images

Наурыз


    Наурыз гэдэг нь перс гаралтай үг бөгөөд нау-шинэ, рыз-өдөр буюу “Шинэ өдөр” гэсэн утгатай ажээ. Өөрөөр хэлбэл өдөр шөнө тэнцэж, шинэ жил гарч байгааг бэлгэдэн ийн нэрийдсэн байна. Казахын ард түмэн өвлийн хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай золгосны баяр болгон тэмдэглэдэг нь энэ юм. Мөн нарыг шүтдэг учраас гуравдугаар сарын 22-ны өглөө эртлэн босож нарыг шинжин, тухайн жилийнхээ өнгийг хэлэлцдэг. Насанд хүрсэн казах эмэгтэйчүүд мандаж буй наранд ёсолж “Амьдрал тэтгэж буй наран ээж минь” гэж залбирал үйлдээд хоорондоо золгож мэндэлснээр баяр эхэлдэг уламжлалтай. Мөн бүх хүн анхны нар харж, наранд сүү өргөж хүндэтгэнэ. Гэрийн эзэгтэй нар гэрийнхээ тооныг сүүгээр мялааж, хаалганыхаа босгыг тарагаар мялаадаг ёс ч бий. Баярын үеэр бүгд үндэсний хувцсаа өмссөн байх агаад ахмад настан аксакалуудаа хүндэтгэн золгож, үдэж буй оныхоо ажил үйлс, ололт амжилтаа хүүрнэн дүгнэж, шинэ ондоо аз хийморь, арвин баялаг амжилттай байхыг ерөөн хүсдэг. Эдгээр зан үйл нь монголчуудын цагаан сарын баяр тэмдэглэхтэй адилхан бөгөөд хэдэн өдрийн өмнөөс бэлддэг учиртай. Наурызын баярыг дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн өргөн тэмдэглэж өнгөрүүлдэг. 2010 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дэх хуралдаанаар Наурызыг олон улсын баяр болгон баталжээ. Улмаар ЮНЕСКО (НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, урлагийн байгууллага) Наурыз баярыг “дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэсэн юм.