images

Гунгаадорж


     1990 онд Монгол улсын 15 дахь ерөнхий сайдаар ажиллаж байсан Шаравын Гунгаадорж гуайг нялхад нь Бага-Ухна гэдэг байжээ. Ухна гэдэг нэр говийнхон дунд түгээмэл бөгөөд ахыг нь Их-Ухна гэдэг байсан юм санж. Гэвч ах дүүс тун удалгүй Гунгаанамжил, Гунгаадорж гэдэг нэртэй болсон байна. Учир нь, тэдний багад Төвөдөөс Монголд залраад буцаж явсөн Сэмбээ ринбүүчи Гунгаадорж гуайн төрсөн нутаг Мааньтын шанд гэдэг газраар дайрчээ. Тэгэхэд Шарав гуай номын хүн тул хувилгааныг гэртээ залсан бөгөөд ринбүүчи ах дүү хоёрт Гунгаанамжил, Гунгаадорж гэдэг нэр хайрласан байна. Гунгаадорж гэдэг нэр нь гэрэл гэгээ цацарсан, гэрэлтэй жаргалтай гэсэн утгатай ажээ. Ийнхүү сайхан нэрийн эзэн болсон тэрбээр хожим төрийн хар хүн болсон билээ. Тухайлбал, 1935 онд төрсөн Ш.Гунгаадорж гуай 1963 онд Москва хотод Тимирязевийн нэрэмжит академийг агрономич мэргэжлээр сурч дүүргэсэн байдаг. Монголдоо ирж газар тариалангийн салбарт арван жил ажиллаад 1968 онд ХААЯ-нд орлогч сайд болсон бөгөөд 1986 онд тус яамны сайд болжээ. Мөн улс төрийн эгзэгтэй үед ерөнхий сайдаар ажилласан тэрбээр 65-69 настайдаа буюу 2000-2004 оны хооронд Сэлэнгэ аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байв. Харин түүнийг өнгөрсөн онд Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан юм. Өдгөө Ш.Гунгаадорж гуай 88 настай билээ.