Түр зуурын чанартай зүйлст тэрхэн зуурт нь уйлаад, уурлаад, шантарч ундууцаад байх шаардлагагүйгээр энэ бүхэн өнгөрнө, шийдэгдэнэ, шийдэгдвэл шийдэгдэнэ биз, үгүй бол тэр л биз гэсэн бодолтой болсон. Энэ чинээгээр амьдралд илүү их дурладаг боллоо.

Чамд хүч байгаа

     Би ойрын зорилгоо маш нууц байлгах хэрэгтэй гэж бодсон. Ярих нэг өөр, үйлдэх нэг өөр. Намайг саяын туулж өнгөрүүлсэн гурван жилээс хүнд сорилтууд хүлээж байгаа учраас би амжилттай болчихсон юм шиг хүлээлт өгч хүмүүст яримааргүй байна. Амжилттай болох хүртэл би дахиад олон зүйл хийнэ. Тиймээс дараа дараагийн алхмуудаа нууц байгаасай гэж хүсдэг. Давж чадах эсэхээ би өөрөө ч мэдэхгүй байж хэн нэгэнд амлалт өгч байгаа юм шиг “Би тийм юм хийнэ” гэж шууд хэлмээргүй байна. Ямар ажил хийхээ дотроо бодчихсон байгаа. Хэдийнэ ажилдаа орсон. Кофег кофе гэж харах нэг өөр, тэрийг хийж сурах нэг өөр байдаг. Яг түүн шиг юмыг ухаж, амьд болгож гаргаж ирэх их хэцүү учраас үйлдлээрээ л үзүүлье гэж боддог.

     Миний ярилцлагыг уншиж байгаа хүмүүст би нэг л зүйлийг хэлнэ. Бусдын үгийг бүү тоо. Чиний дотор амьдарч байгаа зүйлийг чи амьдруулж чадна. Тэгэх хүч чадал нь чамд л байгаа. Өөр хэн нэгэнд байхгүй. Тэгэхээр юуг амьд байлгамаар байна гэдгээ чи өөрөө дотроо харчих юм бол амьдруулах хүч нь чамд л байгаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.