images

Төвхөн хийд


    Төвхөн хийд нь Өвөрхангай, Архангай аймгуудын заагт, Хужирт сумын төвөөс баруун хойш 40 км зайд Орхоны хөндийд орших, Монголын буддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг юм. 1648 онд анхдугаар Жавзандамба хутагт, өндөр гэгээн Занабазар 14 настайдаа энэхүү байгалийн өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон таалж, улмаар 1651 онд бясалгал үйлдэх чулуун ханатай жижиг байшин бариулан “Дубхан” буюу “Бүтээх байр” гэж нэрлэжээ. Энэ үг нь явсаар өдгөө “Төвхөн” болсон байна. Өндөр гэгээн Занабазар тус хийдэд сууж байхдаа 1686 онд “Соёмбо” үсгээ зохиож, “Адистэдийн дээдийг харлагч” тэргүүтэй зохиолоо айлдахын хажуугаар хосгүй нандин бүтээлүүдээ урласан байна. Хийд 1688 онд сүйтгэгдсэн бөгөөд 1773 оноос хурал номын ажлыг нь сэргээж тогтмолжуулаад байсан нь 1939 онд их хэлмэгдүүлэлтийн үеэр тасалджээ. 1992 онд улсын хамгаалалтад авч, сүмийн үйл ажиллагааг сэргээсэн бөгөөд 1997 онд сэргээн засварлалтыг хийсэн байна. Сүүлийн жилүүдэд Германы сэргээн босголтын банкны KFW төслийн санхүүжилтээр Төвхөн хийдийн угтах орчныг тохижуулах ажил хийгдээд байгаа аж. Сонирхуулахад, хүн ам, өрхийн мэдээллийн санд 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар "Төвхөн" гэсэн нэртэй гурван хүн байна.