images

“Хүн хүндээ хайртай явъя”


     Монгол улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Сийлэгмаагийн дуулсан “Хүн хүндээ хайртай явъя” дуу 1989 онд бүтжээ. Тухайн оны сүүлээр хөгжмийн зохиолч Ё.Сүхбаатар багш “Амьдрал аа, би чамд хайртай”, “Хүн хүндээ хайртай явъя” гэдэг хоёр дуу хийгээд дуучин Б.Сийлэгмааг дуудаж “Чи алиныг нь дуулах вэ?” хэмээн асуужээ. Тэгэхэд нь дуучин ““Хүн хүндээ хайртай явъя” нь надад илүү зохих юм байна” гээд дуулахаар болсон байна. Тэгэхэд Ё.Сүхбаатар багш “Уг нь хоёулаа зохино. Гэхдээ би “Амьдрал аа, би чамд хайртай”-г Э.Бүрнээбаярт өгөх гэж байгаа юм. Харин чи энэ дууг нь дуул. Би өөрийнхөө нүдэндээ харж, сэтгэлдээ бодож байж бичсэн дууныхаа эзнийг олчих шиг боллоо” гээд их баярласан гэдэг. Дуучин Б.Сийлэгмаа энэ дуунд 2008 онд шинэ найруулга хийлгэж, 2009 онд клиптэй болгожээ. Тэрбээр дууныхаа клипийг богино хэмжээний кино мэт хийхийг хүсдэг хэмээн ярьж байсан бөгөөд энэ дууны клипээр хүн хүнээ хайрлахын учрыг хүүхдээр төлөөлүүлэн илэрхийлжээ. Дууны клип дээр хүүхдээ авхуулах гэж буй залуу хосууд болон хүүхэдтэй болох боломжгүй гэр бүлийн амьдралыг харуулдаг билээ.