images

Э.Амарсайхан: Польш хэлтэй учраагүй бол телевизийн хүн болохгүй байх байлаа

Б.Бадамзул

Хэлтэй бол хөлтэй

2022-10-25


“Хэлтэй бол хөлтэй” булангийн энэ удаагийн дугаарт Монголын хөлбөмбөгийн холбооны маркетингийн менежер Э.Амарсайхан оролцож, польш хэл сурсан түүхээ хуваалцлаа.

Хөлбөмбөгт дуртайдаа польш хэл сурав

     Би арван жилдээ 23 дугаар сургуулийн орос хэлний ангийг төгссөн юм. Төгсөөд Польшийн их сургуульд архитектурын чиглэлээр сурахаар явлаа. Тэнд очтол бараг орос хэлний хэрэггүй болсон. Учир нь, орос хэл нь польштой ижил слав хэл гэдэг ч тэнд оросоор ярихаар ойлгодоггүй юм билээ. Дээрээс нь польшууд оросуудад ясны дургүй болохоор оросоор ярьсан хүнийг ойлгосон ч ойлгохыг хүсэхгүй. Тэгтэл Польш хөлбөмбөгийн орон. Харин миний хообий болохоор хөлбөмбөг. 1990-ээд онд одоогийнх шиг хүссэн мэдээллээ интернетээс олоод авчихдаг тийм боломж байсангүй. “Таван цагариг” сонин л уншина. Гаднын “Bravo Sport” гэх мэт өнгөт зурагтай гоё гоё сэтгүүл гарснаасаа бүр хэдэн жилийн дараа л Монголд үзэгдэнэ шүү дээ. Тэгтэл тэр сэтгүүл Польшдоо долоо хоног тутам гардаг. Энэ чинь бидний хувьд мөрөөдөл байхгүй юу. Тэгээд сонин сэтгүүлээ аваад унших гэтэл ойлгодоггүй ээ. Нөгөөх орос хэлнээс тэс өөр юм. Үсэг нь хүртэл өөр ч байх шиг. Үнэхээр хөл бөмбөгт сонирхолтой учраас тамирчин, баг, үйл явдлын талаар уншмаар байдаг. Хэлийг нь мэддэггүй. Тэгэхэд манай дүү нар Польшийн дунд сургуульд сурдаг байсан учир тэднээс энэ ямар үсэг вэ, юу гэсэн үг вэ гээд л асууна. Ингэсээр сарын дараа гэхэд л уншдаг болчихсон байсан. Тэгэхээр хүний сонирхол их чухал юм билээ. Хэрэв хөл бөмбөгт сонирхолтой байгаагүй бол тийм богино хугацаанд уншдаг, ойлгодог, ярьдаг болохгүй байсан байх.

Польш хэл хэцүү

     Польш, Чех, Украин бол славян хэлний үндэс суурь хадгалагдаж байдаг төв нь. Украинчууд Оросын нөлөөнд байсаар тал нь оросоор ярьдаг, ойлгодог болсон ч яг төрөлх хэлээрээ яриад эхэлбэл нь ойлгоход хэцүү. Польшуудын хувьд ч өөрсдөө манай хэл хэцүү гэж ярьдаг юм. Дүрэм нь хэцүү учраас хүүхдүүд нь польш хэлний хичээл дээрээ тааруухан дүн авна. Польш найзууд маань ч хамгийн дургүй хичээл польш хэл гэдэг байлаа. Одоо ч тэр, Польшийн төрийн байгууллагын ажилчдын хамгийн том асуудал нь бичгийн хэл. Миний хувьд уншаад ойлгочих түвшинд байхад л хангалттай байсан. Спортын сэтгүүлээ уншаад ойлгочихно, эргүүлээд хүссэн зүйлээ асуучихна. Англи хэлний хувьд ч тэр. Хөлбөмбөгийн тухайд ярилцахад хэл авалцчихна. Одоо миний гаднаас авдаг мэдээллийн эх сурвалжийн 80 хувь нь польш хэлээр байна. Польшууд ер нь их айхтар хүмүүс л дээ. Мэдээллийн эх сурвалжаа яаж судлах, олж авах, цуглуулсан баримтаа ямар өнцгөөс хүргэх вэ гэх тал дээр славянчуудын өвөрмөц шинж чанар харагддаг. Тэр нь надад их таалагддаг. Би англи, орос, польш хэлнээс мэдээлэл авдаг юм. Нөгөө хоёртой нь харьцуулахад Польшийн мэдээ асуудлыг өөр өнцгөөс харсан, энгийн биш байдаг. Хэлтэй бол хөлтэй гэдэг шиг энэ хэл байгаагүй бол би телевизийн сэтгүүлч болж, мэдээ мэдээлэл бэлтгэж сурахгүй байсан. Ер нь хэлний ачаар л дэлхийтэй хөл нийлүүлж, мэдээллээс хоцрохгүй явж байна. Хүн олон талын эх сурвалжаас мэдээлэл авбал бодит мэдээлэлд илүү дөхнө. Тэгэхгүй, нэг эх сурвалж, нэг орноос л мэдээлэл аваад байвал үнэнээс холдоно.  

Польш хэл, хөлбөмбөгөөс болж телевиз рүү урвав  

     Польшид байхдаа хөлбөмбөгийн тэмцээн үзээд VHS хальсанд хуулж Монгол руу явуулдаг байлаа. Миний явуулсан бичлэгүүдийг “Одод”, “Цэнхэр гараг”-аар Н.Тамир ах гаргаж байсан юм билээ. Одоо ч уулзахад “Чамаас 2000, 2001 оны Аваргуудын лигийн чамин чамин тоглолтуудыг авч, манай Польш дахь сурвалжлагч маягийн юм хэлж гаргадаг байсан” гэдэг юм.

     Би 2004 онд Польшоос ирээд тоглолт хуулж авсан хальснуудаа телевизээр гаргаж, хүмүүст үзүүлье гээд “25 дугаар суваг” телевиз дээр очлоо. Тэгсэн чинь З.Алтай захирал “Чи наадахаа өөрөө ярьж тайлбарла. Чи л хамгийн сайн мэднэ” гэсэн. Ингэж л сураагүй, мэдэхгүй салбартаа орж ирсэн. Тэгээд л мэдээгээ цуглуулаад ажилдаа оров. Тухайн үед Орос, Хятадаас мэдээгээ хуулдаг. Мэдээгээ гол төлөв Оросын текстээр уншаад, Хятадаас дүрсийг нь авдаг байлаа. Орос бол аль ч спортын мэдээг бичнэ. Харин Польш хөлбөмбөгийн орон учраас сагсан бөмбөг гэх мэт бусад спортыг сайн бичдэггүй юм.

     Ингээд “25 дугаар суваг” телевизэд ажиллаж байхад манай гадаад мэдээний албаны охин “Хойно шинэ телевиз нээгдэж байна. Тэр чамд яг тохирно” гэхээр нь сонирхож очоод пробонд ортол тэнцчихлээ. Тэгэхээр нь “Би урд телевизэд ажилтай” гэж хэллээ. "Яах гэж ирсэн юм?” гэнэ. “Зүгээр сонирхоод ирлээ” гэсэн чинь “Нөхцөлөө хэл” гэж байна. Энд зөвшөөрвөл З.Алтай захирал, А.Авирмэд ахтай хуурай ах дүү шахуу болчихсон хүн чинь эвгүй байдалд орох гээд байдаг. Тэгэхээр нь “280 мянган төгрөгийн цалингаар ажиллана” гэчихлээ. Тэр үед би эфирт гарсны нэмэгдэлтэй нийлээд 90 мянган төгрөгний цалинтай байсан юм. Тийм өндөр цалин хэлэхээр намайг авахгүй гэж бодохгүй юу.  Тэгтэл өөдөөс шууд “За тохирлоо” гэдэг юм. Нэг бодлын баярламаар боловч нөгөө бодлын, урд телевизийнхийхээ нүүрийг яаж харна даа гэж бодогдож байна. Тэгсэн өнөөдүүл маань намайг “C1” телевизийн ярилцлагад орсныг мэдчихэж. Авираа ах, Галсан ах уурлаж байна. Өнөөхийгөө тайлбарлаад л “Би үлдэнэ ээ” гэсэн чинь хөөж байна. Харин З.Алтай ах “Битгий тоо. Би Хонконг яваад дөрөв хоноод ирнэ. Чи байж байгаарай” гэлээ. Маргааш нь ажилдаа ирэнгүүтээ Авираа ах, Галсан ах хоёрт хөөгдөөд “С1” рүү явсан даа. Намайг 280 мянган төгрөгний цалин авч байхад мэдээний албаны дарга 90 мянгыг авдаг байлаа. Ингээд эргэлт буцалтгүй телевизийн хүн болов оо. Энэ бүхнийг ярьдгийн учир нь, архитекторч болох гэж явсан намайг польш хэл ондоо тийш нь хөтлөөд, хөтлөх хөтлөхдөө огт ондоо мэргэжил рүү хөтлөөд, тэгээд насан туршийн минь ажил мэргэжил болгосон юм даа.

     Сүүлд би польш найзтайгаа эх хэлээр нь ярилцсан юм байна. Польш сагсан бөмбөгчин NBA-ийн тамирчин болсон талаар баяр хөөртэй ярьж байна лээ. Манай хөлбөмбөгийн хүрээлэлд хэд хэдэн польш хэлтэй хүн бий ч тэдэнтэй энэ хэлээр ярихгүй шүү дээ. Юм уншиж мэдээлэл авахад л польш хэлээ ашиглаж байна. Саяхан гэрийнхээ номуудыг эмхэлж байгаад “Металликагийн үнэн бодит түүх” гэдэг ном олж польш хэл дээр уншсан.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.