images

Хүүхний хөтөл


     Ийм нэртэй нэгэн хөтөл Баянхонгор аймгийн Баянговь сумын нутаг Их Богд уулын ар шилд байдаг. Эрт цагт Орог нуурын хөвөөн дээр ногоон торгон дээлтэй гоо бүсгүй нуурын уснаа нүүрээ тольдон байхыг тэр нутгийн нэгэн залуу санамсаргүй харжээ. Гэтэл нөгөө бүсгүй тэр залууг хармагцаа нүүрнээсээ хурц ногоон гэрэл цацруулж, хар ногоон зүсмийн усан тэлмэн жороо морь унан Их Богд уулын ар шилээр даван оджээ. Огтхон ч зүс үзээгүй, үзэсгэлэнтэй гоо бүсгүйг харсан залуу ихэд гайхан гэртээ ирж ээждээ хэлсэнд " Ээ хайрхан минь, тэр чинь Орог нуурын эзэн байгаа юм. Эгэл жирийн хүнд барагтай харагддаггүй гэдэг. Эр хүн үзвээс эхнэрийн сайныг хайрладаг гэдэг. Эм хүнтэй тааралдваас эрийн сайн заяадаг юм гэнэ лээ. Миний хүү дотроо залбирч яваарай" гэжээ. Үнэхээр нэг жилийн дараа тэр залуу хол нутгийн сайн ханьтай учир ч аз жаргалтай нэгэн гэр бүл болсон гэдэг. Орог нуурын эзний анх давсан Их Богдын ар шилийн намхавтар хөтлийг тэр цагаас эхлэн бэлэгшээж "Хүүхний хөтөл" гэж нэрлэх болсон домогтой аж.

"Уламжлалт байгаль хамгаалах арга ухаан" номоос