images

Улаанбаатар


     1924 оны 11 дүгээр сарын 25-нд Монгол улсын анхны үндсэн хуулийг батлах улсын анхдугаар хурлын үеэр Нийслэл хүрээний нэрийг өөрчлөх асуудлаар удтал хэлэлцжээ. Тэгтэл хуралд ирсэн нийт 77 төлөөлөгчийн нэг Гиваабалжир нь (Одоогийн Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харъяат) уг хэлэлцүүлэгт “Баатар хот” гэж нэрлэе гэсэн санал гаргасан байна. Тэр нь цааш дэмжигдэн батлагдсан нь өнөөгийн нийслэл Улаанбаатар хотын нэрний “Баатар” хэмээх тодотгол болжээ. Улаан гэхийн тухайд өөр эх сурвалжуудад Коминтерны төлөөлөгч Т.Рыскулов хувьсгалын бэлгэдэл улаан өнгийг санал болгосон нь тухайн үеийн түүхэн нөхцөлд илүү хөшүүрэг болсон  бөгөөд уг өнгийг манай эрдэмтэн Ж.Цэвээн, Ерөнхий сайд Б.Цэрэндорж нар Их Хүрээ нь Жамсран (Бэгз) шүтээнтэй буюу улаан сахиустай, тэр нь Монгол төрийг даасан хэмээх үзээд, басхүү улаан өнгө Монголчуудын мандал бадралын бэлгэдэл, тиймээс ч улаан залаатай монгол хүн гэдгийг бодолцож дэмжсэн байж магадгүй гэнэ. Энэхүү “Баатар” гэх нэрийг санал болгосон Санжийн Гиваабалжир нь 1911 оноос Пүрэв гүний хошууны тал бичээчээс эхлэн Монгол төрийн зүтгэлтэн бөгөөд Улиастайд суух Баруун таван аймаг хариуцсан Засгийн газрын шашны төлөөлөгч, 1924-1925 онд БНМАУ-ын Гадаад Явдлын яамны сайдаар ажиллаж байжээ. 1925 оноос Цэцэрлэг Мандал уулын аймгийн Ерөнхий дарга зэрэг хариуцлагатай алба хашиж явсан байна.

Эх сурвалж: С.Юндэнбат.Монгол соёл урлаг судлал. УБ.,2017.