images

"Хөөрхөн Бурмаа"


     Хөгжмийн зохиолч, урлаг судлаач Р.Энхбазарын Монголын радиод ажиллаж байх үед нь сэтгүүлч Лувсандорж нэгэн дууг захиалжээ. Тэр хоёр ажил амьдралын шугамаар анд нөхөр явсан цаг аж. Найз Лувсандоржийн эхнэр нь Эвлэлийн төв хорооны буфетэнд ажилладаг байж гэнэ. Нэг өдөр тэрээр “Би нэг ийм хэдэн мөрт бичлээ” гэсээр “Хөөрхөн Бурмаа” дууны шүлгийг бариад Р.Энхбазар дээр очжээ. Тэгээд “Ханийнхаа сэтгэлийг засах гэсэн юм аа. Урвайчихаад хэцүү байна аа” гэж хандаж гуйжээ. Тэрнээс хэд хоногийн дараа хүсэлтийг  ёсоор болгож аяа зохиочихоод Лувсандорж руу утасттал “Өвгөн чинь Оргил рашаан сувилалд байна. Бас өнөөдөр Налайх явах ажил байна. Маргааш очиж сонсьё” гэжээ. Тухайн үед бөхийн Цэрэнтогтох аварга зэрэг хүмүүс Налайхад явж байгаад том осол гаргасан юм. Харамсалтай нь тэр ослоор уг дууг хамтран зохиосон найз Лувсандорж нь захиалсан дуугаа сонсож чадаагүй тэнгэрийн оронд одсоныг хөгжмийн зохиолч Р.Энхбазар сүүлд хэвлэлд ярилцлага өгөхдөө дурсжээ. Одоо хүүхдүүд нь “Аавын минь ээжид зориулж захиалсан дуу гэж их баярладаг. Баярлах бүрд нь Хүний сэтгэлд гэгээ татуулсан сайхан юм хийгээд өгчээ гэсэн бодол төрдөг” гэжээ. Тэгээд дуугаа радиогоор бичүүлж явуулахдаа эхнэр хүүхдэд нь талийгаачийн сэтгэлийн үгийг дамжуулж байжээ.