images

Сантмаргац


    Сантмаргац нь Завхан аймгийн сум бөгөөд 1924 онд байгуулагджээ. 1921 оны хувьсгал ялсны дараахан Бадрах, Холбоо, Ширээ гэж нэрлэгддэг жижиг сумуудаас нэг сум болж бүрэлдэн тогтсон байна. Мөн 1922-1924 онд улс орон даяар нутаг дэвсгэр засаг захиргааны зохион байгуулалтад өөрчлөлт хийж, нутгийн захиргааг шинэчлэн өөрчлөх болсноор 1924 оны өвөл сумын ардын төлөөлөгчийн хурал болжээ. Тэр хуралд 20 өрхөөс бүрэлдсэн хориныг тус бүр таван өрхөөс бүрдсэн гурван баг болгож, илүү гарсан өрхийг одоогийн Ургамал суманд шилжүүлж, сумын захиргааг дарга, нарийн бичгийн дарга, туслах болон зарлагын орон тоотойгоор сонгосон байна. Сумын нэрийн тухай асуудал гарч, Цэдэнжав бойдоогийн саналаар Сант толгой, Маргац уулын нэрээр Сантмаргац гэж нэрлэхээр тогтож, улмаар хошууны хурлаар батлуулж байжээ.