images

“Хархорин”


Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав 2007 оны долоодугаар сард Вашингтон Ди Си хотод монголчуудтай хийсэн уулзалтаараа өөрийн зохиосон “Хархорин” дуурийн талаар ингэж ярьжээ.

     “Хархорины тухай дуурь хийе гэж Пүрэвдорж зохиолчтой анх ярьснаас хойш арав гаруй жил болсон юм даг. Пүрэвдорж өөрөө Бээжинд хэдэн жил суусан, басхүү 1990 оноос хойш театр өртөг мөнгөгүй нэг хэсэг болсон. Тэгж байтал манайхан түүхэн хаадаа ч их ярьж эхэллээ, Хархориныг нийслэл болгох ч яриа олны дунд дэгдэв. Тэр л үед Пүрэвдоржтойгоо ярьж байсан дууриа сэргээх сайхан боломж мэт санагдаж байлаа. Гэтэл дууриа хийе гэтэл хөрөнгө мөнгө байдаггүй. Тэгсэн, "АПУ"-гийн захирал байсан Отгонбаатар гэж хүү ивээн тэтгэхээр болдог юм байна. Отгонбаатарын аав нь манай театрт морин хуурч, удирдаач Санжмятав гэж хүн байсан юм. Ээж нь Сэржмядаг гэж шанзчин, бас хөгжмийн сургуульд багшилж байсан хүн. Отгонбаатар бидэнтэй танилцаж, аав ээжийнхээ дурсгалд зориулж 45 сая төгрөгөөр энэ дуурийг бүрэн ивээн тэтгэсэн юм. Театраас нэг ч төгрөг гараагүй. Уг дуурь бол их ярвигтай. Хархорины Мөнгөн модыг барихад Франц, Монгол, Орос, Хятад дархчуул шөргөөцөлдөж байгаа явдал. Тэгэхээр Франц хүн дуулахад Франц маягтай, лалынхан гарахаараа лалын маягтай дуулж байх ёстой. Христ, Лал бүхий л шашныхан тэр үед Хархоринд цугласан байсан. Дээр нь Карпини болон Бушьен, Кузьмин зэрэг дархчуул дүрээрээ гарна. Энэ бүгд дээр бас хайр сэтгэл нэмж өгнө гээд хөгжмийн талаасаа нэлээд хүнд ажил болсон. Баярламаар сайхан юм нь юу болов гэхээр 2006 онд дэлхийн Монголч эрдэмтдийн хурлын төлөөлөгчид Хархоринд очиход тэнд ил задгай тоглож байлаа. Тэр нь ч гадаа тоглож байгаагаараа бараг анхных болсон юм” гэжээ.

Эх сурвалж: baabar.mn